Ж.Сүрэнчимэг: Хүүхдийн өвчлөлд утаа хамгийн их нөлөөлж байгаа

Г.Даша


- Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 1871 орон дээр 2338 хүн эмчлүүлж байна-

Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчин эрс нэмэгдэж, амбулаторийн үзлэгийн 13-17 хувь, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 56 хувийг эзэлж, хүүхдийн орны ачаалал 79.3 хувиар хэтэрсэн нь хязгаарлалтын арга хэмжээ авах хэмжээнд хүрсэн гэдгийг албаныхан хэлж байна.

Энэ сарын 06-ны байдлаар нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 1871 орон дээр 2338 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрийн 1415 нь хүүхэд бөгөөд шинээр хэвтсэн өвчтөний 217 буюу 64.8 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа аж. Орны ачааллын хувьд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 50.9 хувь, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг 34.4 хувь, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 33.2 хувь, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 22.9  хувиар хэтэрчээ. Насанд хүрэгсдийн орны 26.0 хувийг буюу 281 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөнүүдэд 265 ор тавьснаар хүүхдэд зориулж нийт 596 орыг нэмэлтээр гаргаад байна.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн үүдний өрөөнд хүүхдээ тэвэрсэн хөтөлсөн эцэг эхчүүд дараалал үүсгэн үзүүлэхээр хүлээн хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хүүхдийн тасгийн яаралтай тусламжийн хэсэгт хүч нэмэн гурван эмч ажиллаж байгаа ч ар араасаа хөврөн ирэх иргэдийн хөлд дарагдан ачаалал нь буурахгүй аж. Тус эрүүл мэндийн төвийн хувьд мэдрэл, уламжлалт эмчилгээний насанд хүрэгсдийн тасгийг бүрэн чөлөөлж хүүхдийн тасаг болгосон байна. Мөн тэд дүүргийнхээ Онцгой байдлын газраас 30 эвхдэг ор, өөрсдийн боломж, бололцоогоор 64 стандарт ор нэмэлтээр авч тавьсан ч хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа аж. Физик болон уламжлалт эмчилгээ, хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэлт, эмч нарын болон эм тариа, уулзалтын өрөөг хүртэл нөөц бололцоогоо ашиглан өвчтөнүүдээ хэвтүүлэн эмчилж байгаа талаараа тэд учирлан байлаа.

Хүүхдийн тасаг ачааллаа дийлэхгүй ханиад хатгаа нь хүндэрсэн зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдийг авч, харин хөнгөн зэргийн өвчлөлтэйг нь гэрээр нь эмчилгээ болон тариа бичиж өгөн буцааж байлаа. Иргэд эхлээд Өрхийн эмнэлэгтээ хандалгүй шууд л дүүргийн эмнэлэгт ирдэг нь ийнхүү ачаалал үүсэхэд нөлөөлж байгааг албаныхан ч хэлж байлаа.

Эцэг эхчүүд дугаарлал ихтэй байгаад бухимдан зарим нь гэрээсээ гудас авчран хэвт гэсэн хүүхэд шалан дээр хэвтүүлэх юм байна л даа хэмээн бухимдана. Харин эмч сувилагчид ачаалал ихтэй байгаа учраас 82 ортой хүүхдийн тасаг өнөөдөр 180-аад хүүхэд эмчилж байгаа учраас нэг шөнө л коридорт эвхдэг орон дээр хэвтүүлэх учраас гэрээс нь гудас, хөнжил авчруулах шаардлагатай байгааг учирлан байв. Шөнөдөө ачаалал ихсэн маргааш нь л эмнэлгээс гарсан иргэдийн оронд коридорт эмчлүүлж байгаа өвчтөнүүдээ цаг алдалгүй тасаг руу шилжүүлж байгаагаа тэд тайлбарлана.

- Өнгөрсөн жилүүдэд томууны дэгдэлт гарч байсан ч энэ жилийнх шиг их байгаагүй-

Хүүхдийн тасгийн эрхлэгч, клиникийн профессор, хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч Ж.Сүрэнчимэгтэй ярилцлаа.

-Танай тасагт өдөрт хэчнээн хүүхэд хандан, эмчлүүлж байна вэ?

-Хүүхдийн өвчлөлд томуу томуу төст өвчний гаралт нэлээд их байна. Хоногтоо 30-аас доошгүй хүүхэд байнга хэвтэн эмчлүүлж байна. Мөн өдөртөө 30-40 хүүхэд зөвлөгөө аваад буцаж байгаа. Өнөөдрийн байдлаар 180-аад хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өдөртөө 20.00 цагаас хойш ирж хэвтэж байгаа хүүхдийн тоо өсдөг. Ихэнхдээ ор хүрэлцэхгүй нөхцөл боломжоо ашиглан түрдээ коридорт нэмэлтээр эвхдэг ор хүртэл тавин хүүхдүүдийг хүлээн авч байна.

-Томуу, томуу төст өвчин жил бүр өөр өөр хэлбэрээр илэрч байдаг. Энэ жилийн хувьд ямар шинж тэмдгүүд илүүтэй илэрч байна?

-Өнгөрсөн хоёр жилд хүйтний улиралд ханиад, томууны дэгдэлт гарч байсан ч энэ жилийнх шиг их байгаагүй. Өнгөрсөн жил хамгийн олондоо өдөрт 170-аад хүүхэд хүлээн авч хэвтэн эмчилж байсан бол энэ жил ханиад томуугийн улмаас хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн тоо хоногт 210 хүрсэн. Мөн энэ жилийнх өвчлөлийн хувьд ч гэсэн өөр байна. Сүүлийн үед хүүхдүүд богино хугацаанд хүндэрч байгаа. Энэ нь үүсгэж байгаа вирусийн чанартай холбоотой. Сүүлийн хэд хоног хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд ихэвчлэн өндөр халуунтай, амьсгаадсан, хатгалгаа хүндэрсэн, амьсгалын замын өвчний хүндрэлтэй буюу бөглөршилттэй, мөгөөрсөн хоолойн агшилттай хүүхдүүд их ирж байна.

-Урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авах вэ?

-Манайд амьсгалын замын өвчнийг урьдчилан сэргийлэхэд маш хүндрэлтэй байна. Гадаа амьсгалах агаар муу, утаа бол хамгийн их нөлөөлж байгаа. Хүүхэд гэлтгүй том хүн ч гэсэн энэ утаатай агаараар амьсгалахад амьсгалын замын халдварт өвчин авахгүй гэх арга алга. Хүүхдийн өвчлөлд утаа хамгийн их нөлөөлж байгаа. Утаанаас үүдэн өвчлөлийн хүрээ нэмэгдэж байгаа. Энэ жил утааны тархалт илүү байгаатай холбоотойгоор хүүхдийн өвчлөл ч ихэссэн. Тэр ч утгаараа богино хугацаанд хүндрэх хандлагатай байгаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)