Өрхийн эмнэлгийн эмч нар хүүхдүүдэд гэрээр үзлэг хийж байна

Г.Даша


Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний өвчлөл их байгаатай холбогдуулан шаталсан арга хэмжээг авч ажиллаж байгаа билээ. Ялангуяа энэ өвчнөөр бага насны хүүхдүүд өвчлөх нь их байгаатай холбоотойгоор дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн тасаг ачааллаа дийлэхгүйд хүрээд буй. Энэ удаад бид өрхийн эрүүл мэндийн төв дээр ачаалал ямар байгааг сурвалжиллаа.

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь эхэд байрлах “Анд сайхан” өрхийн эрүүл мэндийн төв дээр өчигдөр 13.00 цагийн үед очиход хүүхдээ үзүүлэхээр дугаарласан эцэг, эхчүүд олон байлаа.

“Өчигдөр шөнөөс эхлэн халуурсан. Эм өгөөд ч халуун нь буудаггүй” хэмээн учирлах ээж хүүгээ тэвэрсээр эмчийн өрөөнд орж ирсэн юм. Мөн томуу томуу төст өвчнөөр өвчлөн эмчид хандаж буй насанд хүрэгчид ч цөөнгүй байсан юм. Тус төвийн эмч нарын хэлж буйгаар үдээс өмнө ачаалал ихтэй байдаг бөгөөд үдээс хойш багасдаг гэнэ. Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажилаж байгаа болохоор 19.00 цаг хүртэл хүний хөл тасардаггүй талаар ч тэд ярьж байв.

“Анд сайхан” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Ц.Баасанхүүтэй ярилцлаа.

-Өрхийн эмнэлгийн ачаалал хэр байна?

-Манай өрхийн эрүүл мэндийн төв нийт 10 эмчтэй. Үүний зургаан эмч нь дотор сууж, ажилладаг бол дөрвөн эмч нь дуудлагаар явж, 0-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүд болон эрсдэлт бүлгийн иргэдэд гэрээр үзлэг хийдэг. Өдөрт нэг эмч дээр 30-50 хүн үзүүлж байна. Долоо хоногийн эхний өдрүүдэд ачаалал ихтэй байдаг. 14 хоногийн өмнөөс эхлэн нэмэлтээр хоёр резидент эмч ажиллаж байна. 

-Хэзээнээс уртасгасан цагаар ажиллаж байгаа вэ?

-Томуугийн өвчлөл ихэссэнтэй холбоотойгоор 2016 оны арваннэгдгээр сарын 1-нээс эхлээд уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн. Ажлын өдрүүдэд өглөө 08.30 цагаас 19.00 цаг хүртэл амралтын өдөр буюу бямба гарагт 10.00-16.00 цагийн хооронд ажиллаж байна.

-Танай хороонд 0-5 насны хэчнээн хүүхэд байдаг вэ?

-Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-ний тооллогоор 0-5 насны 1925 хүүхэд тоологдсон байсан. Үүн дээр шилжилт хөдөлгөөнтэй түр оршин суудаг хүүхдүүд бий. Тэднийг оруулаад тоолбол 2500 хүрдэг.

-Бага насны хүүхдийн дуудлага хэр их байна вэ?

-Хүйтний улирал эхлэн томуугийн дэгдэлт эхэлснээс хойш өдөрт нэг эмч дээр бага насны хүүхдийн 4-5 дуудлага ирж байгаа. Энэ жилийн томуу томуу төст өвчин нь ханиалган, хоёр өдөр дараалал халуурч, хурдан хугацаанд хүндрэх шинж тэмдэг давамгайлан илэрч байгаа болохоор бид цаг алдалгүй шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа. Аль болох бага насны хүүхдийг өрхийн эрүүл мэндийн төв дээрээ авчрахгүйгээр цаг алдалгүй гэрээр үзлэг хийн, хяналт тавьж ажиллаж байгаа.

-Энэ бүс бол гэр хорооллын утаа ихтэй бүс. Тэр ч утгаараа бага насны хүүхдийн өвчлөл их байна уу?

-Өглөө, оройд амьсгалах аргагүй, хоолой гашуун оргин, утаа үнэртдэг. Өдрийн цагаар арай гайгүй. Агаарын бохирдол ихтэй ийм орчинд байгаа бага насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл их байдаг. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)