ТЭМДЭГЛЭЛ: Их Британи дахь монгол оюутны амьдрал хэрхэн өрнөдөг вэ...

Д.Төмөртогтох


Хэзээ нэгэн цагт хүн бүрт л гадаадад сурах ямар бол гэсэн бодол зурвас орж ирж байсан гэдэгт итгэлтэй байна. Мөн тэдний тодорхой хэсэг нь Англид сурах ямар болоо гэж сонирхож байсан биз ээ.  

Та бүхний гайхширалд хариулт өгөх зорилгоор Англид хэрхэн суралцаж буй талаараа, бас энд суралцах хугацаандаа юу мэдэж, харсанаа бичихийг хичээлээ.

-Инженерчлэлийн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийгддэг Шэйффиелдийн их сургууль-

Дэлхийн анхдагч сургуулиудын нэг үүсч, их сургуулийн систем үүсэн бүрэлдсэн Английн тухай яриагаар нийтлэлээ эхэлье. Хүн бүрийн мэдэх алдарт Харвардын сургууль бол эндхийн нэг сургуулийн салбар гэж тооцогддог. Боловсролын системийн өнө эртний түүхтэй Англи оронд эдүгээ 130 их сургууль үйл ажиллагаа явуулдаг. Бүгд л их бага хэмжээгээр гадаад оюутантай бөгөөд сургуулийнхаа нэр хүндээс хамаараад гадаад оюутны тоо харилцан адилгүй. Сайн сургуульд олон гадаад оюутан суралцдаг жишигтэй гэж ойлгож болно.

Монголчууд бид бүх машиныг Мерседес ба бусад, их сургуулийг Харвард болон бусад гэж хуваан ойлгодогтой адил Англид их сургуулиудыг Кэймбридж (University of Cambridge), Оксфорд (Oxford university) болон бусад гээд амархан ангилчихаж байгаа юм. Миний сурдаг сургууль бол тэр бусад гэх ангилалд ордог.

Манай хот Шэйффиелдийн их сургууль, Шэйффиелд Халлам их сургууль гэсэн хоёрхон их сургуультай манай хот Английн хойд хэсэгт оршдог бөгөөд Лондонгоос 230 км зайтай.

Тодруулбал, Би Шэйффиелд хотын Шэйффиелдийн их сургууль (The University of Sheffield) –д суралцдаг. Манайхан энэ хотыг төдийлөн сайн мэдэхгүй л болов уу даа. Хөлбөмбөгийн гүнзгий мэдлэгтэй улаан фанатууд бол энд дэлхийн хамгийн анхны хөлбөмбөгийн клуб үүссэн гэж мэднэ.

Шэйффиелдийн их сургууль, Шэйффиелд Халлам их сургууль (Sheffield Hallam University) гэсэн хоёрхон их сургуультай манай хот Английн хойд хэсэгт оршдог бөгөөд Лондонгоос 230 км зайтай. Манай сургууль 1905 онд үүсгэн байгуулагдсан ба Английн шилдэг 24 их сургуулийг багтаасан Рассель группт (Russell Group) багтдаг.

Миний хувьд Шэйффиелдийн их сургуулийн компьютерийн шинжлэх ухааны салбар тэнхимийн компьютерын шинжлэх ухааны бакалаврын зэрэгт горилон суралцагч.

Шэйффиелдийн их сургуультай холбоотой сонирхолтой баримтууд гэвэл:

  • Эндээс нийт таван Нобелийн шагналтан төрөн гарсан байдаг. Голдуу инженерчлэлийн салбар тэр дундаа химийн салбарын эрдэмтэд юм билээ. Тийм болохоор ч юм уу энд тэнд химийн бодисоор дүүрэн том том баллонууд байна даа. Бас карт уншиж ордог тусгай өрөөнүүд гэх мэт зүйлс их бий.
  • Сургуулийн маань инженерчлэлийн танхим гадаадаас авдаг хөрөнгө оруулалтаараа 2013 онд Кэймбриджийн их сургуулийн өмнө бичигдэж, инженерчлэлийн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт авдаг их сургууль болсон.
  • Дээрх хөрөнгө оруулалтын хэдэн хувь нь манай танхимд зориулагддагийг мэдэхгүй ч сургуулийн судалгааны ажлын 92 хувь нь дэлхийд тэргүүлэгч, олон улсад нэр хүндтэй гэх ангилалд багтдаг. Тус үзүүлэлтээрээ Англид тавдугаар байранд бичигддэг.
  • Харин бакалаврын зэрэг хамгаалсан бүх оюутнууд нь зургаан сарын дотор ажилд ордог эсвэл дараагийн төвшний зэрэг горилох болдог. Иймээс бакалаврын зэргийн сургалтын чанараараа Англид хамгийн сайн нь гэх тодотголтой.

