Эрин зууны тэртээх “Гүүрэн дээрх хүүхнүүд”

Ардын эрх


Норвеги дахь Э.Мүнкийн уран зургийн музей

Эдвард Мүнк Монголд “хашгирна”

Норвегийн алдарт зураач Эдвард Мүнкийн үзэсгэлэн Монголд дэлгэгдэх сураг гарсаар хоёр жилийн нүүр үзэж байна. 2015 оны эхээр энэ тухай ярьж эхэлсэн юм. Тухайн үед нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Европт айлчлах үеэрээ энэ талаар ярьж, холбогдох хүмүүстэй уулзаж байв. Мөн Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн 2015 оны есдүгээр сард Норвеги, Шведэд айлчлал хийх үеэрээ энэ талаар тодорхой яриа хэлэлцээ хийсэн юм. Тухайлбал, тэрээр Норвеги улсын Урлаг, архитектур, дизайны музейн удирдлагатай уулзаж, Э.Мүнкийн үзэсгэлэнг Монголд гаргах талаар санал солилцож байв. Юутай ч Э.Мүнкийн үзэсгэлэн ирэх 2018 онд Монголд дэлгэгдэж магадгүй байгаа ажээ. 

Өнгөрсөн зуунд Германд үүсч дэлгэрсэн экспрессионист урсгалын содон төлөөлөгчийн нэг хэмээн зүй ёсоор тооцогддог Эдвард Мүнк алдартай зураач төдийгүй модон барын сийлбэрч хүн байв. Тэрээр хүн төрөлхтний дүрслэх урлагийн сан хөмрөгт 1100 уран зураг, 4500 хар зураг, 18000 барласан хэв үлдээсэн юм. Эдвард Мүнкийн уран зургуудаас “Хашгираан” зураг нь хамгийн алдартай. Уг зураг дөрвөн эх хувилбартай бөгөөд Петтэр Олсен хэмээх норвеги хүний  мэдэлд байсан хувилбар нь 2012 оны тавдугаар сард “Sotheby’s”-ийн дуудлага худалдаагаар 119.9 сая ам доллараар зарагдан Пабло Пикассогийн зураг 106.5 сая ам доллараар зарагдсан дээд амжилтыг эвдэж байв. Ингээд Э.Мүнкийн өөр нэгэн алдартай бүтээл болох “Гүүрэн дээрх хүүхнүүд” зургийн талаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ө.Рагчаасүрэнгийн бичсэн нийтлэлийг хүргэж байна. 

Найруулагч Петер Ваткинсийн бүтээл Гейр Ветсбийн тоглосон "Эдвард Мүнк" киноны хэсэг. 1974 он

