АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Ч.Хүрлээ


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дэд дарга Л.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Женифер Зимдал Галт тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Элчин сайд Женифер Зимдал Галт энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиох гэж буйг онцлоод энэ хүрээнд хийх болон цаашдын хамтын ажиллагаа талаар санал солилцохоор ирснээ уламжлав.

Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр АНУ нь Монгол Улсын гуравдагч хөрш болохыг дурдаад хоёр улсын хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, батлан хамгаалах зэрэг бүхий л салбарт эрчимжиж байгаад талархалтай байдгаа илэрхийллээ.

Мөн уулзалтын үеэр АНУ-ын Засгийн газраас Залуу манлайлагчдын хөтөлбөр, ахлах сургуулийн сурагч солилцооны шинэ хөтөлбөрүүдийг эхлүүлсэн бөгөөд жил бүр 20 сурагч уг хөтөлбөрт хамрагдаж, АНУ-ын ахлах сургуулиудад суралцах боломжтой болсныг Элчин сайд тэмдэглэв.

Түүнээс гадна энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмэрт талархал илэрхийлээд монгол цэргүүд дэлхийн хэмжээнд хамгийн халуун цэгт үүргээ нэр төртэй, хариуцлагатай гүйцэтгэж байгаа нь хоёр орны хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлж байгааг онцоллоо.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)