За сургууль нэг иймэрхүү. Харин сургалт, сурах үйл явц, багш, оюутан, их сургуулийн амьдрал, номын сангийн  тухай яривал бүр ч сонирхолтой.

-Хайсан бүх судалгааны материал, номоо олох боломжтой онлайн хайлтын систем-

Хичээлийн эхний өдрөөс эхлээд л бага багаар эдгээр зүйлийг багтаан өгүүлье.

Сургалт хариуцсан албаны гүйцэтгэх захирлын мэндчилгээг том танхимд цугларсан шинэ оюутнууд сонссоноор хичээлийн эхний өдөр эхэлж билээ. Бид төгсөх үедээ тэр нөхөртэй дахиж нэг таарч гар барина, түүнээс бусад үед таарах тохиолдолд байвал нэлээд муу зүйлийн дохио л гэсэн үг.

Үүний дараа тэнхимийн захирлын яриа болно. Эндээс эхлээд л хатуу ширүүн оюутны амьдрал эхэлж байгаа юм даа.

Зул сарын баяраа тэмдэглэхээр ихэнх оюутнууд нутаг буцдаг учир шинэ жилийн үеэр номын сан хоосон байх нь гэж бодож байтал 12-р сарын 30-нд 474 хүн байсан гээд боддоо.

Захирал маань шууд л биднийг 2000 гаран хүнээс сонгож авсан, өөрийн байр сууриа үнэтэй байлгахыг захиад л, сургуулийнхаа итгэлийг алдахгүй байхыг хүсээд л, хажуугаар нь курсын сургалт их хүндэд тооцогддог, ирэх хэдэн жилд хөлсөө маш их урсгах ёстойг сануулаад, үүний зэрэгцээ оюутан байх хугацаанд л дэлхийн мэдлэгийн их өв, шинжлэх ухааны бүх мэдээллийн эх сурвалж, өөрийнхөө мэдлэгийг тэлэх бүх боломж олдоно гэж захина даа. Энэ тал дээр ч үнэхээр тоглоомгүй үнэн шүү.

Сургуулийн номын сангаас онлайнаар хайлт хийхэд дэлхийн бүх шинжлэх ухааны сэдэвтэй холбоотой сэтгүүл эрхлэн гаргадаг байгууллага, судалгаа хийдэг төвүүд, ном хэвлэн гаргадаг их сургуулиудын бүх ном, товхимол, судалгааны ажлын архивчилсан мэдээллийг олж болдог нь сайхан. Мөн эндээс тохирох хайлтаа хэвлэмэл байдлаар авах хүсэлт гаргана эсвэл онлайнаар уншчихдаг юм.

Олдсон хайлтад тухайн судалгааны ажлын талаар бүх мэдээлэл нь тодорхой байна. Нийтлэгдсэн он сар, сэдвийн агуулга, түлхүүр үгнүүд, хэдэн удаа иш татагдсан гээд л. Яагаад гэхээр тухайн хайлт үгэнд таарах дэлхий дээрх бүхий л судалгааны ажил гарч ирж байгаа шүү дээ.

Сурах бичгүүдийг сонгохдоо хүртэл дурын нэг хүний бичсэн номыг биш академик суурь, техникийн мэдлэг сайн олгох “САЙН” бүтээлүүдийг л номын санд тавина.

Зөвхөн англи хэл дээр ч биш, испани, франц, япон хэл дээр хүртэл судалгааны материалууд олж болно. Эндээс өөрийн хүссэн бүхнээ сурч болно биз?

Дээрх онлайн материалаас гадна эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, судалгааны ажлын тайлан, эрдэмтдийн судалгааны эмхэтгэл, оюутнуудын хийж гүйцэтгэсэн дипломын ажил, бусад ном товхимолууд хэвлэмэл хэлбэрээрээ номын санд буй. Сурах бичгүүдийг сонгохдоо хүртэл дурын нэг хүний бичсэн номыг биш академик суурь, техникийн мэдлэг сайн олгох “САЙН” бүтээлүүдийг л номын санд тавина.

-Жилийн 365 өдөр 24 цагаар ажилладаг номын санд баярын үеэр ч оюутнууд дүүрэн байдаг-

-Өглөөний 10 цагийн байдлаар номын санд байгаа оюутнуудын тоо-

Бүх номын сан жилийн 365 өдөр 24 цагаар ажиллана. Дуртай үедээ очоод компьютерийн ширээ, багаар ажилладаг ширээ, ганцаар ажилладаг ширээнд сууж болохоос гадна зөөврийн компьютерийг өөрийн үнэмлэхээр түрээсэлж аваад хаа дуртай газраа сууж болно.

