Хүүхдийн тасгууд ачааллаа дийлэхгүй байна

Г.Даша


Хүйтний улирал, утаа ихэссэнтэй холбоотой хүүхэд багачуудын ханиад томуугийн өвчлөл нэмэгдэж улмаар хатгаа тусч хүндрэн эмнэлэгт хэвтэх тохиолдол их байгаа юм.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар яамны холбогдох албаны хүмүүс өчигдөр 17.00 цагаас дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ажиллаа.  Тэд хүн амын төвлөрөл ихтэй Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдэд ажиллан цаг үеийн  нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан юм. 

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн үүдний өрөөнд хүүхдээ тэвэрсэн хөтөлсөн эцэг эхчүүд дараалал үүсгэн үзүүлэхээр хүлээн хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хүүхдийн тасгийн яаралтай тусламжийн хэсэгт хүч нэмэн гурван эмч ажиллаж байгаа ч ар араасаа хөврөн ирэх иргэдийн хөлд дарагдан ачаалал нь буурахгүй аж.

Хүүхдийн тасаг ачааллаа дийлэхгүй ханиад хатгаа нь хүндэрсэн зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдийг авч, харин хөнгөн зэргийн өвчлөлтэй нь гэрээр нь эмчилгээ болон тариа бичиж өгөн буцааж байлаа.

Тэдэнд дунд хоёр ихэр нярай хүүхдээс эхлээд нэг айлын хоёр хүүхэд өвдөн үзүүлэхээр ээлжээ хүлээн байв. Эцэг эхчүүд дугаарлал ихтэй байгаад бухимдан зарим нь гэрээсээ гудас авчран хэвт гэсэн хүүхэд шалан дээр хэвтүүлэх юм байна л даа хэмээн бухимдана. Харин эмч сувилагчид ачаалал ихтэй байгаа учраас 82 ортой хүүхдийн тасаг өнөөдөр 180-аад хүүхэд эмчилж байгаа учраас нэг шөнө л коридорт эвхдэг орон дээр хэвтүүлэх учраас гэрээс нь гудас, хөнжил авчруулах шаардлагатай байгааг учирлан байв. Шөнөдөө ачаалал ихсэн маргааш нь гэртээ гарсан иргэдийн тасаг руу коридорт эмчлүүлж байгаа өвчтөнүүдээ цаг алдалгүй шилжүүлж байгаагаа тайлбарлав.

-Д.Очирбат: Батлах хамгаалах яамны эмнэлэг дээр ойрын хугацаанд 50 ортой хүүхдийн тасгийг нээнэ-

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаас хүүхдийн тасгийн үйл ажиллагаа нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, нийслэлийн удирдлагууд дүүргийнхээ эрүүл мэндийн нэгдлүүдээр хүүхдийн тасгаар орж танилцаж байна. Өнөөдрийн байдлаар  /2016.01.07/ томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварт өвчин ихсэж байна. Өнөөдрийн судалгаа болон эмнэлэг дээрх дүр төрхийг та бүхэн харж байгаа байх. Эмнэлэг ачаалал ихтэй ирж байгаа иргэдийн дийлэнх хувийг хүүхдийн ханиад, амьсгалын замын халдварт өвчний өвчлөл эзэлж байна. Бид сэхээний тасаг болон энгийн тасгуудаар орж нөхцөл байдалтай танилцлаа. Бид цаашдаа дүүргийнхээ эрүүл мэндийн төвүүдэд нэмэгдэж байгаа бага насны хүүхдүүдэд зонхилоод байгаа өвчлөлийн эсрэг нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүний хүрээнд Батлах хамгаалах яамны эмнэлэг дээр ойрын хугацаанд 50 ортой хүүхдийн тасгийг нээнэ. Улсын II төв эмнэлэг дээр 18 ортой хүүхдийн тасаг байсныг 35 ортой болгож өргөтгөхөөр ажиллаж байна. Мөн ачаалалтай байгаа Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргүүдийн Нэгдсэн төвүүдийн ажилтай газар дээр нь явж танилцаж байна.

