“Алтан өд”-ийн 15 дахь улирал

Eagle.mn


Монголын зохиолчдыг нэгтгэсэн хамгийн том байгууллага болох Монголын Зохиолчдын Эвлэл (МЗЭ) энэ долоо хоногт 88 жилийн ойгоо тэмдэглэж байна. МЗЭ 2001 оноос хойш 15 жилийн турш уран зохиолын салбарын шилдэгүүдийг тодруулдаг “Алтан өд” наадмыг санаачлан зохион байгуулж байгаа. МЗЭ уран зохиолын үндсэн төрлүүдээр тус тусын үндэсний төвтэй, тухай үндэсний төвүүд дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг. Жишээлбэл, орчуулгын үндэсний төвийг орчуулагч Ж.Нэргүй, яруу найргийн үндэсний төвийг Б.Галсансүх, Б.Ичинхорлоо нар удирддаг аж. Эдгээр үндэсний төвүүдийн сонгон шалгаруулснаар “Алтан өд” шагнал эзэндээ очдог. Энэ жилийн хувьд “Алтан өд” уран зохиолын найман төрлийн бүтээлд очлоо.

Залуус үгүйлэгдэж  буй төрөл

Энэ жилийн “Алтан өд” наадмын өрсөлдөөн сул номинациудын нэг нь “Хүүхдийн уран зохиол” байлаа. Энэ салбараас энэ жил Төрийн соёрхолтон төрсөн. Ер нь манай үндэсний хүүхдийн зохиол сүүлийн үед сулраад байгаагийн шалтгаан нь залуус энэ төрлөөр бичихгүй байгаатай холбоотой. Тийм ч учраас хүүхдийн зохиол, номын зах зээлд орчуулгын бүтээлүүд зонхилж байгаа нь нууц биш. Энэ жил хүүхдийн зохиолын төрөлд 10 гаруй бүтээл ирснээс, Т.Нямдэндэвийн “Тэмүүжин хүү”, Ш.Энхбаярын “Болжмор”, “Шоовдор” гэсэн номуудыг Хүүхдийн зохиолын үндэсний зөвлөлөөс нэр дэвшин өрсөлдүүлснээс зохиолч Ш.Энхбаярын бүтээл шалгарчээ. Энэ жилийн бүтээлүүдийг 10 жилийн багш нарт уншуулж, шалгаруулалтандаа харгалзан үзсэн байна. 

МЗЭ-ийн Хүүхдийн зохиолын үндэсний зөвлөлийн дарга О.Сундуй “Алтан өд” хүртсэн бүтээлийн талаар ийн өгүүлж байна: 

МЗЭ –ийн шагналт зохиолч Шаравын Энхбаярын “Болжмор”,”Шоовдор” өгүүллэгийн номууд шалгарч шилдэг бүтээлийн “Алтан өд” шагнал хүртлээ. “Болжмор” номд орсон өгүүллэгүүд нь бага насны хүүхдэд байгаль, амьтныг хайрлах сэтгэлийг төлөвшүүлэх, уламжлалт зан заншлыг өвлүүлэх агуулгатай бол “Шоовдор” ном орсон өгүүллэгүүд нь энэ цагийн гэрэл сүүдэр хүүхдийн хувь заяанд хэрхэн нөлөөлж буйг дүрслэн үзүүлсэн онцлогтой байлаа. Ер нь уламжлалт зан заншлыг хүүхэд багачуудад хоосон номлох бус уран дүр буюу уран зохиолын аргаар нээн харуулсан бүтээл нэн чухаг байна. Дээрх номууд нь бяцхан уншигчдын энэхүү оюуны эрэлт хэрэгцээг хангасан бүтээл болжээ

“Сарны шувуу” “Алтан өд” хүртэв

“Алтан өд”-ийн хамгийн анхаарал татдаг бас даацтай төрөл нь хүүрнэл зохиолын томоохон хэмжээний шилдэг бүтээл байдаг. Шинэ үеийн Монголын хүүрнэл зохиол, яруу найрагт жин дардаг уран бүтээл, Д.Оюунчимэгийн “Оройн ганц мод” роман энэ төрөлд авах магадлалтай гэгдэж байсан ч, ахмад зохиолч Д.Жамъянгийн “Сарны шувуу” роман шилдэгээр шалгарлаа. “Алтан өд” хүртсэн романы талаар, МЗЭ-ийн Хүүрнэл зохиолын үндэсний зөвлөлийн дарга, Д.Нацагдоржийн шагналт зохиолч. Б.Баярсайхан ийн өгүүлж байна: 