Мөн салбар сургуулиуд болгон байрандаа жижиг номын сантай. Номын сангуудад хангалттай суудал, өрөө, компьютерууд байдаг ч суудал олох гэдэг бас л хөөрхөн ажил болно.

Суралцана гэдэг зөвхөн хичээлдээ яваад дүн авах биш, өөртөө мэдлэг хурааж авахын нэр гэдгийг батлах шиг л...

Өглөө 6:30 цагт номын санд ирэхэд оюутнууд байж л байна. Ер нь 9:00 цагаас хойш тэгээд дүүрч эхэлнэ дээ. Үдээс хойш бол оюутнууд номын сан руугаа орох гэж дараалаад зогсож байхыг цөөнгүй удаа харсан.  

Англи болон Европ оюутнууд намрын улирал дуусч, Зул сарын баяраа тэмдэглэхээр ихэнх нь буцдаг учир шинэ жилийн үеэр номын сан хоосон байх нь гэж бодож байтал 12-р сарын 30-нд 474 хүн байсан гээд боддоо.

Суралцана гэдэг зөвхөн хичээлдээ яваад дүн авах биш, өөртөө мэдлэг хурааж авахын нэр гэдгийг батлах шиг л...

-Сургалтандаа робот ашигладаг инженерчлэлийн салбар... -

Би инженерчлэлийн чиглэлээр сурдаг учраас робот гэх мэт сонирхолтой, өөр сургалтын төхөөрөмжийг ашиглах боломжтой. Жишээ нь гэхэд, бид өнгөрсөн улиралд угсардаг лего робот болон бүрэн ажиллагаатай биеэ даасан роботыг хичээлдээ ашигласан.

Надад лего робот их таалагдсан. Энэ роботыг угсраад компьютерт холбоод програмчилж болдог. Өөртөө өнгө мэдрэгч, хөдөлгүүр, дуу авиа гаргагчтай. Одоо энэ робот дээр хийх даалгавартай л сууж байгаа. Удахгүй багийнхан маань амралтаасаа эргэж ирээд даалгавраа гүйцээж хийнэ дээ.

Нөгөө робот нь өөрийн гэсэн биеэ даасан бүтэцтэй. Хүн хэлбэртэй учраас алхах, бүжиглэх, даллах гэх мэт хүний хийж болох бүх үйлдлийг хийх чадвартай төдийгүй өөртөө дуу авиа, хүний царай танигч функц суулгасан байх учраас зөвхөн өөрт чинь зориулсан үйлдэл хийхээр програмчилж болно.

Үүгээр зогсохгүй робот хүнтэй дуу авиагаар харилцах чадвартай, ямар нэг биетийг дагах функц бас бий. Энэ бүгдийг роботоо компьютерт холбож, тусгай робот удирдлагын програм ашиглаж програмчилдаг.

Эдгээрээс өөр сургалтын роботууд ч бий. Сургуулийн роботикийн салбарт гүнзгийрүүлсэн судалгаа хийдэг төв (Advanced Robotics Research Centre) байдаг. Тэнд ирээдүйд энэ чиглэлээр карьер хөөх оюутнууд ажилладаг. Миний хувьд энэ салбарт карьер хөөхгүй учраас энэ хоёр роботтайгаа нааш цааш болоод л өнгөрнө дөө.

-Энд оюуны хөдөлмөр, эрдэм шинжилгээний ажлыг хамгийн өндрөөр үнэлдэг-

Хичээлийн эхэнд хамгийн чухал зүйлийг заалгана. Тэр нь оюуны хөдөлмөрийг хэрхэн ашиглаж, үнэлж, хамгаалж сурах. Энэ талаар хэд хэдэн хичээл орсоны дараа ойлголтоо баталгаажуулж онлайнаар тест бөглөдөг. Тестийг заавал давж, бүх асуултад зөв хариулах ёстой. Энд оюуны хөдөлмөр, эрдэм шинжилгээний ажлын үнэ цэнийг их үнэлдэг.

Хэрэв ямар нэг байдлаар оюуны хулгай хийж байгаад баригдвал шууд сургалт хариуцсан тасгийн захирал уулзаж, анхааруулга өгдөг. Дахиж ийм асуудал давтагдвал сургалтаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авдаг журамтай.

Онлайн тестээ давсаны  дараа дааж авсан профессортойгоо уулзаж дахин дээрх агуулгыг хэр ойлгосноо шалгуулдаг. Ингээд оюуны бүтээлийг хэрхэн ашиглах талаарх чиг заавраа ягштал барих л үлдэнэ дээ.

Хийсэн ажил болгон маань тодорхой хэмжээгээр салбараа урагшлуулахад түлхэц болж байх ёстой.

Ашигласан номынхоо эх сурвалжийг зөв дурьдах, хүний хэлсэн үгийг хэрхэн давтаж бичих, хүний бичсэн үгийг хэрхэн багцалж эш татаж бичих, судалгааны үр дүнг хэрхэн ашиглах гээд оюуны хулгай хийхгүй байх зааврууд олон бий.

Оюутнуудын хийсэн даалгавар, бичсэн эссэнд хэн нэгний бүтээлээс хуулсан, хуулбарласан зүйл байгаа эсэхийг байнга шалгана.

Би 3D хэвлэх технологийн өнөөгийн байдал болон ирээдүйн чиг хандлагын талаар эссэ бичих даалгавар авч байсан юм. Эссэгээ бичээд онлайн шалгадаг сайтад шалгуулахад л эссэний тэд дэх мөрний тэд дэх өгүүлбэрт оюуны хулгай хийгдсэн байна гээд л гараад ирнэ.

Миний эссэнд Brown University-ийн оюутны эссэний энэ хэсэгтэй, ангийн хүүхдийн тэр эссэний аль хэсэгтэй, тэр эрдэмтний тэдэн онд хийсэн судалгааны ажлын хэсэгтэй адилхан байна гээд л гараад ирсэн. Тэгэхээр эссэ шалгадаг сайт эрдэм шинжилгээний судалгааны бүхий л ном, товхимол болон их сургуулийн оюутнуудын бичсэн ажил дунд хайлт хийж шалгадаг юм шиг байгаа юм.

Эссэний үгийг адил утгатай үгээр солиод бичсэн ч гэсэн төстэй байна гэх анхааруулга гараад л ирж байсан. Ингээд бодохоор хийсэн ажил болгон маань тодорхой хэмжээгээр салбараа урагшлуулахад түлхэц болж байх ёстой болж таарч байгаа юм.

-Хариуцлага хүлээх шударга бөгөөд ХАТУУ зарчим-

-Их сургуулийн найзуудын маань нэг Yafei Zhao сургуулийн номын санг маш тодорхой тайлбарлаж харуулсан бичлэг хийсэн-

Компьютерийн шинжлэх ухааны оюутан учраас мэдээж их код бичих даалгавартай. Бидний бичсэн кодыг шалгах систем бас бий. Гэхдээ тэр нь зөвхөн профессор нарт л зориулсан систем бөгөөд оюутнууд өөрсдийн бичсэн кодоо шалгах боломжгүй. Мөн л бүх онлайн эх сурвалж (Google, stackoverflow гэх мэт) болон их сургуулийн оюутнуудын бичсэн кодтой тулгаж үзнэ. Ингэхдээ зөвхөн кодоор нь биш цаад алгоримт, логик төлөвлөлт хэрхэн хийгдсэн бэ гэдгээр шалгадаг.

Өөрийн оюуны ажлаа хамгаалах, бусдын хийснийг хүндэлж ашиглах, оюуны хулгайг хэрхэн өөгшүүлэхгүй байх вэ гэдгийг яс махандаа тултал ойлгож авдаг даа.

Тэгэхээр хэн нэгэн оюутан өөр оюутны ажлыг хуулж аваад, код доторх функцуудын нэршил юм уу хувьсагчийн нэрийг өөрчлөөд өгөхөд л баригдана гэсэн үг.  

Бүр дээд курсын оюутны ямар нэг ажилтай адилхан байвал дээд курсын оюутан болон баригдсан оюутан хоёулаа хариуцлага хүлээдэг хатуу журамтай. Ер нь тэгээд өөрийн оюуны ажлаа хамгаалах, бусдын хийснийг хүндэлж ашиглах, оюуны хулгайг хэрхэн өөгшүүлэхгүй байх вэ гэдгийг яс махандаа тултал ойлгож авдаг даа.

Манайд бусдын оюуны бүтээлийг хүндэтгэх тал дээр их дутмаг. Дээр нэг залуу Эрик Томас (Eric Thomas) гээд дэлхийд алдартай уран илтгэгчийн илтгэлийг яг тэр чигээр нь хуулаад Монголоор ярьсан байсан. Амжилт гаргахын тулд усанд живж байгаа хүнд агаар хэрэгтэй байдаг шиг л тийм зорилго хэрэгтэй гээд л.

