Агаарын бохирдлоос хувь хүн өөрийгөө хэрхэн хамгаалах вэ

Т.Маралмаа


Хятад жилд нэг сая хүн агаарын бохирдлоор нас бардаг нь Монголын нийт хүн амын 1/3 –ээс их хэмжээ

Улирлын шинжтэй сэдэв гэгдэх утаа, агаарын бохирдол зөвхөн монголчуудын бус дэлхийн олон улсын хувьд шийдэх гарц хайж буй гол тулгамдаж буй асуудлуудын нэг болоод байна. Австралийн Сидней хотод гэхэд энэ долоо хоногт озоны хийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тул түгшүүрийн дохио зарлаад байгаа бол Парист 2016 оны сүүлээр агаарын бохирдол олон жилийн дунджаас хамгийн дээд цэгтээ хүрч, олон улсыг агаарын бохирдолтоороо тэргүүлж буй Хятад улс иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс сургуулиудыг амрааж, үйлдвэрүүдийг хаах шийдвэрт хүрээд байна.

Есөн хүн тутмын нэг нь агаарын бохирдлоос болж нас барж байна

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Уур амьсгал, цэвэр агаарын сангийн хамтарсан BreathLife кампанит аяны үеэр гаргасан судалгаагаар есөн хүн тутмын нэг нь агаарын бохирдлоос болж нас барж буйг тогтоожээ. Уг аяны хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, тэр дундаа агаарын бохирдолт хүний эрүүл мэнд, нас баралтад хэрхэн нөлөөлж буйг тогтоосон байна. Ингэхэд БНХАУ-д жил бүр нэг сая хүн, АНУ-д 38 мянган хүн жил бүр агаарын бохирдолтоос шалтгаалсан өвчлөлөөр нас барж буйг тогтоосон байна. Жилд нэг сая хүн нас барж байна гэдэг Монголын хүн амтай харьцуулахад нийт хүн амын гурав хуваасны нэгээс их тоо. Тиймээс манайх шиг цөөн хүн амтай улсын хувьд агаарын бохирдол гэдэг хүн амыг чимээгүй үхэлд хүргэх аймшигт тахал гэж нэрлэхэд хүргэж байна. Зөвхөн нэг улиралд, өвөл л гэнэт утаатайгаа санаж хэн хүнгүй яриад мартдаг сэдэв яавч биш гэдгийг дээрх тоо ч, иргэдийн өнөөгийн амьдарч буй нөхцөл байдал, нялхсын эндэгдэл, өвчлөл гэх зэрэг олон хүчин зүйлс тодхон харуулсаар буй.

Дэлхий дээрх нийт хүн амын 90 хувь нь агаарын бохирдлын зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн агаараар амьсгалан амьдарч буй гэсэн судалгаа нь хүн төрөлхтөн хэр цэвэр агаараар амьсгалж буйг илтгэнэ.

Утаа болоод агаарын бохирдлын талаар, түүний хор уршгийн тухай амтай болгон бичиж, ярьж суугаа учир түүнээс хэрхэн хамгаалах тухай хөндье. Утаагүй зуух, шөнийн тарифыг үнэгүй болгох, автомашиныг тэгш сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулах гээд төрөөс хийж буй ажлуудыг оролцуулахгүйгээр хувь хүн өөрийгөө хэрхэн хамгаалах боломж байна вэ?

Өөрийгөө аль болох цэвэр агаараар хүрээлүүл

Саутамптоны Их сургуулийн харшил, генетик судлалын хүрээлэнгийн профессор Жон Холловэй агаар судлал, агаарын бохирдлоор олон жилийн турш судалгаа хийж буй нэгэн аж. Тэрээр “Орчин үед хүссэн газрынхаа агаарын индекс, чанарын үзүүлэлтийг мэдэх боломжтой болсон. Тиймээс хүмүүс агаарын чанарыг хянан, хэзээ ямар үйл хөдлөл хийхээ мэддэг байх хэрэгтэй” хэмээн BBC агентлагт ярьжээ.

Агаар бохирдолтой байх үед таны эрүүл мэндийнхээ төлөө хийж чадах хамгийн шилдэг алхам бол үнэндээ гадагш гаралгүй дотор байж, өөрийн байгаа барилга доторхи агаарыг цэвэршүүлэх явдал юм. “Бид хүмүүсийг гадагш гаралгүй, цонхоо хааж, агаар цэвэршүүлэгч, кондишн ашиглан, өрөөгөө чийгшүүлэхийг зөвлөж байна” хэмээн профессор өгүүлсэн байна.