Нью-Йорк хот. 2012 оны зун. Уран зургийн “Сотби” дуудлага худалдааны танхим хөл гишгэх зайгүй  үзэгчид дүүрч, зөгийн үүр шиг дүнгэнэж байв. Манай дэлхийн шилмэл уран зургуудыг үнэ хаялцуулан худалддаг хамгийн нэр хүндтэй том газар энэ билээ. Хөтлөгч дээд үнийг чангаар зарлангуутаа хонхоо цохилоо. Зураг шинэ эзэндээ очиж байна. Норвегийн алдарт зураач Эдвард Мүнкийн “Гүүрэн дээрх хүүхнүүд” зураг 90 сая доллараар зарагдах нь энэ. Одоо зургаа үзэцгээе. Бидний өмнө дөрвөн хүүхэн гүүрний хашлага түшин зогсоно. Шөнийн харанхуйд гудамжны мод, голын усанд туссан түүний сүүдэр, байшингийн дээвэр тас хар өнгөтэй. Тэнгэрт  сар дүүрэн гэрэлтэх тул эргэн тойрон тодхон  үзэгдэнэ. Гэвч түнэр харанхуй шөнө тосгоныг нөмөрчээ. Ийм бараан шөнөөр  хүүхнүүд л бидэнд өнгө гэрэл нэмж, сэтгэл дулаацуулах нь юутай завшаан. Бүсгүйчүүдийн улаан, хөх, цагаан өмсгөл онцгой содон тодрох нь бүр ч үзэсгэлэнтэй. Гүүрэн дээр зогсох хүүхнүүд бидний шохоорхлыг битүүхэн төрүүлнэ. Алтан шаргал үснээс нь малгайн өнгө үл ялгарна. Энэ дөрвийг харах тусам асуулт ар араасаа ундарна. Сартай шөнөөр дөрвөн бүсгүй болзоот харчуудаа хүлээж байгаа юм болов уу? Наад талынх нь хүүхэн ганцаархнаа бидэн рүү эргэн харсан нь учиртай. Тэр хаашаа юу харав? Хүүхнүүд эндээ хэр удах юм бол? Аль эсвэл одоохон гүүрээр цаашаа явцгаах уу? Эд нар юун тухай шивэр авир хөөрөлдөнө вэ? Эрчүүд нь хаана байна  вэ? Энэ шөнийн гүн харанхуй шиг хар бараан юмс амьдралд бишгүй тохиолддог хэдий ч хайртай дотно хүмүүсээ хүлээж бие биедээ ханьсах энэ бүсгүйчүүд үзэгчид бидэнд илч гэгээ бэлэглэж байгаа биш гэж үү?  

Энэ зургийг үзэгчдэд дэлгэн харуулахдаа нэгэн өвөрмөц туршилт хийсэн тухай сонирхоцгооё. Үзэсгэлэнгийн танхим дахь “Гүүрэн дээрх хүүхнүүд” зургийн хажуугийн ширээн дээр нөүтбүүк тавьсан харагдана. Дэлгэцэн дээр нь шөнийн 01 цаг, 01 цаг хагас, 02 цаг, 03 цаг болж байгааг заасан тэмдгүүдийг дараалан тавьжээ. Үзэгчид ээлжлэн компьютер руу очиж өөрийнхөө хүссэн цаг дээрээ тохируулахад зурган дээрх шөнийн саран тэр чиглэлд нь даган хөдөлнө. Шөнө дундын 03 цаг болж байгааг заахад сар аажуухан явсаар том бараан модны цаагуур далд орчих нь тэр. Сар далдарсан танхимыг шөнийн бараан харанхуй нөмрөн авав. Хүмүүс шуугилдан үймэлдэв. “Гүүрэн дээрх хүүхнүүд” зургийг одон орончдын тусламжтайгаар үзэгчдэд ингэж толилуулсан нь их л дуулиан болжээ. 

Энэ номд зураач Э.Мүнкийн уран бүтээлийн тухай бичсэн бүлэг бий. “Гүүрэн дээрх хүүхнүүд” тэнд та бүхнийг хүлээнэ. Энэхүү том зохиолч Пер Петтерсенийг 1990-ээд оны дундуур Монголд ирэхэд нь манайхан таньж мэдэлгүй буцаасан гэдэг. Ганцхан хүн уулзсан нь зураач Гэндэнжамцын Эрдэнэтөгс юм. Зохиолч жуулчлалын шугамаар өмнийн говьд очиж Гурван сайхан уулын Ёлын амыг үзэж яваад зураач залуугийн зурагнаас худалдаж авахдаа түүнтэй цухасхан хөөрөлджээ.

