-Гэмт хэрэг хийсэн гээд 7 хоногийн ял өгөөд байж болохгүй-

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Тус хуулийн төслийг гишүүдийн 76.9 хувийн саналаар чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн юм.

Хуралдааны үеэр Байнгын хорооны гишүүд ийнхүү байр сууриа илэрхийлж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтоос хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Хуулийг буцаасан нь маш зөв гэдгийг юуны түрүүнд хэлмээр байна. Эрүүгийн хуульд хорих ялын доод хэмжээг 7 хоног байсныг 6 сар болголоо гэж байна. Үйлдсэн гэмт хэрэгтэй нь холбоотойгоор нэг сар, хоёр сар хорих ялаар шийтгэж болохгүй юу” хэмээн Хуульзүйн сайдаас асуулаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Эрүүгийн хуулийг батлах үед ч, батлагдсаны дараа ч энэ хуулийг хүний эрхийг хангахад дэвшилттэй, шоронжуулах, шоронд гэмт хэрэгтэн бэлтгэхээс зайлсхийсэн гэж их ярьж байсан. Гэвч бодит байдал дээрээ жинхэнэ шоронжуулсан байдлаар баталсан байсан. Жишээлбэл одоогийн үйлчилж байгаа 2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд бүх гэмт хэрэгт хорих ял ногдуулдаггүй. Үнэн хэрэгтээ нийт гэмт хэргийн гуравны нэг нь л огт хорих ялгүй тийм л хууль одоо үйлчилж байгаа. Гэтэл түүнийг сайжруулж байгаа гэж ярьж байгаад баталсан 2015 оны Эрүүгийн хуулийн бүх гэмт хэрэгт хорих ял шийтгэхээр болчихсон байсан. 440 заалт гэмт хэрэг 100 хувь хорих ялтай болчихсон байсан. Эсрэгээрээ жинхэнэ шоронжуулах хууль баталсан байсан.

Хорих ялын доод хэмжээ 7 хоног байсныг 6 сар байхаар заасан. Гэмт хэрэг хийсэн гээд л 7 хоногийн ял өгөөд байж болохгүй шүү дээ.

Бид хуульд заавал хорихыг урьтал болгохгүй байх зарчмыг барьсан. Тиймээс хөнгөн гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүй байхаар тусгаж, хорих ялын доод хэмжээ 7 хоног байсныг 6 сар байхаар заасан. Гэмт хэрэг хийсэн гээд л 7 хоногийн ял өгөөд байж болохгүй шүү дээ. Хүний давж заалдах шатны шүүхэд хандах эрх зөрчигдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл гэм буруугүй гэдгээ нотлох завдал өгөхгүйгээр шууд хорьчихож байгаа юм. Мөн алслагдсан аймагт хорих ялаар шийтгүүлсэн хүнийг шоронтой аймаг, нийслэл рүү авч ирэх хороонд л ял эдлэх хугацаа нь дуусч байх жишээний. Энэ мэт байдлаас шалтгаалан хүн бүрт хорих ял оноох байсныг өөрчилсөн” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байна. Нэгмөсөн шинэчилсэн найруулга байдлаар оруулж ирж болохгүй юу” гэсэн асуултыг сайдад тавилаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Эрүүгийн хууль 2016.09.01 хэрэгжиж эхлэх байсан. Хуулийг буцаах үед багагүй улстөржүүлж байсан даа. Хэрэгжиж эхлэх байсан хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших бүрэн боломжтой, хуульзүйн техникийн хувьд олон төрлийн хийдэл, зөрчилтэй, утга найруулгын алдаатай заалтууд байсныг залруулж байгаа. Энэ хууль бол Монгол Улсын бүх иргэдэд хамаатай хууль. Зайлшгүй өөрчлөх, сайжруулах зүйлс байсан учраас нэмэлт өөрчлөлт оруулж байгаа” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Авлига өгсөн хүнийг яллахгүй байх тухай их ярьдаг боллоо. Яахаараа авлига өгсөн хүн ялгүй байдаг юм бэ” хэмээн шүүмжлэхэд,

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “2015 онд баталсан хуульд авлига өгсөн хүнд огт хариуцлага тооцохгүй байхаар заасан байсан. Бид үүнд зохицуулалт хийсэн. Өөрөөр хэлбэл зориудаар, зохион байгуулалттайгаар авлига өгсөн бол хариуцлага хүлээнэ, бусдын дарамт шахалтад орж авлига өгөхөд хүрсэн бол хариуцлага хүлээхгүй байхаар шийдсэн. Харин авлага авсан бол аль ч тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ” гэв.

Үүний дараа УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Албан тушаалын хэргийг чангатгасан юм уу? Авлигаар олсон хууль бус хөрөнгийг хураадаг, завшуулдаггүй байх хэрэгтэй” хэмээхэд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Эд хөрөнгө хураах ялыг 2015 онд батлахдаа албадлагын арга хэмжээ болгон зохицуулсан. Авлига албан тушаалын хэргээс олсон ашгаа, эд хөрөнгөө заавал хураалгана гэсэн үг. Авлига албан тушаалын хэрэгтэй 1-5 жил хорих ял өгч байсан бол хүнд гэмт хэрэгт тооцон 8, 12 жилд болгож чангатгасан. Мөн мөнгөн торгуулийг ч дээд хэмжээ нь 12 сая төгрөгөөр торгож байсныг 27 сая болгон нэмэгдүүлсэн” гэсэн хариулт өгсөн юм.