ЭМЯ: Амьсгалын замын цочмог халдвар оргилдоо хүрч, эмнэлгүүдийн ачаалал 79.3 хувиар хэтэрлээ

П.Мөнхжаргал


Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдвар оргил үедээ хүрсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас хязгаарлалтын арга хэмжээ авах талаар Хотын дарга С.Батболдол албан тоот хүргүүлжээ. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчин эрс нэмэгдэж, амбулаторийн үзлэгийн 13-17 хувь, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 56 хувийг эзэлж, хүүхдийн орны ачаалал 79.3 хувиар хэтэрсэн нь хязгаарлалтын арга хэмжээ авах хэмжээнд хүрсэн байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас яаралтай арга хэмжээ авч, ажиллаж эхэлсэн байна.

Нийслэл хотод томуу, томуу төст өвчний тархалт оргил үедээ хүрч энэ оны хоёрдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх магадлалтай байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Энэ асуудлыг шийдэх үүднээс Цэргийн төв эмнэлэгт хүүхдийн 50 ортой тасаг нээх шийдвэрийг Засгийн газар гаргажээ. Уг тасаг ирэх 7 хоногт багтан үйл ажиллагаагаа эхлүүлэх юм байна.

 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Хүүхдийн тасагт 30 орыг нэмэлтээр ажиллуулахаар болоод байгаа 

Түүнчлэн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Хүүхдийн тасагт 30 орыг нэмэлтээр ажиллуулахаар болоод байгаа аж. Ингэснээр томуу, томуу төст өвчний дэгдэлт ихтэй байгаа Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдийн Хүүхдийн тасгийн ачааллыг хуваалцахаар зохицуулжээ. Тухайлбал,  Цэргийн төв эмнэлэг нь Баянзүрх дүүргийн зарим хорооны, Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зарим хорооны хүүхдүүдэд тус тус үйлчлэх аж.

Дээрх хоёр тасаг нь ханиад томуугийн үед хэрэглэх тоног төхөөрөмж, ажиллах боловсон хүчнийг өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан шийдвэрлэжээ.

-Дүүргүүдийн эмнэлгийн ачаалал хэтэрч, нөөц ороо хүүхдүүдэд зориулан гаргажээ-

Мөн энэ сарын 06-ны мэдээллээр, нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орны ачаалал 25.0 хувиар нэмэгдсэн буюу 1871 орон дээр 2338 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрийн 1415 нь хүүхэд бөгөөд шинээр хэвтсэн өвчтөний 217 буюу 64.8 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа юм. Орны ачааллын хувьд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 50.9 хувь, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг 34.4 хувь, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 33.2 хувь, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 22.9  хувиар хэтэрчээ. Насанд хүрэгсдийн орны 26.0 хувийг буюу 281 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөнүүдэд 265 ор тавьснаар хүүхдэд зориулж нийт 596 орыг нэмэлтээр гаргажээ. 

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд мэдрэл, уламжлалт эмчилгээний насанд хүрэгсдийн тасгийг бүрэн чөлөөлж хүүхдийн тасаг болгосон байна. Тус дүүргийн Онцгой байдлын газраас 30 эвхдэг ор авчээ. Мөн физик, уламжлалт эмчилгээ, хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэлт, эмч нарын болон эм тариа, уулзалтын өрөө зэрэг бүхий л нөөц бололцоогоо ашиглан өвчтөнүүдээ хэвтүүлсэн аж.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь 1980-аад оны үед 50-60 мянган хүнд үйлчлэх тооцооллоор батлагдсан нийт 165 ортой ч, өдгөө 110 мянга гаруй хүүхдэд үйлчилж буй юм байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)