Марал Ким: “К” соёл ийм хүчтэй байгаа нь Солонгосын төрийн бодлого

М.Уянга


Энэ удаагийн дугаарт Солонгосын “MBC” телевизийн UHD багийн ажилтан Марал Кимтэй ярилцлаа. Тэрээр БНСУ-д кино контентын продюссерын чиглэлээр суралцдаг бөгөөд хичээлийнхээ хажуугаар мэргэжлээрээ ажилладаг юм. Туслах найруулагчаар нь ажилласан “Амьдралоги” уран сайхны киноны нээлтийн үеэр түүнтэй ярилцлаа.

-Өөрийн тань найруулагчаар нь ажилласан “Амьдралоги” кино нээлтээ хийж байгаад баяр хүргэе. Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? 

-Баярлалаа. “Ю Филм” продакш­ны шинэ уран бүтээл болох “Амьдралоги” уран сайхны кинонд туслах найруулагчаар ажилласан. Би зургаадугаар ангиасаа эхлэн Солонгост амьдарсан. Их сур­гуулиа Монголд Кино урлагийн дээд сургуульд найруулагчийн мэргэжлээр сурч төгсөөд Солонгост Данкоокийн их сургуулийн кино контентын мэргэжлийн их сур­гуульд мастер хамгаалж байна.

-Ямар мэргэжлээр сурч байгаа вэ? 

-Кино контент-продюссер гэсэн мэргэжлээр мастер хамгаалж байгаа. Зун “Амьдарлоги” кинондоо ажиллах гээд нэг улирлын чөлөө авчихсан байж байгаад сая “MBC” телевизэд ажилд ороод чөлөөгөө дахиад сунгачихлаа.

 Япон, Хятад, Вьетнам, Тайвань зэрэг улс солонгос кино үзэж, солонгос хөгжим сонсдог болсон. Солонгос хамтлаг Европт концерт тоглоход том танхим пиг дүүрдэг болсон. Энэ соёл ийм хүчтэй байгаа нь Солонгосын төрийн бодлого.

-Энэ сургуулийг сонгож суралцах болсон шалтгаан нь юу байв. Ер нь давуу тал нь? 

-Азидаа хамгийн том цар хүрээтэй гэж хэлж болох Бусаны кино наадмын ерөнхий Ким Дунг Ху багш манай сургуулийг байгуулсан. Солонгостоо ганцхан байдаг MFA зэрэглэл өгдөг мэргэжлийн магистрын сургууль. Солонгосын кино талбар дээр ид ажиллаж байгаа багш нар заадаг. Бас гадны мундаг киночдыг урьж хичээл оруулдаг. Намайг байхад Лэус Каракс, Сува Нобухиро, Кристоф Гаанс, Нан Сон Ши, “Mopek” студийн захирал Жонг Сонг Ху, Жанг И Му-н киноны продюсер Ицияама Шюу Жу зэрэг алдартай хүмүүс хичээл орж байсан. Мөн өвлийн амралтаар “winter training project” гээд гадагшаа семинарт явуулдаг. Энэ хөтөлбөрийн дагуу би Холливүүдийн Entertainment Partners, PGA, Walt Disney Studios, LA Central Studios(Vortex театр), Paradigm talent Agency (Кино зохиолчдын менежментийн агентлаг), Maker Studio, Reload(VR), Blizzard зэрэг студиудад очиж олон уран бүтээлч, хөдөлмөрч хүмүүстэй уулзсан. Гуравхан долоо хоногийн богинохон хугацаа байсан хэдий ч надад маш их зүйл ойлгуулсан, бодогдуулсан үнэтэй цаг мөч байсан.

-Манай улсад бол төрийн их, дээд сургуульд орж суралцахад босго өндөртэй. Харин хувийн хэвшлийн сургуулиудад төлбөрөө төлсөн тохиолдолд бусад шалгуур нь харьцангуй бага байдаг. Тэгэхээр өөрийн тань суралцаж байгаа сургуулийн хувьд ямар шалгуураар оюутан элслүүлдэг вэ?

