Жоргүй олгодог эмүүд мансуурагчдын өгөөш болсоор байна

Ү.Гэрсэнз


Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулж, түгшүүрийн харанга дэлдэж эхэллээ гэсэн сүржин агуулгатай мэдээ, нийтлэл, нэвтрүүлэг сурвалжлага бэлтгээгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үлдээгүй бизээ. Энэ сэдвээр ярьж, бичихээрээ өнөөх улигт метамфетамин /мөс/, экстаси, өвс /каннабис/, шавар /морок/ зэргийг л тоо баримттай хавсарган мэдээлдэг. Хууль хяналтын байгуулагууд ч энэ хүрээнд сайн тэмцэл өрнүүлж буй. Гэвч “дахан доогуур үймүүлдэг”, хэнд ч сэжиг ажиг төрүүлэхгүйгээр ханиадны эм уун мансууран донтогчдын цар хүрээ улам өргөжин тэлж буйг харин анхаарч, ажигласан билүү?

Комикс эмийг сурагчид, оюутнууд түлхүү хэрэглэх болсон шалтгаан нь эмийн үнэ хямд, нэг уут нь 350 төгрөг буюу 20 ширхэгийг авлаа гэхэд ердөө л 7000 мянган төгрөгөөр мансуурч буй учир тогтсон орлогогүй хүүхэд залуус сөрөг муу нөлөөг нь анзаарах, сэрэмжлэх сөхөөгүйгээр донтон хэрэглэж байна. 

Эм бэлдмэлийг хэтрүүлсэн тунгаар ууж донтогчдын хувьд хамгийн “таатай” үе нь хүйтэн сэрүүний улирал болдог гэх бөгөөд эмийн сангаар үйлчлүүлэгчдийн ачаалал ихсэн, тэр хэрээр хяналт, анхаарал сулардаг учраас ханиадны, харшлын, өвчин намдаах үйлчилгээ бүхий эм бэлдмэлийг их хэмжээгээр худалдан авах аятай нөхцөл бүрддэг гэнэ. Ханиалга намдаах, халуун буулгах, хоолойны өвчлөлийн эсрэг хэрэг­лэдэг комикс /komix/ хэмээх гурван төрлийн савлагаа бүхий шингэн сироп эмийг 20 ширхэгээс дээш хэмжээгээр худалдан авч уудаг мансуурлын шинэ хэлбэр дэлгэрээд  хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ. Жил ирэх тусам дээрх эмийг өвчин намдаах, эдгээх  зориулалтаар нь  бус хэт их тунгаар уун, мансуурах зорилгоор хэрэглэгчид улам олширч байгаа аж. Уг эмийг мансууруулах зорилгоор хэрэглэгчдийн тэн хагасыг дунд сургуулийн ахлах ангийн сурагчид, оюутан залуус бүрдүүлж байна. Комикс эмийг сурагчид, оюутнууд түлхүү хэрэглэх болсон шалтгаан нь эмийн үнэ хямд, нэг уут нь 350 төгрөг буюу 20 ширхэгийг авлаа гэхэд ердөө л 7000 мянган төгрөгөөр мансуурч буй учир тогтсон орлогогүй хүүхэд залуус сөрөг муу нөлөөг нь анзаарах, сэрэмжлэх сөхөөгүйгээр донтон хэрэглэж байна. Комикс эмийн найрлагад донтуулах, мансууруулах нөлөө­тэй бодис агуулагдаагүй хэдий ч харшлын эсрэг үйлчилгээтэй хлорфенамин, гормоныг дэмждэг бодис болох  декстрометорфан /DXM/  агуулдаг учир хэтрүүлсэн тунгаар хэрэглэхээр жингүйдэх, хүүхэн хараа томрох, элдэв хийсвэр зүйл харж, сонсох үзэгдэл мэдрэгдэж эхэлдэг аж. Мансууруулах үйлчилгээний хугацаа урт үргэлжилдэг, эмийн үйлчилгээ гарсны дараагаар тархиар хатгуулах, ходоод өвдөх, дотор муухай оргих зэрэг шарталтын шинж илэрдэг дээрх эмийг зуршил болгон  ууж хэвшвэл үүнээс илүү хор уршигтай гэнэ. Хэдийгээр эмийн найрлагад парацетамол агуулагдаагүй учир элгэнд муугаар нө­лөө­лөхгүй ч, декстрометорфан  гэх гормоны төрлийн эм агуулагддаг учир их хэмжээгээр дасал болгон хэрэглэхээр дархлаа сулардаг, улмаар ходоодны хананд өөрчлөлт орж ходоодны цооролт үүсгэдэг аюултайг мэргэжлийн эм зүйч анхааруулж байв. Үүнээс үүдэн ходоодоо тайруулж авахуулсан тохиолдол ч сүүлийн нэг жилийн хугацаанд 50 гаруй р бүртгэгдсэн бөгөөд, дээрх тохиолдлын 90 гаруй хувийг дунд сургуулийн сурагчид эзэлж байгаа нь бүр ч харамсалтай. Олон улсын хэмжээнд комикс эмийг хориглоогүй, эмчийн жороор авдаггүй учир уг эмийг хэрэглэж мансуурдаг этгээдүүдэд хяналт шалгалт тавих боломж тэр хэрээр бүрэлдэж өгөхгүй байгааг мэргэжлийн хүмүүс учирлаж байв.

