Л.Эрхэмбаяр: Намын дарга Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй

С.Бүжин


-АН рейтинг тогтоох ямар нэгэн санал асуулга явуулаагүй-

АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэлд өнөөдрийн 12.00 цагийн байдлаар 116 мянга гаруй хүн бүртгүүлж, татвараа төлжээ.  Гишүүдийн бүртгэл өнөөдрийн 24.00 цагт албан ёсоор дуусч, намын даргын сонгууль энэ сарын 29-нд болох юм. Тус намын тооцоолсноор бүртгэл дуусахад 120-125 мянган хүн бүртгүүлж, намын даргын сонгуульд оролцох эрхтэй болно гэж үзэж байна. Гэхдээ орон нутагт цаг агаар хүйтэрч, зарим газар цас их орсонтой холбогдуулан гишүүдийн зүгээс бүртгэлийн хугацааг хойшлуулах хүсэлт ирүүлжээ. Уг хүсэлтийг АН-ын удирдлагууд хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна.

АН-ын Үндсэн дүрмийн дагуу намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгийг тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. Түүнчлэн АН-ын Үндсэн дүрмээр намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй аж. Намын дарга УИХ-ын сонгуульд амжилт гаргасан тохиолдолд Ерөнхий сайд болдог тул шинээр сонгогдсон дарга Ерөнхийлөгчид өрсөлдөхгүй хэмээсэн.

Тэрээр мөн “Олон нийтийн сүлжээ буюу фэйсбүүк, мэдээллийн цахим хуудсуудаар АН-ын даргад нэр дэвшигчдийн үнэлгээ, дэмжигчдийн тоог гаргах олон санал асуулга явагдаж байна. Цахим хуудсуудын санал асуулга бол тухайн сайтын админ өөрөө нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргаж болохоор программчлагдсан байдаг. Тиймээс хэн нэгний төлөө ажиллаж, нэр дэвшигчдийг хагаралдуулах, зөрчилдүүлэх зорилго агуулж байж мэдэх юм. АН-ын зүгээс албан ёсоор ямар нэгэн санал асуулга явуулаагүй, явуулахгүй тул гишүүдийг дээрх мэдээлэлд итгэхгүй байхыг хүсье” гэлээ.

Намын дарга УИХ-ын сонгуульд амжилт гаргасан тохиолдолд Ерөнхий сайд болдог 

АН-ын удирдлагууд гадаадын улс төрийн нам, эвслүүд намын даргаа сонгох дүрмийг судалжээ. Ингэхэд гадаадын улс төрийн хүчнүүд намын даргад өрсөлдөгчид нэг нэгнийгээ муулах тохиолдол байдагч сонгуулийн дараа улс орноо хөгжүүлэхийн тулд нягт хамтран ажилладаг. Тиймээс АН-ын даргад нэр дэвшигчдийг аливаа асуудалд хүлээцтэй, буурь суурьтай хандаж, сонгуулийн дараа улс орноо хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахыг уриалж байгаа аж.

АН-ын зүгээс албан ёсоор ямар нэгэн санал асуулга явуулаагүй, явуулахгүй тул гишүүдийг дээрх мэдээлэлд итгэхгүй байхыг хүсье

Харин намын даргын сонгууль зохион байгуулах хороон дарга Ж.Оюунбаатар “Нэр дэвшигчид одоогоор нийслэлийн хоёр дүүрэг, найман аймагт сурталчилгаагаа хийсэн. Зохион байгуулах хорооны зүгээс сонгуулийг шударга, ил тод, нээлттэй явуулахаар бэлтгэл ажил хангаж байна. Шинэчилсэн бүртгэл дууссаны дараа саналын хуудасыг хэвлэхээр төлөвлөж байна” гэлээ.

Үүний дараа тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр сэтгүүлчдийн сонирхсон асуултад ийн хариуллаа.

-Танай намд шинээр хэчнээн мянган хүн элссэн бэ?

-Шинэчилсэн бүртгэл хараахан дуусаагүй байна. Тиймээс шинэ гишүүдийн тоо гараагүй байгаа. Бүртгэл дууссаны дараа нэгтгээд олон нийтэд мэдээлнэ.

-Таван нэр дэвшигчийн хоёр нь нэрээ татна гэх мэдээлэл байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Таван нэр дэвшигч маань өчигдөр нийслэлд ирэхэд нь бид уулзсан. Тэдний хэн нь ч нэрээ татах тухай яриагүй.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
АН-ын даргад нэр дэвшигчдээс хэнийг дэмжих вэ?
Санал өгөх Үр дүн харах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Ардчилсан намын дарга Ерөнхийлөгчид нэр дэвших, дэвшихгүйг эргүү Эрхэмбаяр мэддэг болоо юу... Битгий улин хуцаж чонон жороол. Эхлээд АН-ын дарга дараа нь Ерөнхийлөгч яригдах ёстой.

    0 0 Хариу бичих
    • Яг үнэн

      0 0

ЭНЭ ТУХАЙ