Харин энд бол оюуны хулгай хийсэн хэнийг ч хамаагүй барьж аваад шийтгэчихнэ. Ерөнхий сайдыг хүртэл энэ шийтгэл тойрч гараагүй. Энэ тухай Корнейлийн их сургуульд сурч буй Тэлмүүн гээд нэг мундаг монгол залуу нийтлэл бичсэн байсныг ЭНДЭЭС уншаарай.

-Бүхэл бүтэн улирлын турш нэг ижил хувцастай хичээлээ зааж дуусгасан профессор бий. Гэхдээ хамгийн чухал нь юу гээч...-

За тэгээд үүний дараа хэрхэн эрдэм шинжилгээний туршилт хийх, түүнийг хэрхэн хийхэд бэлдэх, үр дүнг тэмдэглэж авах, гарсан үр дүнд анализ хийх, туршилт хийхийн өмнө туршилтынхаа талаар судалгаа хийх, туршилтын үеэр аюулгүй байдлыг хангах талаар суралцана.

Хийсэн туршилтандаа зориулж дүгнэлт бичээд тэрэндээ шүүмж хийн, судалгааныхаа дүгнэлтийг эмхэгтэж хураалгана. Хичээл эхлээд лекцүүддээ суугаад эхлэхээр профессоруудын байгаа байдал өөрийн эрхгүй анхаарал татна.

Хичээлээ хэрхэн сонирхолтой байлгах вэ гэдэг нь тэдний хамгийн ЧУХАЛ, ТЭРГҮҮН зорилго байдаг

Ямар энгийн даруу, зааж буй сэдвээ оюутнууддаа хэрхэн сонирхолтой байлгахыг хичээж байгаа байдал, оюутнууддаа тоо баримт хэдэн үг биш хэрхэн задлан шинжилж бодож тунгаах, тухайн сэдвийн талаарх өөрийн байр сууриа хэрхэн үнэлж дүгнэлт хийх талаар заах эрмэлзэлтэй байгаа нь шууд мэдэгддэг.  

Манай нэг профессор бүхэл бүтэн улирлын турш нэг ижил хувцастай хичээлээ зааж дуусгаж байсан бол өөр нэг профессор маань хичээл болгон дээрээ нүүр дүүрэн инээмсэглэлтэйгээр лекцээ ордог хэрнээ оюутны асуулт бүрт хөмсгөө овооруулж ирээд л тун нухацтай бодож хариулт өгч байж билээ.

Хичээлээ хэрхэн сонирхолтой байлгах вэ гэдэг нь тэдний хамгийн ЧУХАЛ, ТЭРГҮҮН зорилго байдаг

Өнгөрсөн намар Брэдд Пит, Анжелина Жойлие хоёр салж нэг хэсэг шуугиан болсон доо? Тэдний салсан талаарх мэдээ гарсаны дараахан математикийн хичээл дээр тэдний тухай жишээ бодлого байсан юмдаг.

Програм инженерчлэлийн хичээлийн профессор маань хичээл болгондоо муу зохиогдсон программуудын “алдартай” жишээг ярихаас гадна багаар програм бичих арга барилын хичээл дээр онлайнаар бидэнтэй покер тоглож, жишээ үзүүлж байсан нь ч бий.

Хичээл дээр оюутан нэг зүйл асуулаа гэхэд профессор яагаад ийм байгаа талаас хэдэн талаас тайлбарлаж хэлдэг бөгөөд хэзээ ч шууд түс тас хийсэн хариулт хэлдэггүй. Харин профессорын жишээг эсэргүүцсэн байдалтай асуулт дэвшүүлвэл профессор “Өө тийм байна уу, яагаад тийм гэж үзэж байна” гэх хандлагатайгаар яриаг өрнүүлж эхэлнэ.

-Миний ширээ-

Нэг удаа ийм явдал болсон юм. Математикийн лекц дээр профессорын өгсөн жишээнд нэмэх зүйл бий гэсэн бодолтой оюутан гарч ирсэн. Багш тэр оюутны юу гэж бодож байгаа талаар асуугаад түүний саналыг харгалзан үзэж гаргалгааг түүний санаан дээр тулгуурлаж яриа өрнүүлсэн. Ярианы төгсгөлд хэний ч буруу, хэний ч зөв болж дуусаагүй. Зөв бурууг хэрхэн шийдэх нь бидний хэрэг гээд өндөрлөж байсан.

Ямар нэг асуудалд тохирсон хамгийн сайн гэх шийдэл цөөхөн байдаг ч түүнийг хэрэгжүүлж болох кодчиллын хувилбар зөндөө бий шүү дээ.