-Зохиолч Д.Жамъянгийн  “Сарны шувуу” роман бүтэц зохиомжийн хувьд нэг үйл явдлаас үүдэн хөврөх энгүүн хийцтэй зохиол юм. Энэ зохиолын нэн сонирхолтой зүйл, сүнслэг амин чанар бол ёр билэг, зөн билгийн  сэрэхүй бөгөөд он цагийн тасарсан хэлхээсийг холбох гол зангилаа нь мөнөөх амилж үзэгдэх шувууны зураг юм. Энэ зураг нэгэн ураг удмын амьдралын түүх, нүгэл хилэнцийн төлөөсийг тайлах түлхүүр бөгөөд, үүнийг нээн харуулж, хувь тавилангийн ээдрээ зангилааг өгүүлэхийн тулд эргэн бодох дурсамж, дуртгал, бодол эргэцүүлэг, өчиг, ганцаарчилсан болон дотоод яриа хэлбэрүүдийг сэлгүүлэн ашиглаж, дүрийн сэтгэлзүйг нээсэн нь сонирхолтой байдаа.

Т.Бум-Эрдэнэ зохиолчийн анхны “Алтан өд”

Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээлийн төрөл энэ жил хамгийн өрсөлдөөнтэй төрлүүдийн нэг байлаа. Энэ төрөлд залуу зохиолч. Б.Алтанхуягийн “ Муурын байшингуудын түүх” , дунд үеийн зохиолч  Т.Бум-Эрдэнийн “Дотроосоо”, П.Батхуяг ийн “Их үдийн хот загасны хайрс шиг гудамж” яруу найрагч М.Уянсүхийн “ Аниргүй там”, ахмад зохиолч П.Батнайрамдалын “Намрын хонгор үдэш” номууд шалгарч нэр дэвшсэнээс хүүрнэл зохиолын таван ном бүтээсэн  зохиолч Т.Бум-Эрдэнэ ялагч болов. 

АНУ-ын зорьж, ажиллаж амьдарсан олон мянган Монголчууд дундаас нэгэн зохиолч төрсөн нь Т.Бум-Эрдэнэ. Т.Бум-Эрдэний зохиолын дүрүүд амьдралыг эгэл өдрүүд дундаас эгэл жирийнээс босож ирдэг атлаа, уншигчийнхаа сэтгэлийг ямагт гэрэл гэгээ рүү хөтөлсөн хүчирхэг хүмүүс байдгаараа онцлогтой. 

Асуулт дагуулсан баримтат уран зохиолын төрөл

Баримтат уран зохиолын шилдэг бүтээлээр ахмад зохиолч Л.Дашнямын “Байх, байх үгүйн дунд” бүтээл шалгарлаа. Энэ төрөлд Н.Санжаадоржийн “Хүлэгч хүлэгс”, Ш.Төрбатын “Суут Жаа лам”,  Д.Цэнджавын “Эрдэнэ Жонон ван Ширнэн Дамдин”, Г.Төрмөнх “Ойрд хязгаар ээдрээт цадиг” номууд нэр дэвшив. Дэлхий даяараа баримтат уран зохиол буюу nonfiction рүү хошуурч байхад манайд энэ төрөл их л хангалтгүй хөгжиж буй. Хөгжил тааруу байгаа нь энэ жилийн өрсөлдөөнөөс ч тод харагдлаа. Непко хэвлэлийн газраас гаргаж буй намтарын цувралууд энэ төрөлд хүчтэй өрсөлдөх болов уу гэсэн хүлээлт байсан ч нэр дэвшсэнгүй. Зохиолч Г.Аюурзана, ““Алтан өд”-ийг анх санаачлахдаа бид утга зохиолын бүх төрөл зүйлийг жигд хөгжүүлэх гэсэн ганц л том зорилготой байсан юм. Зохиолчдын эвлэлийн салбар төвүүд, уран зохиол заадаг их дээд сургуулиудаас нэр дэвшүүлж байх гэх мэт санаатай байлаа. Эхний орчуулгын шалгаруулалтад ирсэн юмс нь нэг л болж өгдөггүй, тэгээд “Гэм зэм”-ийг орчуулсан Ц.Гомбосүрэн гуайг оруулж байлаа. Өөрөө ч санаандгүй явж байгаад “Алтан өд” авч байсан. Харин сүүлдээ анхны зорилгоосоо гажиж, зохиолчид өөрсдөө номоо дэвшүүлдэг болоод завхарсан. Аливаа буурьтай шагналд өөрийгөө нэр дэвшүүлэх нь бүдүүлэг, зарчимгүй явдал ” хэмээсэн нь бодууштай л асуудал санагдана. Цаашид “Алтан өд”-ийн цар хүрээг тэлэхийн тулд зохиол бүтээлийг хөндлөнгийн этгээд нэр дэвшүүлдэг болох нь оновчтой санагдана.

