Нийслэлийн нэг иргэнд жилд 317.8 кг хорт бодис ногддог

- АГААРЫН БОХИРДЛООС ҮҮДЭН ГАЖ ХӨГЖИЛТЭЙ ХҮҮХЭД ОЛНООР ТӨРӨХ БОЛЖЭЭ -

Манай улсад зөвхөн зөвхөн агаарын бохирдлоос үүдэн хатгаа авч, цаг бусаар жилд 130 хүүхэд, 1140 насанд хүрэгчид нас барж байна гэсэн судалгааг олон улсын эрдэмтэд гаргасан байдаг. Тодруулбал, 2015 онд болсон “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” сэдэвт´олон улсын зөвлөгөөний үеэр эрдэмтэд дээрх тоо баримтыг хэлж байв. Харин Сүхбаатарын талбайд утааны эсрэг ээжүүдийн жагсаалыг зохион байгуулсан О.Ундрам гэх эмэгтэй жилд 0-1 настай 500 орчим хүүхэд амиа алдаж байгаа хэмээсэн. Гэхдээ албаныхан утаанаас үүдэн яг хэдэн хүүхэд амиа алдаж байгаа талаарх албан ёсны мэдээллийг өгөөгүй байна.

Райн Аллен: Утааг багасгахгүй бол эрүүл Монгол хүн үлдэхгүй

Саймон Фрейзерийн их сургуулийн доктор, дэд профессор Райн Аллен “Монгол орны хувьд дэлхийд 18 дугаарт ордог том газар нутагтай ч агаарын бохирдол хамгийн ихтэй хотоор нэрлэгдэж байгаа нь харамсалтай хэрэг. Тийм ч учраас урт болон богино хугацааны хөтөлбөр боловсруулж утааг багасгахгүй бол эрүүл монгол хүн үлдэх­гүй” гэсэн юм.

Урт болон богино хугацааны хөтөлбөр боловсруулж утааг багасгахгүй бол эрүүл монгол хүн үлдэх­гүй

Улаанбаатарын хувьд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтад нэгдүгээрт бичигдэж буй. Агаарыг бохирдуулагч хэд хэдэн хүчин зүйлийн нэг нь гэр хорооллын айл өрхүүдээс ялгарч буй түүхий нүүрсний утаа аж. Хөгжиж буй орнууд түүхий нүүрсийг ихээр хэрэглэж байгаа бөгөөд энэ нь агаарт их хэмжээний бохирдол үүсгэдэг гэдгийг судлаачид онцолж буй. Нийслэлд жил бүр арав гаруй мянган айл өрх шинээр нүүж ирдэг бөгөөд тэр хэрээрээ түүхий нүүрсний хэрэглээ болон яндангийн тоо нэмэгдэж байна.

Түүхий нүүрсний утаа ургийн тархины төлжилтөд сөрөг нөлөөтэй

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар агаарын бохирдол нь архаг өвчлөл, хавдрын өвчлөлийн хамгийн эрсдэлтэй хүчин зүйлүүдийн нэг аж. Агаарын бохирдолтой орчинд дэлхийн 50 сая хүн амьдардгийн 3.1 сая нь зөвхөн агаарын бохирдлоос болж цагаасаа эрт хорвоог орхидог гэсэн харамсалтай мэдээ байна.

Мөн түүхий нүүрснээс ялгарч байгаа утаа хүний оюун ухаанд хортой нөлөө үзүүлж байгааг эрдэмтэд онцолж байна. Гэр хороололд амьдардаг эхээс төрсөн нярай орон сууцанд амьдардаг эхээс даруй 39 граммаар дутуу төрдөг нь түүхий нүүрсний шаталт, агаарын бохирдол нь дутуу төрөлт, бага жинтэй ураг төрөх эрсдэл үүсгэдэг аж. Нобелийн шагналт, Калифорнийн Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрүүл мэнд болон бай­галь орчны хөтөл­бөрийн удир­дагч, Орчны эрүүл мэндийн ухааны про­фес­сор Кирк Смитын хувьд 1995 оноос хойш хөгжиж буй ор­нуудын агаарын бохирдол, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар олон төрлийн судалгааны ажил хийжээ.

Түүхий нүүрсийг түлшнийхээ гол хэрэглээ болгосон хөгжиж буй орнуудын хөдөө тосгонд агаарын бохирдолд илүү өртөмхий байдаг 

Судалгаагаар биомасс болон түүхий нүүрсийг түлшнийхээ гол хэрэглээ болгосон хөгжиж буй орнуудын хөдөө тосгонд агаарын бохирдолд илүү өртөмхий байдаг нь тогтоогджээ. Тэр дундаа гэр хорооллын утаа хүний эрүүл мэнд, хүүхдэд маш хортойгоос гадна ургийн тархины төлжилтөд маш муугаар нөлөөлдөг аж. Түүнчлэн жирэмсэн эх агаарын бохирдолтой орчинд байснаас ураг дутуу төрөх өндөр магадлалтай гэнэ. Мөн бага насны хүүхэд их амархан уушгины хатгалгаагаар өвчилдөг аж. Үүнийг Нобелийн шагналт эрүүл мэндийн ухааны профессор Кирк Смитийн ахалсан эрдэмтэд найман жилийн турш судалж нотолжээ. Тус багийнхан БНХАУ, Энэтхэг, Непал, Мексик, Гватемалд судалгаа шинжилгээний ажил хийж байсан гэнэ. Судалгааныхаа явцад тэд Гватемалын агаарын бохирдолтой (түүхий нүүрс хэрэглэдэг) нэгэн тосгонд амьдарч буй жирэмсэн эмэгтэйн биед агаарын бохирдлыг хэмжих микросхемтэй чип зүүлгэжээ.