Түүний санал болгосон зөвлөгөөнүүдийн нэгийг Хятад улс өнгөрсөн долоо хоногоос хэрэгжүүлж эхэлсэн байна. Хятадын улсын хэвлэлүүд Бээжингийн эрх баригчид агаарт орших аюулт хорт хийг багасган цэвэршүүлэгч стандарт бүхий агаар цэвэршүүлэх системийг шинээр баригдсан сургуулиудад суурилуулж эхлээд байгаа аж. Ингэснээр сургуулийн гаднах болон доторхи агаарын бохирдлыг цэвэршүүлж, хорт утаа, харшил үүсгэгч, халдвар үүсгэгч химийн элемент, тоос шороог багасгах гэнэ. Энэхүү шинэ системийг тавьсан хэсгүүдээр агаарын бохирдол 50 хувь хүртэлх хэмжээгээр багассан тухай албаныхан мэдээлжээ.

Утааны эсрэг маскийг зөв сонго

Эрдэмтэд  агаарын чанарын үзүүлэлт муу байх үед гадагш гарахгүй байж, цонхоо хаахыг зөвлөж байна. Гэхдээ ажил сургуульдаа явах гэх зэрэг өдөр тутамд гарахаас өөр арга зам үгүй. Тиймээс энэ тохиодолд утааны эсрэг зориулалтын маск зүүх шаардлагатай. Агаарын бохирдоос хамгаалахын тулд утааны эсрэг маскийг иргэд түгээмэл хэрэглэх болсон. Гэвч та эрүүл мэнддээ хор хөнөөлгүй, зөв маск зүүж байгаадаа итгэлтэй байна уу? Зарим маскнууд зөвхөн тоос шорооноос л хамгаалах зориулалттай бүтээгдсэн байдаг. Ялангуяа цаасан, даавуун маскнууд таны уушгийг хорт утаанаас хамгаалж огт чадахгүй. Харин утаанаас хамгаалахыг хүсч байгаа бол эмч, судлаачдын зөвлөж, өөрсдөө хэрэглэдэг N-95 эсвэл P-100 гэх маскийг хэрэглэхийг зөвлөж байна.

Гэрээ цэвэрлэ

Агаарын бохирдол зөвхөн гадаа байдаг гэвэл маш том эндүүрэл. Үүний тулд гэрээ ч мөн цэвэрлэж, цэвэр цэмцгэр байх шаардлагатай. Гэхдээ тоос сорогч ажиллуулж, хог шүүрдэхээс илүүтэйгээр нойтон, чийгтэй цэвэрлэгээг чухалчлаарай. The EPA байгууллагаас HEPA филтертэй тоос сорогч ашиглахыг зөвлөсөн байна. Учир нь тоос сорогч нь өөрөөсөө их хэмжээний, нарийн тоос шороо ялгаруулдаг учраас хүний эрүүл мэндэд төдийлөн сайн нөлөө үзүүлдэггүй аж. Тиймээс та дээрх нарийн шүүлтүүр бүхий тоос сорогчийг сонгох хэрэгтэй гэнэ. Профессор Холловэй агаар бохирдолтой үед чийгтэй цэвэрлэгээ хийсэн, аль болох цөөн цонхтой өрөөнд цонхоо онгойлголгүй, агаар чийгшүүлэгч хэрэглэхийг зөвлөж байна.

Өөрийгөө ч мөн “цэвэрлэ”

Агаарын үзүүлэлт хэт муу үед зөвхөн гэрийн гадна бус гэр, ажил доторхи агаар ч мөн муу байдаг учраас гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хийж, агаар чийгшүүлэгч хэрэглэж байхыг дээр зөвлөсөн. Тэгвэл гэрээ ийнхүү цэвэрлэсний дараа өөрөө ч мөн ванн, шүршүүрт орох зэргээр биенд наалдсан тоос шорооноос ангижирч байхыг зөвлөжээ. Уншихад мэдээжийн зүйл мэт санагдаж болох ч хүн бүр үүнийг дадал болгосон уу гэвэл үгүй байх.

Дээрхээс гадна нэг чухал зүйл бол хүмүүс агаарын чанар муу байх үед гадаа удаан хугацаагаар явган алхах, биеийн тамирын дасгал хийн, гүйх, паркаар зугаалах зэрэг үйлдлийг хийсээр байдаг алдаа юм. Агаарын бохирдолтой үед та хичнээн эрүүл мэндийнхээ төлөө гүйж, алхсан ч энэ нь эрүүл мэндээ тэтгэх бус, харин ч хэд дахин илүү хор хөнөөлтэй гэдгийг салбарын мэргэжилтнүүд сануулжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэрхэн бууруулах вэ. Гол гарц нь таны бодлоор юу вэ?
Санал өгөх Үр дүн харах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)