Гаргалгааг ярьж байх зуур багшийн зөв байх магадлал өндөртэй байгаа нь анзаарагдсан л даа. Харин багш маань өөрийнх нь буруу гэж үзэж байхад асуудлыг хэрхэн даруухнаар авч үзэж, задлан тунгаах хэрэгтэй вэ гэдгийг бодит хичээл болгож хувиргаад л өндөрлүүлсэн дээ. Уг нь профессор маань Оксфордын их сургуулийн хүндэт судлаач хүн шүү дээ.

Багш нарын зааж буй аргачлал ийм байх жишээний. Харин онолын хичээлүүдийн хувьд:

  • Интернет технологи (Web)
  • Хиймэл оюун ухаан (AI)  
  • Технологийн өөрөө суралцах төлөв байдал (machine learning) 
  • Компьютерийн дотоод бүтэц (computer architecture) судалж үзсэн.
  • Програмчлалын хэлний хувьд Java, Ruby, HTML, CSS, JavaScript, бага зэрэг Python, Assembly судалж буй.

Магадгүй ирэх улирлаас эдгээр хэлний тоо нэмэгдэх байх. Бидний одоо хэрэглэж байгаа програмчлалын хэлнүүд 20,30 жилийн дараа хэрэглээнд байх уу үгүй юу гэдэг эргэлзээтэй. Харин програмчлалын хэлний үйлдлийн цаадах яагаад ингэж байна вэ гэх логик бол хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Эдгээр хичээлүүд дээр ямар нэг зүйл асуухад тэр асуудалд тохирсон шийдэл бүхий аргачлалыг хэлэхээс биш яг ямар код бичихийг хэлж өгөхгүй. Ямар нэг асуудалд тохирсон хамгийн сайн гэх шийдэл цөөхөн байдаг ч түүнийг хэрэгжүүлж болох кодчиллын хувилбар зөндөө бий шүү дээ.

-Бидний эзэмшсэн мэдлэгийг ингэж шалгадаг-

-Мэдээллийн номын санд сууж буй оюутнууд-

Профессорын туслахууд бүгд л тухайн профессорын удирдлагын доор магистр эсвэл докторын зэрэгт горилон суралцаж буй оюутнууд байх ба тэд практик хичээлээс гадна шалгалтууд дээр профессорт тусалдаг.

Шалгалтын тухайд хичээл бүр дээр 2-3 долоо хоногт нэг удаа бага оноотой жижиг тест авах ба хичээлийн сэдэв агуулгыг хэрхэн ойлгож байгааг хянах зорилготой шалгалт юм.  

Харин улирлын төгсгөлд дүнгийн ихэнх хувийг эзлэх шалгалт эсвэл хураалгах ёстой даалгаврууд бий. Энэ нь л таны юу сурсан, юу ойлгосныг тодорхойлно доо.

Шалгалтыг тогтсон цагийн дагуу компьютерийн өрөөндөө цуглаад, өөрийн эрх бүхий оюутны мэдээллийн дагуу компьютерт нэвтэрч ороод тэндээсээ тусгай интернет хөтөч нээж өгнө. Тэр хөтчөөр дамжин шууд сургуулийн сайттай холбогдох бөгөөд компьютер дээр өөр юу ч ашиглаж боломжгүй байдаг.

Хичээл бүрийн шалгалтын бүтэц өөр өөр. Зарим нь ямар ч нэмэлт материалгүй байдаг бол зарим нь хичээл дээр ашиглагдсан материал, ном зэргийг аваад орчихож болно. Зарим нь асуулт хариултыг хольдог тохиргоотой. Тодруулбал, миний нэгдүгээр асуултын гуравдугаар хариулт миний хажууд сууж байгаа нөхрийн нэгдүгээр асуултын гуравдугаар хариултаас өөр байна гэсэн үг. Шалгалтаа өгч дуусгаад шууд л дүнгээ харна. Тэр нь үнэхээр амар, ядаж л ямар хийсэн бол гэж хэд хоног зовохгүй шүү дээ. Харин програмчлалын даалгавруудын хувьд хариу гартал нэлээд хэд хонодог.

40-г тэнцсэн, 70-аас дээш бол “A” дүн гэж бодогдоно. Би доор Америкийн сургуулиудын дүн Английн сургуулиудын дүнтэй хэрхэн харьцуулагддаг талаар тавилаа.

-Сургуулийн гадна ямар амьдрал өрнөдөг вэ-

За хичээл болон эрдмийн ажлын хувьд нэг иймэрхүү. Харин сургуулийн гадна ямар амьдрал өрнөдөг тухайд...

