Монголчуудын гэр хороололд амьдардаг иргэдийн тухай channelnewsasia.com сайтад нийтэлжээ. Энэ талаарх орчуулгыг хүргэж байна. Тэд бидний тухай юу гэв...

Нарандэлгэрийнх уг нь малчин айл. Нийслэлээс 500 гаруй километрт орших Архангай аймгийнх. Гэвч 2010 оны зуднаар хамаг малаа алдаж үгүйрээд хот барааджээ. Тэднийх хотын захаар байрладаг гэр хороололд гэрээ барин төвхнөсөн байна.

Монголчуудын уламжлалт сууцыг гэр гэдэг. Тал газар нүүдэллэхэд маш тохиромжтой ч одоо нийслэл Улаанбаатар хотод хэдэн мянгаараа баригдсан байхыг нь харж болно. “Гэр хороолол” гэж нэрлэдэг энэ хэсгийн оршин суугчдын нэлээд хэсгийг өмнө нь малчин байсан айлууд бүрдүүлдэг аж.

Гэр хороолод цэвэр усны хангамж байхгүй, боловсон жорлон ч үгүй. Нарандэлгэрийнх ч ийм л орчинд бусдын нэгэн адил амьдарч байна. “Би байгаа байдалдаа сэтгэл хангалуун байдаггүй. Гэр бүл маань аз жаргалтай, хүн шиг амьдраасай гэж л хүсдэг” гэж Нарандэлгэр өгүүлэв.

Тэднийх улсаас тэтгэлэг хэлбэрээр өгдөг 122 ам.доллараар ам бүлээ тэжээдэг ажээ. Олдвол хөлсний ажил хийж амьжиргаандаа нэмэр болгодог. Түүнээс өөр орлого байхгүй гэнэ.

Сүүлийн үед хөдөөгийн иргэд хот руу шилжин суурьших нь эрс нэмэгджээ. Тэдний ихэнх нь нийслэл Улаанбаатарт ирж шингэдэг байна. Шилжин ирэгсдийн ихэнх нь малаа зуданд алдсан малчид байдаг. Сүүлийн 10 жилд 2-3 удаа зуд болсон нь шилжилт хөдөлгөөнийг улам нэмэгдүүлжээ. Жил бүр ойролцоогоор 40 орчим мянган иргэн нийслэлд шилжин ирдэг гэж Монголын Үндэсний их сургуулийн Хүн амын суурьшилт, судалгааны хэлтсийн судлаач, доктор, професссор Б.Энхцэцэг өгүүллээ.

Гэр хорооллын оршин суугчдын дунд ажилгүйдэл орон сууцны хорооллын оршин суугчдынхаас бараг гурав дахин илүү буюу 60 хувьтай байдаг гэнэ.

Б.Энхцэцэг “Ажилгүйдэл бол гэр хорооллынхны хамгийн том бэрхшээл. Шилжин ирэгсэд хотод ирээд ямар нэг ажил олж хийж, амьдралаа дээшлүүлнэ гэж боддог. Гэтэл ажил олддоггүй. Сүүлийн 2-3 жил олон аж ахуйн нэгж хаалгаа барьсан тул түр зуурын ажил олж хийхэд ч хэцүү болсон” гэж ярилаа.

Ажилгүйдлээс гадна архидалт түгээмэл байдаг нь гэр хорооллын айл өрхүүдийн бас нэг онцлог ажээ. Гэхдээ энэ нь зөвхөн гэр хорооллынх ч биш, хөдөө орон нутагт түгээмэл байдаг үзэгдэл болохыг Б.Энхцэцэг тодотгов. Эрчүүд ажилгүй байгаа нь архидах гол шалтгаан болдог юм байна.

Гэр хороолол нь төвийн дулааны системд холбогдоогүй гэдгийг дээр хэлсэн. Монголд өвөл агаарын температур -40 хэм хүрч хүйтэрдэг. Энэ үед гэр хорооллын айлууд нүүрс, хуучин дугуй түлж гэрээ дулаацуулдаг байна. Үр дүнд нь өнөөдөр Улаанбаатар хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хот болжээ.

Unemployment in #Mongolia's ger districts is more than 60%, triple that of other areas #Ulaanbaatar pic.twitter.com/wHfJUD5bSB — Jeremy Koh (@JeremyKohCNA) December 27, 2016

Өнгөрсөн долоо хоногт л гэхэд агаар дахь том ширхэглэгт тоосонцрын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандартаас 80 дахин, Бээжингийнхээс тав дахин их байгаа нь тогтоогдсон аж.

Улаанбаатарын оршин суугч нэгэн иргэн “Агаар бохирдож байгаад миний санаа их зовдог. Заримдаа тэнгэр ч харагдахгүй тийм их утаатай болдог” гэж ярьсан юм.

Гэвч Нарандэлгэрийнх шиг айл өрхүүд гэр хороололд амьдарч байгаа тохиололд утаа асуудал хэвээр байх нь мэдээж.

Нарандэлгэр тохилог орон сууцанд орох талаар өгүүлэхдээ “Энд мөрөөдөх ч боломж алга. Мэдээж би байранд амьдрахыг мөрөөддөг. Гэвч энэ бол миний хувьд маш том мөрөөдөл” гэж хэлж байв.

Түүний хэлсэн үнэн бөгөөд Монгол Улс эдийн засгийн хямралтай байгаа энэ үед энэ мөрөөдөл үнэхээр бүтэшгүй, холынх гэдэг нь ойлгомжтой юм.