Мартин Рэдмен: Шоу багийнхны өндөр зохион байгуулалт намайг гайхашруулсан

Г.Даша


АНУ-ын “CBS international” студийн алдарт “America’s Next Top Model” реалити шоуны монгол хувилбар албан ёсны эрхтэйгээр энэ сард “Боловсрол” телевизээр цацагдах гэж байгаа билээ. Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх, шинэ дүр бий болгох зорилготой “Mongolia’s next top model” нэвтрүүлэгийн зөвлөх продюсераар "Britain's Next Top Model" нэвтрүүлгийн ерөнхий продюсер Мартин Рэдмен ажиллаж байгаа. Тэрээр "Britain's Next Top Model" нэвтрүүлгийн ерөнхий продюсероор 12 улирлын турш  ажилласан туршлагатай нэгэн юм. Бид Мартин Рэдментэй уулзаж цөөн хором ярилцлаа.

-Гадаа хүйтэн ч шинэхэн төслийн багийнхны хувьд уур амьсгал халуухан байна. Монголчуудтай хамтран ажиллахад ямар байна?

-Би анх удаа Монголд айлчилж байна. Монголд ирсэндээ сэтгэл маш их догдолж баярлаж байна. Учир нь би Монголд ирэхийг маш их хүсдэг байсан. Би хүйтэн эрс тэс цаг агаарт дуртай болохоор надад маш гоё байна. Нэвтрүүлгийн анхны дугаараас багийнхантай хамтран ажиллахад монголчууд өндөр зохион байгуулалттай байгаа нь үнэхээр их таалагдаж байна. Бидний хувьд эргэн санахад 12 жилийн өмнөөс хийсэн энэ нэвтрүүлэг бол маш том шоу учраас зохион  байгуулах зохицуулах асуудал бол маш их байдаг байсан. Харин энэ багийнхан өндөр зохион байгуулалттай, мундаг ажиллаж байгаад гайхаж догдолж байна.

-Нэвтрүүлгийн оролцогч модель охидын хувьд бол үнэхээр гайхалтай-

-Та нэвтрүүлэгт шалгарсан оролцогчидтой уулзсан. Шилдэг 22 оролцогчоос дахин шүүж 16 оролцогчийг шалгаруулах амаргүй байсан болов уу?

-Нэвтрүүлгийн оролцогч модель охидын хувьд бол үнэхээр гайхалтай байсан. Гэхдээ бид нийт бүртгүүлсэн 200 гаруй оролцогчоос тунаж үлдсэн 22 оролцогчоос 16 оролцогчийг үлдээхээр хасалт хийхэд маш гунигтай байлаа. Эхний дугаарт бид 16 шилдэг охин авч үлдэх шаардлагатай байсан. Энэ үнэхээр хэцүү даалгавар байсан шүү. Тэд бүгд л маш чадварлаг охид. "Britain's next top model" нэвтрүүлгийн ерөнхий продюсероор ажилласан туршлагаасаа харахад тэдгээр охид бүгд шоунд үлдэх бүрэн боломжтой байсан. Гэхдээ энэ бол өрсөлдөөн юм гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Танд таалагдсан онцгой оролцогч байсан уу?

-Байсан. Хэд хэдэн оролцогч анхаарлыг минь ихэд татсан. Гэхдээ харамсалтай нь би үүнийг одоогоор хэлж болохгүй.

-Ялагч эхнээсээ л бусдаас онцгойрч байх албагүй-

-Таны туршлагаас харахад нэвтрүүлгийн ялагч анхнаасаа бусдаас онцгойрч байдаг уу?

