Адуугаараа алдартай Батноров нутаг минь

Oyunbadrakh Erka


Санаж хайрлах, бахархах нутагтай байна гэдэг дэндүү сайхан. Хүй дарсан чулуу, хөлд орсон шороондоо санахын тоогоор очиж чадахгүй ч оюун бодлоороо нутагтаа очиж санасан бүхнээ төсөөлөн харах мөч хамгийн сайхан. Зуны сар гарангуут цэцэг алагласан тал, зөөлөн шиврээ бороо нь өөрийн эрхгүй нүдэнд төсөөлөгдөнө. Харин намрын яг энэ үед шаргалтсан өвс халиурсан Хөхүүрийн тал бүр ч илүү бодогдоно. Ер нь санахгүй бодохгүй мөч гэж бараг үгүй. Өчигдөрхөн л гэхэд гудамжинд зөрөх хүмүүс есдүгээр сарын тухай ярилцахад сумынхаа дунд сургуульд дэгж дэрвэж явсан хамгийн гэгээлэг есдүгээр сарын 1-нээ жаргалтай гэгч нь санав.

Монгол орны бүх л уул ус толгод ширхэг чулуу нь хүртэл утга учиртай байж бидний зүрхэнд байнга санагддаг нь учиртай. Нутаг бүхэн өөрийн бахархах, хайрлах, түүхтэй байдагтай адил манай нутаг ч гэсэн олон бахархах зүйл бий. Түүнээс онцлон адууны өв соёлынх нь талаар цухас хүргэе.

Хөхүүрийн тал хэмээх энэ газрыг Чингис хаан, Боорчи хөлөг баатар хоёрын анх уулзаж нөхөрлөсөн газар хэмээн түүхэн газар зүйч,доктор, профессор О.Сүхбаатар, “Чингис хаан” дээд сургуулийн эрдэмтэн багш нарболон нутгийн эрдэмтэн, зохиолч Ж.Саруулбуян нар тогтоосон юм.

Үүнээс хойш хөлөг баатар Боорчийн гэрэлт хөшөөг 2003 онд сүндэрлүүлж манай нутгийнхан Боорчийн нутгийнхан хэмээн овоглох болсон түүхтэй. Наху баяны түм түмэн адуу идээшилж ирсэн  манай сум адууныхаа тоо толгойгоороо хэзээнээсээ л улсдаа алдартай байв. Өнгөрсөн жилийн мал тооллогоор Өвөрхангайн Бүрд сум 28 мянга, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум 27 мянга, Хэнтий аймгийн Батноров сум 25 мянган адуу тоолуулж хамгийн их адуутай сумдын тоонд багтсан. Адууныхаа тоотолгойгоор улсад нэгдүгээрт олон жил эрэмбэлэгдэж байсан ч 2008 онд болсон байгалийн гамшигт үзэгдлийн үеэр 9000 адуугаа алдаж тоо толгой нь буурсан юм.

Гэртээ очих өдөр хамгийн жаргалтай өдөр ч загнуулах хэрэг хийгээд очиход нутгийн минь сүрлэг уулс дүнхийж аав ээжээс минь төрүүлж зэмлээд ч байх шиг санагдана. 

Тавдугаар сарын цэв цэлмэг өдөр цасан шуурга шуурч арав гаруй хүний эрдэнэт амийг авч одсон тэр нэгэн бүрхэг өдрийг одоо хүртэл бид мартаагүй. 90 гаруй мянган малаа алдаж хотоо харлуулсан малчдын нулимс, амьдаар нь дэл сүүлийг нь хайчилсан гутамшигт наймаачид, ээж аав, ах дүүгээ алдсан тэр нэгэн бүрхэг өдрийг одоо ч санан дурсан эмгэнэл илэрхийлдэг юм.

Манай нутгийн өөр нэг бахархал нь Халх даяар алдартай “Батноров” хийц. Урандархан Б.Ишжамц буюу Тожилын  алт мөнгөн эдлэлийн хэлбэр хийц нь улс орон даяаралдаршиж, эдүгээ Батноров сумын айл бүрт Тожилын хийцийн эмээл, хазаар, мөнгөн аяга, хормойн боолт хадгалагдаж байгаа юм. Мөн манай сум нь 1997 онд нэг түмэн адууны баяраа Батлан хамгаалах яамтай хамтран хийж Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Батноров сумандаа анх зохион байгуулж байсан түүхтэй.

Үүнд манай сумын заан, уяач Пунцагсодном гуай анхны хүрэл медалийг авч байсан бол 2014 онд Ерөнхий сайдын ивээл дор болсон “Адуучин” тэмцээнд Батноров нэгдүгээр багийн малчин Амбаадагдангийн Алтаншагай түрүүлж Монгол Улсын шилдэг адуучин болсон юм. Мөн 2015 онд зохион байгуулсан “Адуучин2015” наадамд А.Алтаншагай мөн л хоёрдугаар байрыг эзэлж манай нутгийн адууны соёл хэр төвшинд хөгжсөнийг харуулсан юм. Өөр нэг сонирхолтой түүх дурдахад, морины хэмээн алдаршсан Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Батбаярын дуулснаар олны хүртээл болсон “Хардэл бэйсийн унага” хэмээх алдарт дууны үгийг энэ нутгийн хүү соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян үгийг нь зохиож байсан юм.

Эргээд буцахын цагт ханхайж суусан сүрлэг уулс минь нулимсан дунд минь бүртийж жижигхэн толгод шиг торойн үлдэх нь аавын минь араншинтай дэндүү адилхан санагддаг.

Манай нутгийн өөр нэгэн бахархал нь ардын хувьсгалын партизан, анхны долоогийн нэг Дарьзавын Лосол билээ. Монгол Улсын түүхэнд гавьяа байгуулсан түүний алдрыг мөнхлөх зорилгоор Батноров сумын 12 жилийн ерөнхий боловсролын сургуулийг 2012 онд түүний нэрэмжит болгож энэ жил түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа. Хүн байхын үндэс суурийг тавьсан, чин сэтгэлээсээ шавь нарынхаа төлөө гэдэг багш нартайгаа удахгүй уулзана гэхээр сэтгэл нэг л жаргалтай. Ер нь нутаг руугаа зорих боломж олдвол  хэд хоногийн өмнөөс догдлон хүлээж үлдсэн өдөр хоногуудыг арайхийн өнгөрөөнө. Гэртээ очих өдөр хамгийн жаргалтай өдөр ч загнуулах хэрэг хийгээд очиход нутгийн минь сүрлэг уулс дүнхийж аав ээжээс минь төрүүлж зэмлээд ч байх шиг санагдана. Харин эргээд буцахын цагт ханхайж суусан сүрлэг уулс минь нулимсан дунд минь бүртийж жижигхэн толгод шиг торойн үлдэх нь аавын минь араншинтай дэндүү адилхан санагддаг. Хүнд хэцүү үедээ нутгаа бүр ч илүү санадаг. Яг л аав ээж дүү нараа санадаг шиг хайрлаж, үгүйлэн бэтгэрнэ.

О.Эрдэнэчимэг

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонины 2015 оны наймдугаар сарын 11-ний дугаарт хэвлэгдэж байсан.
Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)