-Хувийн танилцуулга, портфолио, ярилцлага гэсэн дараалалтайгаар шалгалт өгч байсан. Ер нь киноны мэргэжлийн бусад сургуулиуд ч бас төстэй шалгууртай гэж бодож байна. Солонгост гадаад оюутнуудыг дэмжих хөтөлбөр их байдаг. Хэлэндээ сайн бол улсын сургуульд төлбөргүй сурах боломжтой. Миний хувьд ахлах, дунд сургуулиа Солонгост сурсан учир тэтгэлэгт хамрагдаагүй.

-Монголоос суралцахаар очсон оюутнууд хэр олон байна вэ?

-Солонгос даяар бол нийт суралцдаг гадаад оюутнуудын хоёрдугаарт монгол оюутнууд бичигддэг гэж сонссон. Манай сургуулийн хувьд надаас гадна нэг америк оюутан бий.

-БНСУ-д суралцахынхаа хажуу­гаар мэргэжлээрээ ч юм уу, ажиллах боломж хэр байдаг вэ? 

-Хичээлийн цагтай давхцуулах­гүйгээр зохицуулан сурангаа ажил­лаж болно оо. Би сургуулийнхаа хамгийн бага нь. Ах эгч нар маань дандаа л ямар нэг студи агентлагт харьяатай мэргэжлийн хүмүүс байдаг. Над шиг бакалавраа төгсөн­гүүтээ орж ирсэн оюутнууд бараг байдаггүй.

-Өмнө нь ямар ямар уран бүтээл дээр ажиллаж байсан бэ?

-Яг мэргэжлийнхээ дагуу ажилла­сан албан ёсны бүрэн хэмжээний кино бол “Амьдралоги”.

Солонгос дунджаар жилд нэг хүн кино театрт кино үздэг хувиараа Холливүүд, Хятадыг ардаа үлдээж дэлхийд тэргүүлдэг. Өөрөөр хэлбэл солонгосчууд кинонд хамгийн дуртай ард түмэн гэсэн үг.

-Уран бүтээлийн санал хэр их ирдэг вэ?

-Солонгост байдаг болохоор Монголд танил муутай. Одоохондоо Ундармаа эгчээс л дараа дараагийн кинонуудын санал ирж байна даа.

-“Амьдралоги” киноны най­руулагчаар ажиллах болсон тухайгаа яриач?

-Зуныхаа амралтаар ирээд шинэ кинонд нь түр ч гэсэн тусалъя л гэж бодож байлаа. Эхэндээ Ундармаа эгч намайг кастинг дээр ажиллахыг санал болгосон. Дараа нь би сургуулиасаа чөлөө аваад продакшнд нь ажиллахаар товлогдсон. Туслах найруулагчаар ажиллахыг хамгийн түрүүнд санал болгосон хүн бол манай киноны ерөнхий найруулагч С.Батмөнх ах байсан. Гар бариад “Би чамайг туслахаараа авлаа, хоёулаа тэгээд тохирчихъё” гэсэн. Киноны пре продакшн явцад найруулагчтай анх танилцаад найруулагчийн зохиол дээр ажиллахад их сонирхолтой зугаатай байсан. Дараа нь Ундармаа эгч албан ёсоор санал тавьсан.

-Манай монголчууд сүүлийн жилүүдэд савангийн дуурь гэгддэг солонгос кинонуудыг их үздэг болсон. Телевизүүд ч гэсэн солонгос сериал их гаргадаг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ. Тэндэхийн иргэд өөрсдөө солонгос сериал хэр үздэг вэ. Үнэхээр эрэлттэй байдаг кино юу, манай монголчууд эрэлтийг нь ихэсгээд байна уу. Та тус улсад энэ чиглэлээр суралцаж байгаа учраас энэ талаар тодорхой мэдээлэлтэй байдаг байх?

-Монголын зах зээл жижигхэн шүү дээ. Яг үнэндээ монголчууд хэчнээн их солонгос кино үзлээ гээд эрэлтийг нь ихэсгэж шалихгүй. Зөвхөн Монгол ч биш Азийн маш олон орон солонгос киног үзэж байгаа. “K” урсгал гэж нэрлээд байгаа Солонгосын соёлыг гадагшаа сурталчлах тал дээр их сайн ажилласан. 1960, 1970-аад оноос л солонгосчууд өөрсдийн контентоо гадагшаа зарах талаар судалж эхэлсэн. Эхлээд киногоо Япон руу зардаг байсан. Дуучид нь дуугаа англи хувилбараар давхар гаргадаг байсан. Тийм хүчин зүтгэлүүд байсан учраас одоо Япон, Хятад, Вьетнам, Тайвань зэрэг улс солонгос кино үзэж, солонгос хөгжим сонсдог болсон. Солонгос хамтлаг Европт концерт тоглоход том танхим пиг дүүрдэг болсон. Энэ соёл ийм хүчтэй байгаа нь Солонгосын төрийн бодлого.

