Хүмүүс амьдрах цаг хугацаагаа хэрхэн зарцуулдаг вэ

Х.Батсайхан


Хөгжил буурай орны иргэд их ажиллаж, бага унтдаг гэсэн ойлголт өнөөгийн одоо нөхцөл байдалтай тохирохгүй болжээ. Үнэндээ бол өндөр хөгжилд хүрэх тусам л иргэдийнх нь унтах цаг багасдаг аж. Тэр тусмаа эрчимтэй хөгжиж буй орны иргэдийн нойр багасдаг, ядуу орны иргэд сайхан унтаж амардаг хачин үзэгдэл ч ажиглагдсан юм байна. 1980-аад онд англичууд Ерөнхий сайд асан Маргарет Тэтчерийгээ хоногт дөрөвхөн цаг унтдаг тухай хачирхан ярилцдаг байжээ. Харин өдгөө Английн олон иргэн Ерөнхий сайдын зовлонг эдлэх болсон байх жишээтэй.  

Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагаас хийсэн нэгэн сонирхолтой судалгааны дүнг та бүхэнд толилуулъя. Их Британичуудын хооллох, унтахдаа зарцуулдаг цаг “Дэлхийд хамгийн бага амардаг” гэгддэг япончуудтай зэрэгцсэнийг энэ судалгаанаас харж болох аж. Судалгаанд хамрагдсан орнуудаас францчууд хооллох, унтахдаа хамгийн их цаг гаргадаг болох нь ч тодорхой болжээ. Тэд идэхдээ америкчуудаас бараг хоёр дахин их цаг гаргадаг, манайхны ярьдгаар бол “Ууж идэхдээ уургын морь шиг” улс юмсанж. Харин хамгийн урт цагаар ажилладаг нь мэдээжийн хэрэг, япончууд. Судалгаанд итгэх юм бол самуурайнууд урт цагаар ажиллахын зэрэгцээ үр хүүхдээ асрах, хувцас угаах, эцэг эхийн хуралд суух зэрэг “нэргүй ажил”-д ч хамгийн их цаг зарцуулдаг шоргоолж шиг хүмүүс болж таарах нь.

Уншигч та судалгааны дүнг маш ойлгомжтойгоор харуулсан доорх хүсэнэгтийг ажиглаад өөртэйгөө харьцуулж үзээрэй. Монголчуудын дунд ийм судалгаа хийвэл ямар үр дүн гарах бол. Миний хооллож, унтах цаг лав япончуудынхаас бага байна лээ. Хэтэрхий өрөөсгөл ч гэсэн, танилынхаа хүрээнд судалгаа хийгээд үзэхэд бүгд л япончуудаас илүү ажилладаг болж таарав. Тиймээс хувьдаа “Манай улс эрчимтэй хөгжиж байгаа орон юм байна” гэсэн дүгнэлтэд хүрлээ.

Харин замын түгжрээнд өнгөрөөсөн цагаа “Нэргүй ажил” гэх үү чөлөөт цаг гэх үү жаахан ойлгомжгүй юм даа. Та өөрийгөө өндөр хөгжилтөй орнуудын иргэдтэй хөл нийлүүлж яваа эсэхээ нэг шалгаарай. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)