Энэ бүхний хамгийн том буруутан нь өнөөх л эрүүл мэндийн цогц бодлого. Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт хангалтгүй байгаа, эмийн худалдаа замбараагүй ихэссэн зэрэгтэй шууд хамааралтай. Нийслэлийн эрүүл мэндийн газраас өгсөн мэдээллээр нийслэлд өнөөд­рийн байдлаар 645 эмийн сан албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнээс эмнэлгийн эмийн сан 37, нэгдүгээр зэрэглэлийн 137, хоёрдугаар зэрэглэлийн 471 эмийн сан байдаг аж. Хамгийн гол нь мэргэжлийн эмзүйч эмийн сан бүхэнд ажилладаггүй нь хамгийн том цоорхой болж байна. Түүгээр барахгүй хотын захын жижиг эмийн сангууд бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулахын тулд тэр бүр жор, эмчийн бичиг нэхээд байдаггүйн гайгаар сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл авч хэрэглэгчдийн тоо улам л нэмэгдсээр байна.

Комикс эмийн найрлагад парацетамол агуулагдаагүй учир элгэнд муугаар нөлөөлөхгүй ч, декстрометорфан  гэх гормоны төрлийн эм агуулагддаг учир дасал болгон хэрэглэхээр дархлаа суларч, ходоодны цооролт үүсгэдэг аюултайг мэргэжилтнүүд анхааруулж байв.

Эмийн сангаас мансууруулах зорилгоор авч хэрэглэдэг эм, шахмал ганц комиксоор зогсохгүй. Китамин хэмээх өвчин намдаах зорилгоор хүнд хэрэглэдэг байсан ч сөрөг гаж нөлөө олонтай ажиглагдсан тул хү­ний хэрэглээнээс хасаж, одоо зөвхөн мал, амьтанд өвчин намдаах, наргоз хийх зорил­гоор хэрэглэх болсон дээрх бэлдмэлийг мал амьтны эмийн сангаас худалдан авч ман­суурагчид ч цөөнгүй. Уг эмийг их хэм­жээгээр хэрэглэхээр хий юм үзэж харах, элдэв гаж үзэгдэл харагдуулдаг сөрөг нөлөөтэй учир хэрэглээний жагсаалтаас гарган мал, амьтанд өвчин намдаах, унтуулж тайвшруулах, булчин сулруулах зорилгоор хэрэглэдэг болсон ч чухам тэр гаж нөлөөг авах зорилгоор хэрэглэдэг болжээ. Өмнө нь хүнд мэс ажилбарын улмаас наркозод орж байсан болон архинд донтох эмгэгтэй байсан хүнд уг эмийг хэрэглэхийг хатуу хориглодог ч төрөөс баримтлах эмийн тухай бодлого зохицуулалт сул учир шийдвэрлэж чадахгүй байсан хэвээр байна.

Түүнчлэн  трамадол буюу өвчин намдаах эмийг мөн мансуурах зорилгоор хэрэглэх тохиолдол ихэсчээ. Уг эм нь хагас синтетик химийн аргаар гарган авсан хар тамхины төрлийн бодис гэнэ. Эл эмийг эмчийн зөвшөөрлийн бичгээр олгодог нэртэй бо­ловч дурын жижиг эмийн сангаас ороод асуухад ямар ч жор, эмчийн бичиг нэхэлгүй худалдаж буй нь гашуун үнэн. Дээр дурьдсан гурван эмтэй харьцуулахад Трамадолын шартах хам шинж маш их байдаг бөгөөд ясны өвдөлт, булчингийн өвдөлт маш ихээр зовиурлан илэрдэг тул бүр ч уршигтай. 

Эл нийтлэлээрээ сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг сурталчилан таниулах, ман­суу­ран донтогчдыг өгшүүлэх гэсэнгүй. Гагц­хүү найман нэрийн дэлгүүрээс ду­тахаар­­гүй олширсон зөвшөөрөлтэй, зөвшөө­рөл­гүй эмийн сангуудын худалдаа, үйл ажил­лагаанд хяналт шалгалт сайтар тавих хууль хяналтын тогтолцоотой болох цаг болжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ингээд мэдээлэл болгоод тавьчихаар чинь мэдэхгүй хүмүүс мэддэг болж эхлээд улам л хэрэглэгчдийн тоог нэмээд байх юм. би хүртэл одоо авч үздэг юмуу гэж бодоод явж байнадаг....

    5 2 Хариу бичих