Монгол болон Солонгосын кино урлагийн хамгийн том ялгаа нь зах зээл. Хүн ам цөөтэй улсад кино урлаг хөгжих явц удаан байхаас өөр аргагүй.

-Монгол, БНСУ-ын кино урлагийн ялгаа хэр их вэ. Юугаараа ялгаатай вэ?

-Хамгийн том ялгаа нь зах зээл. Хүн ам цөөтэй улсад кино урлаг хөгжих явц удаан байхаас өөр аргагүй. Яагаад гэвэл кино бол хамтын бүтээл. Маш олон хүн дор дороо хариуцсан ажлаа яг таг хийж байж кино төгс болно. Гэтэл монголчууд цөөхүүлээ учир нэг хүн олон ажил дааж авах шаардлагатай болдог. Нэг хүн олон ажлыг төгс давж гарахад кино хэтэрхий хүндэдсэн урлаг. Эндээс алдаа дутагдал гарахгүй байна гэж байхгүй. Мэдээж жижиг зах зээлдээ тааруулсан цөөхөн хүний бүрэлдэхүүнээр, үнэтэй техник хэрэглэлгүй утга санаа зэрэг өөр зүйлээрээ гайхагдах сайн хийсэн кинонууд Монголд байгаа. Гэвч продюссер хүний хувиар одоо цагт Холливүүд сонирхолтой болсон. Монгол үзэгчдийн сонирхолд нийцүүлсэн кино хийе гэвэл хүч дутах нь үнэн. Солонгос дунджаар жилд нэг хүн кино театрт кино үздэг хувиараа Холливүүд, Хятадыг ардаа үлдээж дэлхийд тэргүүлдэг. Өөрөөр хэлбэл солонгосчууд кинонд хамгийн дуртай ард түмэн гэсэн үг. Солонгос үзэгчид кинонд дуртайнхаа хэрээр киног мэддэг, мэдлэгтэй үзэгчид байдаг. Бас Солонгосын кино Холливүүдийн киног бодвол зөөлөн Ази уянгатай, том зах зээлтэй Хятадыг бодвол утга агуулгын хорио багатай учир кино хөгжихөөс өөр аргагүй орчин нь бүрдсэн орон юм болов уу гэж бодож байна.

-Тэд киноны дүрийн сонголтыг хэрхэн хийдэг вэ. Царай чухал уу, жүжиглэлт чухал уу?

-Яг энэ нь чухал гэж хэлж болохгүй байх. Тухайн төслийн зорилгоос ч юмуу үзэгчдээс шалтгаалаад продюссер тэрийг шийднэ. Хэрвээ жүжиглэлт нь бага зэрэг тааруу хэрнээ маш алдартай царайлаг жүжигчин, эсвэл царай муутай жүжиглэлт маш сайтай гэхдээ дэмждэг хүнгүй хоёр жүжигчин байна гэхэд ашгийн зорилготой, залуу үзэгчдэд зориулсан кино хийж байсан бол эхнийхийг нь сонгох нь ойлгомжтой. Ихэвчлэн арван жилийнхнийг татсан телевизийн олон ангит кинонууд тийм сонголт­той байдаг.

-Нэг кино бүтээхэд дунджаар хэдий хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Солонгост энгийн бүрэн хэмжээний комершл кино дунджаар 2-3 жилийн дотор бүтдэг. Олон ангит кинонууд бол их шуурхай явагдана. 16 ангитай киноны зураг авалт хоёр сар л болдог. Түүхэн кино ч юмуу ажиллагаа ихтэй кино бол мэдээж илүү хугацаа зарна.

-Саяхнаас Солонгосын MBC телевизэд мэргэжлээрээ ажиллах болсон гэсэн. Ачаалал хэр байна вэ?

Ачаалал их байдаггүй. Хийх юмаа хийчихэд л болно. 10, 20 жил ажилласан гол хүмүүс нь хонож өнжих үе гардаг юм байна лээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх