Монголбанкны Хяналтын зөвлөлийг шинээр томиллоо

Ч.Хүрлээ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ хүрээнд Монголбанкны Хяналтын зөвлөлийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Учир нь өмнөх Хяналтын зөвлөлийн үүрэгт хугацаа дууссан учир дээрх асуудлыг ийн хэлэлцэж байгаа юм. Харин шинээр бий болж байгаа Хяналтын зөвлөлийнхөнд хандан хариуцлагатай ажиллахыг УИХ-ын зарим гишүүн захисан юм.

Ц.Даваасүрэн: -Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Золжаргал ажиллаж байсан. Маш хариуцлагагүй, дураараа ажилласан хүн. Одоо тэр хүн хаана байгаа юм бэ. Өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаанд энэ хүнийг огцруулах асуудлыг хоёр ч удаа тавьж байсан. Тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд хамгаалаад үлдэж байсан.

Ц.Нямдорж: -Хяналтын зөвлөл хариуцлагатай ажиллах ёстой. Н.Золжаргалд зориулж гурван жилийн би хэлж байсан. Ах чинь авдар олсон, одоо чи хоосолно доо гэж. Одоо яг л хэлснээр болсон байна. Монголбанкны одоогийн Ерөнхийлөгч их хашир хүн болохоор хууль дүрмийн дагуу ажиллах болов уу гэж горьдож байна.

Б.Жавхлан: -Хяналтын зөвлөлийн гишүүнээр томилогдох гэж байгаа Л.Ариунаа өнгөрсөн сонгуулиар МАХН-аас нэр дэвшиж байсан. Одоо өрсөлдөгч нам чинь олонхи болчихлоо. Намчирхсан байдлаар ажиллахгүй гэж найдаж байна.

Гишүүд ийн үг хэлсний дараа, санал хураалт болж, Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг, гишүүдээр нь Л.Ариунаа, Л.Дондог, Б.Лхагважав, Б.Цэрэнбалтав, Ч.Чимэдсүрэн, М.Энх-Амгалан нарыг томиллоо. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