-Цаашид ямар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөөд байна?

-Одоо бол томуу, томуу төст өвчний эхлэл үе гэж ойлгож байгаа. Энэ маань цаашдаа гуравдугаар сар хүртэл хамгийн их ачаалалтай үе байна. Өнөөдөр /2017.01.07/ үдээс өмнө шуурхай удирдлага, эрүүл мэндийн сайд, эрүүл мэндийн газрын дарга нар тодорхой нөхцөл байдлын мэдээллүүдийг авч сонссон. Цаашдаа урьтал үе болгож амьсгалын замаар халдаж байгаа халдварт өвчин ихсэж байгаатай холбогдуулан тодорхой хэмжээний хязгаарлалт хоригийн арга хэмжээг авах ёстой юм байна гэж үзэж байгаа. Одоо бол хүүхдүүд амарчихсан байгаа. Гэсэн хэдий ч гадуур нэмэлт сургалт явуулдаг, үзвэр үйлчилгээний болон хүн олноороо цугладаг газрууд нь яг хэвээрээ байгаа учраас зарим нэг аж ахуйн нэгж байгууллага нэмэлт сургалтын орчинд хязгаарлалтыг авахаар нийслэлийн Засаг даргатай эрүүл мэндийн яамны удирдлагууд ярилцаж байгаа.

-Орны хүрэлцээ хангалтгүй учраас коридорт зарим өвчтөнүүдээ хүлээж авч байна гэсэн шүү дээ?

-Өнөөдөр жишээлбэл Чингэлтэй дүүргийн хүүхдийн тасаг гэхэд л 82 ортой байх ёстой хэдий ч 182 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шөнө, оройн цагаар хүндэрсэн хүүхдүүд их ирж ачаалалтай болдог. Орой 20.00 цагаас хойш тогтмол эмнэлгийн коридорт 10-15 хүүхэд ор хүрэлцэхгүйгээр нэмэлт ор гарган хэвтэж байна. Өнөөдөр /2017.01.07/ 17.00 цагийн орчимд гэхэд нэг хүүхэд ор хүрэлцэхгүй нэмэгдлээр ор гарган коридорт хэвтэж эмчлүүлж байна. Өдөр бүр л хурдан эмчлэгдэж эрүүл саруул болон гарсан хүүхдийн орон дээр коридорт эмчлүүл байсан хүүхдээ шилжүүлэн тасаг руу оруулж сэлгээний ажлыг манай эрүүл мэндийн нэгдлийнхэн маань хурдан зохион байгуулж ажиллаж байна.  

-Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн шинэ барилгын асуудлын талаар тодруулахгүй юу. Энэ барилга маань эмнэлгийн зориулалттай биш ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар л байгаа?

-Би энэ дүүргийн засаг даргаар ажиллаж байсан учраас дүүргийн эрүүл мэндийн төвийн энэ байр маань оффисын зориулалттай барилга эмнэлгийн нөхцөлд ажиллахад хүндрэлтэй байгаа гэдгийг маш сайн мэднэ. Тиймээс  дүүргийн эрүүл мэндийн нэгдлийг орчин үеийн шинэ барилгатай болгох, 11-ээс доошгүйгээр эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж байх эмнэлэгтэй болох асуудлуудыг үе үеийн удирдлагуудад хандан дамжуулж хөндөж ирж байсан. Саяхан Азийн хөгжлийн банкны шугамаар Монгол Улсад хоёр том жишиг эмнэлэг барихаар шийдвэр гарсан. Түүний нэгийг Чингэлтэй дүүрэгт барих асуудлыг бид хөөцөлдөн бүрэн авсан. Гагцхүү Чингэлтэй дүүрэгт дүүргийн удирдлагууд эмнэлэг барих газрын асуудлыг чөлөөлж өгөх нь нэн тулгамдсан асуудал болоод байгаа. Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүрэгт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шавыг нь тавьж эхлүүлсэн жишиг эмнэлэг баригдаж байгаа. 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)