Д.Галбаатар судлаачийн удаахи “Алтан өд”

Уран зохиолын судлалын шилдэг бүтээлээр  судлаач, шүүмжлэгч Д.Галбаатарын “Гэгээг хүсэх, Мананд бэдрэх” ном шалгарав. Энэн төрөлд зохиолч, судлаач Д.Батжаргал, Э.Амарзаяа нарын “Хүүхдийн уран зохиолын тайлбар толь-судлал” ном хүчтэй өрсөлдөгч байлаа. Д.Галбаатар докторын бүтээлийн талаар залуу судлаач Х.Чойдогжамц ийн өгүүлж байна: 

Уран зохиолч судлаач, профессор Д.Галбаатарын “Гэгээг хүсэх, мананд бэдрэх” номд түүний утга зохиолын ертөнцөд нэгэн сэтгэлээр зүтгэсэн үзэл бодлынх нь толь гэлтэй. Учир юун хэмээвээс өөрийн сонин, сэтгүүл, цахим сүлжээнд өгсөн мэргэжлийн болон чөлөөт сэдэвтэй ярилцлагуудаа түүвэрлэн эмхэтгэжээ. Цаг үе болгон өөрийн оюун санаатай байдаг гэдэг шиг монголын уран зохиолын шинэчлэл хөдөлгөөний үед бүтээн туувисан нэгэн тулхтай судлаач, шүүмжлэгчийн уран зохиолыг үзэх үзэл, чиг хандлага, үнэлэлт дүгнэлт хэрхэн өөрчлөгдсөн болоод нугараагүй сонирхолтой хөөрөлдөөнөөр дамжуулан мэдрэх боломжтой ажээ.

Зохиолч П.Батхуягийн “Эсрэг цаг” цувралын гуравдугаар боть, уран зохиолын шүүмжийн төрөлд энэ жил түрүүллээ. СУИС-ын ТУС-д Урлаг судлал, утга зохиолын залуухан тэнхим бий. Доктор П.Батхуяг тэргүүтэй залуу судлаачдыг нэгтгэсэн уг тэнхимийн бүтээлүүд уран зохиолын шүүмжийн төрөлд энэ жил жин дарлаа. Залуу судлаач Я.Баяраа, Х.Чойдогжамц, гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар нар хамтран, Монголын урлаг соёл, утга зохиолын том төлөөлөгч Л.Ванганы талаар “Хүний мөр...” хэмээх ном бичсэн нь энэ төрөлд мөн өрсөлдсөн. 

Хамгийн хүчтэй өрсөлдөөн

Монголд орчуулга хүчтэй хөгжиж буй нь энэ жилийн “Алтан өд”-өөс ч харагдлаа. Энэ төрөлд Ч.Баатарын орчуулга, В.Набоковын “Профессор Пнин” , Ш.Дугарын орчуулга “Хар гялбаа”, Б.Магсаржавын М.Ю.Лермонтов-Шилмэл шүлгүүд, Ж.Тэгшзаяагийн “Франц Кафка-Хувирал тэргүүт тууж, өгүүллэг”, Д.Дашмөнхийн “Цэвэрхэн саруулхан газар” Өрнө, дорнын шилмэл өгүүллэгийн түүвэр, О.Содномпил, Ц.Цэнгэл нарын “Владимир Набоков-Гадаадын уран зохиолын лекцүүд-1-4” гэсэн орчуулгын гурван үеийн зургаан бүтээл өрсөлдсөн. Өдгөө АНУ-д амьдарч, уран бүтээлээ туурвиж байгаа зохиолч, орчуулагч Д.Дашмөнх “Цэвэрхэн саруулхан газар” эмхэтгэлээрээ энэ оны “Алтан өд”-ийг авсан. Японы зохиолчдын “Үхлийн тууриуд” эмхэтгэлээрээ уран зохиолд чимээтэйхэн орж ирсэн орчуулагч Д.Дашмөнх адал явдалт уран зохиолын орчуулгаараа Монгол уншигчдын өмнө шинэ ертөнцийг нээж өгсөн уран бүтээлч билээ. 