Зураач Эдвард Мүнк энэ зургаа 1905 онд зуржээ. Тэрээр “Гүүрэн дээрх хүүхнүүд” зургаа дөрвөн янзаар зурсан гэдэг. Эхнийхэд нь гүүрэн дээр гурван хүүхэн цаашаа харж, цагаан хувцастай нэг нь наашаа харсан байдалтай бий. Хоёр дахь зурган дээр хүүхнүүд дөрвүүлээ гүүрний голоор эргэж харалгүй цаашаа явж байгаагаар зуржээ. Дараагийнхад нь цэнхэр хувцастай хүүхэн наашаа харснаар, дөрөв дэх зурган дээр нь хүүхнүүд бүгд наашаа харж байгаагаар зурсан байна. Зураач Э.Мүнк 1863-1944 онд амьдарч бүтээж байв. Тэрээр экспрессионизмын гол төлөөлөгчийн нэг. Хожмоо түүний уран бүтээл нь модерн шинжийг агуулдаг болжээ. Зураач Парист 1885 онд гарсан импрессионист зураачдын сүүлчийн гэгддэг найм дахь үзэсгэлэнг үзсэн нь ховор боломж байв. Энэ үзэсгэлэн их дуулиан шуугиан авчирч зарим хүмүүс үзэсгэлэнг хаалгахаар өдөөн хатгасан байна. Э.Мүнкийн 1893 онд  зурсан “Хашгираан” зураг нь олон нийтэд тэсрэлт авчирсан юм. Зурган дээр хүнд тохиолдсон айдас хүйдэс нь олон өнгөтэй долгион болон солонгорч гадагшаа цацагдаж буйг дүрсэлжээ. Уг бүтээл төрснөөр зөвхөн экспрессионизмын төдийгүй орчин үеийн бүхий л сэтгэгдлийн урлагийг бүтээгчдийн бэлгэ тэмдэг болсон гэж үздэг. “Хашгираан” эх зураг дөрвөн ширхэг байдаг. Нэгийг нь хувийн цуглуулагч авсан. Хоёр дахь нь Осло хотын үндэсний музейд, нөгөө хоёр нь Мүнкийн зургийн музейд бий. “Хашгираан” зургийг ихэнх үзэгч мэдэх учраас бид өнөөдөр “Гүүрэн дээрх хүүхнүүд”-тэй илүү дэлгэрэнгүй танилцаж байна. Энэ зургийг судлаачид цагаан шөнийн уянга хэмээн зүйрлэсэн нь ч бий. 

Зураач Эдвард Мүнк “Хотоор зугаалах нь надад урлан дотуураа алхах шиг л санагддаг. Будгийн үнэрээс ундардаг сэтгэл хөдлөл, урам зориг, баяр гуниг бүгд адилхан гадаа гудамжинд надад тохиолддог” гэж хэлсэн байдаг. Зураач бүтээл болгоноо таван хувь хийдэг байсан нь сонин. Түүний дүрслэлийн үндсэн сэдэв нь амьдрал, хайр дурлал, бүсгүйчүүд зонхилдог. Э.Мүнк зургууддаа хүний итгэл найдвар болон цөхрөл гутралыг сөргөлдүүлэн тавьснаараа олон түмнийг ухаарал гэгээрэлд уриалан дуудсан гавъяатай. Эдвард Мүнкийн дөрвөн хүүхэн гүүрэн дээр гарснаас хойш 107 жилийн дараа хүүхнүүд дахин гүүрэн дээр цуглав. Лондон хотын “Мянганы гүүр”-эн дээр 2012 оны Мартын наймны өдөр их олон хүүхэн ирсний дотор Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блейрийн гэргий байлцсан юм. Бидний зураг дээр харж буй дөрвөн хүүхэн хайр дурлалынхаа төлөө гүүр рүү ирцгээсэн бол эдгээр хүүхнүүд харин өөрсдийн эрхийн төлөө тэмцэлд гүүрэн дээр нэгджээ. Орчин үеийн хүүхнүүд улс орныхоо төрийн эрхийг барилцахад одоогийнхоос илүү олноор оролцохыг хүсч байна. Швед хүүхнүүд тэдэнд үлгэр жишээ болжээ. Скандинавын хойгийн энэ оронд хууль тогтоогчдын бараг тэн хагас нь хүүхнүүд байгаад бусад нь атаарсан хэрэг. Уран зургийн яриа улс төр рүү халтирах нь энэ.  