Бид ямар робот биш хичээлээс гадна хийх зүйлүүд байж л таарна шүү дээ. Хоббигоо хөөх эсвэл шинэ зүйл сурах тал дээр бол санаа зоволтгүй дээ. Сургуулийн оюутны холбооны харьяа 300 гаруй нийгэмлэг бий. Эдгээрийн алинд нь ч бүртгүүлээд нийгэмлэгийн уулзалтууд дээр очоод, дуртай зүйлээ хөгжүүлээд байх боломжтой. Эсвэл өөрөө нийгэмлэг үүсгээд тэрийгээ хөгжүүлээд өөр оюутан элсүүлээд тусдаа уулзаад явсан ч болно.

Хот маань жижиг учраас сургуулийн байрнаасаа жаахан алхаад л салбар сургуулиудын байр эсвэл биеийн тамирын талбай руу оччихож болно. Ер нь ч тэгээд ийм байхаараа унааны мөнгөнд санаа зоволтгүй амар байдаг юм даа. Хэрвээ унаанд сууж явъя гэвэл автобусаар оюутны үнэмлэхээ үзүүлээд нэг фунтээр зорчиж болно. Бас дуудлагын такси дуудаад яваад байж ч болно.

-Оюутны холбооны байр-

Хэт шоудаад хаана байгаагаа мэдэхгүй болоод харих гэхэд мөнгөгүй болсон байвал такси дуудлагын газар руу яриад “Safe travel” гээд өөрийн оюутны үнэмлэхээ барьцаанд үлдээгээд гэртээ хүргүүлж болно. Маргааш нь тэгээд оюутны холбоон байранд очиж таксины мөнгөө төлөөд үнэмлэхээ авна даа.

Оюутны холбооны байр 7 хоногийн 24 цагаар ажилладаг учраас хүссэн үедээ очоод туслалцаа авч болно. Үүнээс гадна холбооны байранд янз бүрийн хоол идэх газрууд, кафе, дэлгүүр, зугаа гаргах янз бүрийн тоглоомын ширээнүүд, банкны салбарууд, паб болон шөнийн клуб хүртэл бий.

Манай сургуулийн холбоо сүүлийн 8 жил дараалж Английн шилдэг оюутны холбоогоор тодорсон. Энд л ер нь ихэнх хичээлээс гадуурх үйл ажиллагаанууд зохиогдоно.

Үе үе сургууль дээр том том компаниудаас хүмүүс ирж яриа, уулзалт хийдэг. Өнгөрсөн улиралд миний очсон хэдхэн уулзалтуудад Английн HSBC банкны Кибер хамгаалалтын албаны захирал, Google-ийн Англи дахь салбарын ажилд авах хэлтсийн дарга, Github-ийн сургалтын хэлтэсийн менежер гэх мэт хүмүүс ирсэн дээ.

Тэд өөрсдийн компанид нь хэрхэн ажилд орох талаар мөн салбартаа өрнөж буй сүүлийн үеийн сонирхолтой мэдээллээс хуваалцсан. HSBC-ийн илтгэгч гэхэд 2020 он гэхэд кибер хамгаалалтын салбар 1.5 сая ажлын байрны дутагдалд орох тухай дурьдаад одоогийн кибер дайралтын ихэнхийг оюутан залуус сошиал медиагаар дамжуулж хийж байгааг онцолсон. Тэгэхээр манайхан энэ талаар сурч эхэлбэл их зүгээр байгаа биз.

-Шэйффиелд хотын амьдрах зардал Улаанбаатартай ойролцоо-

Хотын амьдрал ер нь тайван талдаа. Жилийн бүх өдөр нов ногооноороо байж л байна. Үүлэнд дарагдаж, бороонд уйдахаас өөр шалтаглах зүйл гарахгүй дээ.

Эндэхийн амьдрах зардал манай Улаанбаатартай төстэй. Хэрэглээгээ тохируулаад, өөрийн идэх хоолоо хийж авч яваад байвал Улаанбаатараас ч бага зардал гаргах боломжтой. Харин байрны түрээс өндөр шүү. Сургуультай ойр нэг хүний өрөөг багадаа сарын 300 фунтээр түрээслэнэ.

Хотын амьдрал бол тэгээд нэг л ижил энгийн. Юм авч болох том том дэлгүүрүүд, зугаацаж болох газрууд, үзээд яваад байж болох үзвэрийн газрууд бүгд л бий. Бүтэн сайн өдөр хот маань нэг л хоосон болчихдог. Учир нь англи хүмүүс энэ өдөр гэртээ байж гэрийнхэнтэйгээ цагаа өнгөрөөхийг илүүд үздэг.