“Жаргаагүй нар”-д “Алтан өд” хүртээв

Жүжиг, кино зохиолын үндэсний төвийнхэн энэ жил “Алтан өд”-ийн шалгуурыг нарийсгаж, зөвхөн тайзнаа тавигдсан бүтээлийг “Алтан өд”-д өрсөлдүүлэхээр болсон нь шударга босго байлаа. Энэ төрөлд Д.Урианхайн “Тайз дэлгэцийн контемпорари бүтээлүүд”,  Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” бүтээлүүд тунаж үлджээ. Их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулан УДЭТ-ийн тайзнаа тавигдсан, “Жаргаагүй нар” жүжиг эзэндээ “Алтан өд” авчирав. Хэдийгээр судлаачдын зүгээс багагүй шүүмжлэл хүлээж байгаа ч, Их тайзнаа тавигдсан Их Д.Нацагдоржийн тухай анхны жүжиг гэсэн хэрхэмээр ийнхүү “Жаргаагүй нар” жүжиг шилдгээр шалгарав бололтой. 

Яруу найргийн “Алтан өд” залуу үеийг чиглэв

“Алтан өд”-ийн хамгийн өрсөлдөөнтэй төрөл болох яруу найргийн төрөлд энэ жил Г.Ишхүүгийн “Чинадын эгшиглэн”, Л.Батсайханы “Үдшийн сарны сэрхрээ”, П.Батхуягийн “Цаг хугацааны цас бороо”, Я.Баярааийн “Таслал”, Д.Ганчимэг “Үл анзаарагдам аялгуу”, У.Баярсайханы “Хамгийн түрүүнд бодолдоо дурална” номууд тунаж үлджээ. Эдгээр бүтээлээс уран зохиолын “Хөх мэдрэхүй” бүлгийн гишүүн яруу найрагч, манай сонины сэтгүүлч Я.Баяраагийн “Таслал” ном шилдэг бүтээлээр шалгарлаа. Шинэ үеийн шүлэгчдийн дундаас ийнхүү хоёр дахь “Алтан өд”-төн тодорч байна. 

“Таслал” номын талаар яруу найрагч Д.Энхболдбаатар ийн өгүүлжээ. 

Яруу найраг бол байгаллиг мэдрэхүйн бүтээл, дээд оюун санааны өл хоол, мэдрэмжийн чавхдасыг хөндөн эгшиглүүлэгч гэхчлэн бид хангалттайяа өргөмжилдөг. Гарцаагүй ээ, бүгдээрээ үнэн. Үнэхээр дээд зүйл мөн. Харин Я.Баяраа шүлгүүдээ бусдад мэдрүүлэхэд зориулж бичдэггүйг “Таслал” танд илт өгүүлнэ. Тэр бүү хэл, уншуулахад ч зориулаагүй нь лавтай. Түүний хувьд яруу найраг бол зам мөр юм. Өөрөө өөрийгөө бүтээн бий болгохын тулд бичиж, бичихийн тоолонгоор өөрөө биежин цогцолж буй хэрэг.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. хм "дотроосоо"гэдэг номыг шалгаруулсагчид нь уншиж үзсэн м болов уу.эхнэр нөхрийнхөө нүдэн дээр сехдэж,үгийн муу хараалын дээдийг хэлж,амьд хүнд баасыг нь идүүлдэг энэ зохиол ямар хүмүүст ингэтлээ таалагдсан юм болдоо.дотроосоо дүлж бичсэн мундаг зохиол шүү дээ гэж зохиолч нь тайлбарладаг юм билээ.ёстой л дүлж гаргасанаа идэж чаддаг л хүн юм энэ Бум-эрдэнэ гэгч.

    0 0 Хариу бичих