Осло хот дахь зураач Э.Мүнкийн уран зургийн галерейд 2004 онд зэвсэгтэй дээрэмчид дайрч ороод “Хашгираан”, “Хатагтай” зургуудыг хулгайлан авч одсон нь бөөн дуулиан тарьж байлаа. Хулгайчид зургийг жаазнаас нь салгаад хуйлж авч явжээ. Зурагнаас жаазыг нь салган галерейн хашаан дахь цэцэрлэгт хаясныг олсон байна. Хулгайчдын араас уйгагүй мөрдсөний үрээр уг зургуудыг 2006 онд олж илрүүлэн гурван дээрэмчнийг шоронд илгээсэн. Зураг хулгайчдын гарт хоёр жил гаруй байхдаа чийг авч урагдсан байв. Уран зурагт хайргүй бүдүүлэг хүмүүсийн балгаар сүйрч мөхөхийн аюулд өртсөн бүтээлүүдийг дадлагатай чадварлаг сэргээн засварлагчдын гарт даатгаж өгөөд үзэгчид араас нь залбирчээ. Гайхамшигтай сайхан сэтгэлтэй энэ мэргэжилтнүүдийн ачаар хоёр бүтээл бүрэн эдгэн хуучин янзандаа орж  эргэж ирэв. Сэргээн засварлагчдад үзэгчид баяр хүргэв. Харин хэтэрхий их гэмтсэн байсан тул “Хашгираан” зургийн зүүн доод буланд үл мэдэгхэн жижиг толбо үлдсэн байна. Сэргээн засварлагчид нь түүнийг шинжлэх ухаан улам хөгжих ирээдүй хойчийн мэргэжил нэгтнүүдээ үлдээсэн хувь хэмээн наргиа болгожээ. Ослогийн дээрмээс хойш зураач Э.Мүнкийн зургуудын үнэ тэнгэрт гарах нь тэр ээ. Зураач халуун эх оронч хүн байв. Тэрээр Норвеги улс 1905 онд Шведийн эрх мэдлээс гарч тусгаар тогтнолоо зарласан тухай нийтэлсэн сонины  дугаарыг насан турш хадгалж явсан нь үүний бэлээхэн нэгэн жишээ. Дэлхийн хоёрдугаар дайнд немцүүд Норвегийг эзлээд эзлэгдсэн орнуудын урлагийн зөвлөлд орж ажиллахыг зураачид тулгасан гэдэг. Харин зураач татгалзжээ. 

Норвегийн орчин цагийн нэрт зохиолч Пер Петтерсений “Бариа ойрхон” номыг олж уншихыг хичээгээрэй. Энэ номд зураач Э.Мүнкийн уран бүтээлийн тухай бичсэн бүлэг бий. “Гүүрэн дээрх хүүхнүүд” тэнд та бүхнийг хүлээнэ. Энэхүү том зохиолч Пер Петтерсенийг 1990-ээд оны дундуур Монголд ирэхэд нь манайхан таньж мэдэлгүй буцаасан гэдэг. Ганцхан хүн уулзсан нь зураач Гэндэнжамцын Эрдэнэтөгс юм. Зохиолч жуулчлалын шугамаар өмнийн говьд очиж Гурван сайхан уулын Ёлын амыг үзэж яваад зураач залуугийн зурагнаас худалдаж авахдаа түүнтэй цухасхан хөөрөлджээ. Энэ яриан дунд тэрээр өөрийнхөө нутаг нэгт их зураач Э.Мүнкийг Монголын үзэгчдэд танилцуулах хүсэлтээ дурссан гэдэг. Зохиолчийн бэлэглэсэн Э.Мүнкийн зургийн жижигхэн цомгоос зураач Г.Эрдэнэтөгс “Гүүрэн дээрх хүүхнүүд” -тэй анхлан танилцжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Songodog ih uran zuragiig zaluust taniulmaar b.a. Tanai redakts ene ajiliig hiij baigaag unelie

    0 0 Хариу бичих