Зул сарын баярын өдөр болү гадаа хэн ч харагдахгүй. Гадуур ажиллах ганц ч газар байхгүй, гадуур явах нэг ч хүн байхгүй болно. Яг л нэг тийм зомбитой киноны хэсэг шиг л хэхэ. Хүмүүс бүгд л гэртээ байж, гэрийнхэнтэйгээ цагаа өнгөрүүлж буй хэрэг шүү дээ. Харин Зул сарын баярын өдрийн маргааш гадуур маш их хөл хөдөлгөөнтэй болдог. Бүх хүн гадуур дэлгүүр хэсэж, юм үздэг болохоор.

За тэгээд залуусын зугаа гаргах элдэв газрууд бол нэлээн хэд бий. Оюутнууд л болсон хойно партидахыг утгаар нь үзүүлнэ. Эндхийн шөнийн клубт хувцаслалтыг их анхаардаг. Элдэв шорт, бэлтгэлийн өмдтэй, танхайрдаг хүнийг оруулахгүй. Бүх клубүүд такс авч байж орно. Тусгай хөтөлбөрүүд бараг долоо хоног болгон л болно. Манайхан голдуу Corps гээд зөвхөн цагаан цамц зангиатай ордог клуб рүү орцгооно.

Тэндээ тэгээд хэдэн зуугаараа бөөгнөрөөд л бужигналдаад л бүжиглэцгээнэ дээ. Газруудад байнга л ямар нэг хэв маяг зарласан парти болно. Африк маяг, Ази маягийн гээд л. Тэр бүрт залуус хувцаслалтандаа их анхаарч, бэлдэж ордог. Хамгийн их бэлддэг Халлоувины баярын дараагийн долоо хоногт ихэнх хичээлүүд оролгүй завсарладаг.  

Sooo that’s it. Англи дахь адал явдал нэг иймэрхүү л байна даа. Дараа дараачийн нийтлэлдээ ч мөн Англи дахь оюутны амьдралаасаа хуваалцахаар зэхэж байна. Мөн хиймэл оюун ухаан, Ruby програмчлалын хэлний талаар цуврал нийтлэлүүдийг та бүхэндээ хүргэх болно. 

ЭХ СУРВАЛЖ: Д.Төмөртогтох

Түүний блогоор зочилж, нийтлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, эх сурвалжуудыг харах бол ЭНД дараарай 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Mundag

    0 0 Хариу бичих
  2. Ширээн дээр нь Математик гэсэн ном харагдаж байна. Зохиогч хэн юм болоо?

    0 0 Хариу бичих
  3. ...сайхан хүүрнэл дэлгэжээ, их талархлаа. Тун эгэл бичлэгтэй хэрнээ ухаарал өдөөх сэдэлтэй...Монголын оюутан залуус шимтэн уншаад өөртөө асуулт тавих байх... залууд амжилт бэлгэдэж байна!

    2 0 Хариу бичих
  4. Ийм сайхан орчноос яаж салах юм бэ

    1 0 Хариу бичих
  5. Англи бол очиж сурахад гоё газар. тэхдээ нөгөө brexit-н асуудлаас болж цагаачлалын асуудал жилээс жилд чангарсаар байгаа. Гадаад оюутны асуудал энд чухал байр суурь эзэлнэ. Учир нь баян улс учир оюутнууд харлах асуудал их гардаг болохоор тэр. Бакалаврын оюутнууд нэгч цагын ажиллах эрх байхгүй. Магистр нь харин 20 цаг ажиллаж болно. Ажил хийхгүй бол амьдрахад их хэцүү. Нэг ёсондоо оюутан болох гэж очвол та дансандаа нилээд хэдэн төгрөгтэй байх шаардлагатай. сарын хэрэглээ гэж дор хаяж 500-700 фунт байгаа. Тэхдээ энэ тоо одоо өссөн байгаа байх. Хуучны сайхан цаг шиг байхаа больсондоо. Яахав үнэхээр явахыг хүсч байгаа бол явж болно. Харин очсоны дараа хамгийн түрүүнд ажил олох хэрэгтэй шүү. Европын хамгийн өндөр өртөгтэй орон тул баахан зардал гаргаж явчаад очингуутаа гэрээсээ мөнгө авна гэж санахын ч хэрэггүй. Always Remember!!! STUDY is your very first priority to be in UK not the work.

    4 0 Хариу бичих
  6. saihan huuhnuud bna uu andaaa

    1 1 Хариу бичих
  7. Баярлалаа.Илүү сониролтой зүйл оруулаарай.

    1 0 Хариу бичих
  8. Шейффиелд хотод очиж үзсэн.Маш цэвэрхэн цэмцгэр хот байсан.

    1 0 Хариу бичих