-Ялагч эхнээсээ л бусдаас онцгойрч байх албагүй ээ. Учир нь топ модель хүн зөвхөн сайхан дүр төрхтэй биш, мөн өөрийн гэсэн өвөрмөц зан чанартай байх ёстой. Энэхүү нэвтрүүлгийн хамгийн сонирхолтой элементүүдийн нэг бол бид оролцогч охидын өөрчлөлтийг нүдээрээ хардаг. Анх хүмүүсийн анхаарлыг тийм ч ихээр татаагүй зарим чимээгүй охид нэвтрүүлгийн явцад ур чадвараа дээшлүүлж, өөртөө илүү их итгэлтэй болж, камерын өмнө "амилдаг". Ихэнхдээ тэдгээр чимээгүй охид ялагчаар тодордог. Гэхдээ ерөнхийдөө бүх зүйл маш гэнэтийн байдаг юм. Ялагчийг урьдчилан таамаглах хэцүү. Энэ нэвтрүүлэг үүгээрээ л их сонирхолтой.

-Таны бодлоор нэвтрүүлгийн ялагч ямар ур чадвар, зан чанартай байх ёстой вэ?

-Хамгийн гол шалгуур бол хувирах чадвар. Загвар өмсөгч хүн олон брэндтэй хамтран ажиллах шаардлагатай болдог. Брэндүүд, дизайнерууд, зурагчид өөрийн гэсэн онцлогтой дүр төрхийг хайдаг. Тиймээс зураг авалт бүрдээ шинэ төрх гаргаж, хувирдаг моделиуд хамгийн шилдэгт тооцогддог.

-Норагийн хувьд  маш агуу сэтгэл, зүрхээрээ охидоо зоригжуулж ажиллах болно гэдэгт би итгэлтэй байна-

-Хөтлөгч, шүүгч Норагийн талаархи сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Хөтлөгч, шүүгч Норагийн ажиллаж байгаа энэ байдал надад маш их таалагдсан. Би түүнийг гайхалтай хөтлөгч болно гэдэгт итгэлтэй байна. Тэрээр өөрөө  эдгээр модель охидын хүсч мөрөөдөж байгаа тэр амьдралаар амьдарч хэцүү бэрх бүхнийг нь туулаад ирсэн учраас хэнээс ч илүү энэ бүхнийг  мэдэж мэдэрч байгаа гэж бодож байна. Хэдий өрсөлдөөн ихтэй, хатуу шүүлттэй тэмцээн болох хэдий ч Норагийн хувьд  маш агуу сэтгэл, зүрхээрээ охидоо зоригжуулж ажиллах болно гэдэгт би итгэлтэй байна.

-Нэвтрүүлгийн ялагч олон боломжийн эзэн болно.

-Монголын загварын ертөнцийн том брэндүүд, байгаа байдал нь өсөн дэвшиж байгаа нь гайхалтай. Мэдээж шоу нэвтрүүлгийн ялагч охин бол Монголын загварын ертөнцийн төлөөлөгч байх болно. Түүнд маш олон боломжууд нээгдэнэ.  Энэ шоу тэрхүү төлөөлөгч, шинэ дүр төрхийг гаргаж ирдгээрээ онцлогтой.  Ялагч гэлтгүй энэхүү шоунд оролцсон моделиудын хувьд дэлхий даяар нэр алдраа өсгөж явсаар ирсэн. Энэ нэвтрүүлгийн хувьд ч гэсэн ялагч төдийгүй бүх оролцогчид охид маань олон боломжийг нээж дэлхий даяар монголын нэр хүндийг гаргахад бэлэн байгаа.

“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн ерөнхий продюсераар Бюро 24/7-гийн үүсгэн байгуулагч  Ө.Содгэрэл ажиллаж байна. Тэмцээний үндсэн гурван шүүгчээр Монголын супер модель Нора Дагва, топ модель, жүжигчин, найруулагч М.Оргил, “On'n Off” продакшны гүйцэтгэх захирал, сэтгүүлч Т.Нансалмаа нар ажиллахаар сонгогдсон юм. Мөн нэвтрүүлгийн дугаар бүрд загварын салбарын нэр хүндтэй хүмүүсээс нэг зочин шүүгч уригдан оролцох болно. “Britain's Next Top Model” шоу нэвтрүүлгийн ерөнхий продюсер, “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн зөвлөх продюсер Мартин Рэдмен, “Mongolia’s next top model” нэвтрүүлэгийн гүйцэтгэх  продюсераар Ч.Мядагмаа нар ажиллаж байгаа юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)