Залуус аян өрнүүлж, гурван эмнэлэгт 18 агаарын шүүлтүүр бэлэглэжээ

Г.Даша


-Утааны эсрэг аяны хүрээнд хандиваар 7000 мянган ам.доллар цуглуулжээ-

Хэсэг залуус нэгдэн Улаанбаатар хотын хамгийн бохирдолтой бүсэд оршиж байгаа эмнэлгүүдийн хүүхдийн тасагт 100 ширхэг агаарын шүүлтүүр өгөх зорилготой “Бяцхан агаар-100 агаарын шүүлтүүр” аянг санаачилжээ. Зохион байгуулагчдын тооцоолж буйгаар энэхүү аян зорилгодоо хүрвэл хамгийн багадаа 10 мянган хүүхэд цэвэр агаар амьсгалах боломжтой юм байна. Аянд нэгдсэн залуус нийгмийн сайн сайхны төлөө бодит зүйлийг хийж чадна гэдгээ харуулан ажиллаж байгаагаараа энэхүү аян онцлогтой гэж хэлж болохоор. Тэд төр засгийн зүгээс агаарын бохирдлыг бууруулахыг хүлээлгүй өөрсдийн боломж, бололцоогоороо ийнхүү бяцхан зүрхний төлөө тэдний амьсгалах эрүүл агаарын төлөө нэгджээ.

-10 гаруй залуус нэгдэн “Crowd Funding” аргаар утааны эсрэг тэмцэж байна-

“Бяцхан агаар-100 агаар шүүлтүүр аян”-ыг зохион байгуулагч Г.Ганчимэгтэй ярилцлаа.

-Энэхүү аяныг зохион байгуулах болсон санал санаачлагынхаа талаар  танилцуулахгүй юу?

-“Бяцхан агаар-100 агаарын шүүлтүүр” аяны санал санаачлагыг манай найз Онон анх гаргасан. Тэрээр өөрөө шөнө унтаж чадахгүй, бохирдлоос болсон нойргүйдэлтэй байсан. Тиймээс тэрээр цахим сүлжээгээр дамжуулан хандив босгон аян өрнүүлье гээд бидний арав гаруй нөхөд нэгдэн энэхүү аяныг зохион байгуулж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн PMI гэдэг агаарын бохирдлын индекс нь 50 байх ёстой байтал манай монголд энэхүү үзүүлэлт 1000 хүрч зарим газраа 1000-аас даван 20-25 дахин их болсон учраас энэ аяныг санаачлах болсон. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн 2016 онд гаргасан судалгааг үзвэл агаарын бохирдолтой тэмцэх үйл ажиллагаа үр дүнгүй, явц нь хэт удаашралтай байгаа гэсэн дүгнэлт гарсан байсан. Судалгаагаар 2015 онд нийт 435 бага насны хүүхэд уушгины хатгалгаа өвчний улмаас эндсэн гэсэн статистик тоог нийтэд танилцуулсан нь нөлөөлсөн. Бяцхан гэдгийн учир нь энэхүү агаарын бохирдол нь томчуудаас илүүтэйгээр бидний бяцхан үрс тэр тусмаа эхийн урагт их нөлөөлж байгаа гэдгээс үүдэн аянаа “Бяцхан агаар-100 агаарын шүүлтүүр” гэж санаачилсан.

-Аяны хүрээнд зарцуулах төсвөө хэрхэн босгосон бэ?

-“Сrowd funding” бол барууны орнуудад их байдаг. Олон нийтэд зорилго, төлөвлөгөөгөө танилцуулан сошиалаар мөнгө цуглуулдаг. Үүнд хүмүүс нэгдэн хандив өгдөг. Анх бид гадаадад байгаа иргэдийг хамруулан 7000 ам.доллар цуглуулсан. Төгрөгийн дансаа ажиллуулж эхлэхдээ өөрсдийн хувийн дансаа өгсөн. Үүнд хүмүүс хардах өнгө аяс ажиглагдаж байсан л даа. Үүнд тайлбар хийхэд манай аян ямар нэгэн ТББ-аар дамжуулан хийж байгаа зүйл биш. Хэсэг залуус нэгдэн энэ аяныг өрнүүлж байгаа болохоор бидэнд ямар нэгэн тамга тэмдэг, байгууллагын данс байхгүй. Гэхдээ фэйсбүүк дэх “Бяцхан агаар-100 агаарын шүүлтүүр” аяны хуудсаараа дамжуулан бүх зүйлээ шилэн байдлаар тайлагнаад явж байгаа. Одоогийн байдлаар  ам.долларын дансандаа 7000 мянган ам.доллар, төгрөгийн дансандаа 2 сая төгрөгийн хандив цуглуулж чадсан байна. Тэрхүү мөнгөөрөө бид эхний ээлжид өнгөрсөн ням гарагт Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн тасагт  бүрт зургаан агаар цэвэршүүлэгчийг хандивласан.

-Болдог бол эмнэлгийн тасаг бүрт л агаарын шүүлтүүр байрлуулмаар санагдсан-

-Агаарын шүүлтүүрүүд эхнээсээ эзэддээ хүрч эхэлсэн байгаа шүү дээ?

-Бид өнгөрсөн ням гарагт Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эмнэлгүүдээр явж агаарын шүүлтүүрүүдээ өгсөн. Ингэхдээ тухайн эмнэлгүүдийн агаарыг агаарын бохирдол хэмждэг төхөөрөмжөөр шалгасан. Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг доторх агаарыг PMI индексээр хэмжихэд 900-1000 байсан. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн PMI гэдэг агаарын бохирдлын индекс нь 50 байх ёстой. Баянзүрх дүүргийн эмнэлэгт 300-аас дээш байсан.

Болдог бол эмнэлгийн тасаг бүрт л агаарын шүүлтүүр байрлуулмаар санагдсан. Дүүргийн эмнэлгүүд өөрт байгаа хүчин чадлаасаа 2-3 дахин ачаалал ихтэй ажилладаг юм билээ. Бид эхний ээлжид аяны хүрээнд “Sharp” брэндийн 10 жилийн хугацаанд филтер нь солигддоггүй агаарын шүүлтүүр, мөн  “Smart Air Filter” брэндийн агаарын шүүлтүүрийг сонгон эмнэлгүүдэд суурилуулсан. Манай багийнхан ямар шүүлтүүр сонгох вэ гээд судалгаа хийсэн байгаа. Гэхдээ бид цаг хугацаанд баригдан одоогийн нөхцөлд монголын зах зээл дээр байгаа хамгийн сайн агаарын шүүлтүүрүүдийг сонгосон.

-Энэхүү аянд хэрхэн хандив өгөх боломжтой вэ?

-Хандивыг Худалдаа Хөгжлийн банкны 452552589 данс руу Онон, ХААН банкны 5007955505 данс руу Ганчимэг гэдэг нэр рүү шилжүүлж бидэнтэй нэгдээрэй.

Аяныг санаачилснаас хойш 17 хоногийн дотор төлөвлөсөн мөнгөнийхөө 20 хувийг цуглуулж чадсан байна. Ийнхүү “Бяцхан агаар-100 агаарын шүүлтүүр” аяныг санаачилсан залуус энэ долоо хоногт Чингэлтэй, Баянгол дүүргүүдийн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өгөхөөр төлөвлөж байгаа.

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)