Ингээд найман жилийн дараа хүүхдэд нь бүрэн шинжилгээ хийхэд агаарын бохирдол хүүхдийн оюун ухаанд сөргөөр нөлөөлсөн нь тогтоогдсон байна. Харин агаарын бохирдолгүй газар амьдарч байсан жирэмсэн эхээс төрсөн хүүхдийн оюун ухаан, ой тогтоох чадвар нь нөгөө хүүхдийнхээс хэд дахин илүү байжээ. Мөн агаарын бохирдолтой хотод амьдарч байгаа хүн амын дунд уушги болон зүрх судасны архаг өвчлөл их байдгаас гадна эмэгтэйчүүдийн нүдний болор цайх эмгэг, сүрьеэ зэрэг өвчний гол эх үүсвэр болдог гэнэ.

Том ширхэгт тоосонцор арьс, элэг, уушгины хавдар үүсгэдэг

Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн их агаарын болхирдолтой хотуудын нэг болсон гэдгийг судлаачид хэлж байна. Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын SO2 –ийн агаарт байх хэмжээ олон улсын стандартаас их байгаагаас гадна тоосжилтын хэмжээ /PM/ хамгийн өндөр үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, PM-ын агууламж хотын төвд Монгол Улсын агаарын чанарын стандартын дагуу байх ёстой хэмжэээнээсээ 4-7 дахин, гэр хороололд 5-15 дахин их байгаа юм байна.

Тоосжилтын нарийн тоосонцорыг Монгол Улсын агаарын чанарын стандартад хүргэхийн тулд наад зах нь 95 хувиар бууруулах шаардлагатай аж. 

Тоосжилтын нарийн тоосонцорыг Монгол Улсын агаарын чанарын стандартад хүргэхийн тулд наад зах нь 95 хувиар бууруулах шаардлагатай аж. Түүнчлэн гэр хорооллоос гарч байгаа утааны хэмжээг 80 хувиар багасгавал агаар дахь тоосжилтын агууламж 40-46 хувиар буурах бо­ломжтой юм байна. Том ширхэгт тоосонцор нь уушигны салст бүрхүүлийг гэмтээн амьс­галын зам, зүрх судасны өвчин үүсгэхээс гадна арьс, элэг, уушгины хавдар үүсгэж улмаар үхэлд хүргэх аюултай аж. Харин нарийн ширхэгт тоосонцор нь цус багадалт, жирэмсэн эх, урагт сөргөөр нөлөөлж биеийн ясанд удаан хугацаанд хуримтлагдан, хоолны дуршил бууруулж, бөөрний хавдар үүсгэдэг гэдгийг эрдэмтэд тогтоожээ.

Нярайн гажигтай хүүхэд төрөөгүй өдөр гэж үгүй

 Автомашины утаа нь хүний амьсгалах төвшинд ойр буюу 0.2 метр өндөрт цацагддаг байна. Тиймээс автомашинаас гарах утаа нь амьсгалын замын цочмог архаг өвчин, харшлын эмгэг үүсгэх, элэг, бөөр, уушги гэмтээх, зүрх судас, мэдрэл, сэтгэхүйн эрхтний үйл ажиллагааг алдагдуулах, амьсгал боох, бие сульдах,  хүүхдийн өсөлтийг зогсоох болон цаашлаад хорт хавдар үүсэх аюултай аж. Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын болон уушгины архаг эмгэгүүд эрс ихэсчээ. Насанд хүрсэн хүнд цөөхөн тохиолддог байсан өвчнөөр нялх хүүхдүүд өвчилж байгаа нь агаарын бохирдол, утаа ямар их хортойг харуулж буй хэрэг. Тандалтаас үзэхэд, арван жилийн өмнө бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчин, уушгины цочмог хатгалгаа зонхилж байжээ.

Гэтэл одоо уушгины архаг эмгэгүүд эрс ихэсч, томчуудын дунд ховор тохиолддог байсан амьсгалын замын архаг бөглөршилт өрөвсөл, уушгины хүнд хэлбэрийн архаг хатгалгаа, гуурсан хоолойн багтраа өвчнөөр 0-5 насныхан өвчилж байгаа нь агаарын  болхирдлоос үүдэлтэй гэдгийг эмч мэргэжилтүүд үгүйсгэдэггүй. Түүнчлэн агаарын бохирдол, утаанаас болж янз бүрийн гаж хөгжилтэй, гажигтай хүүхдүүд ихээр төрөх болжээ. Ер нь нярайн гажигтай хүүхэд төрөөгүй өдөр хоног гэж бараг үгүй гэж ЭНЭШТ-ийн нярайн зөвлөх эмч З.Гэрэлмаа хэлж байсан удаатай. Үүнээс гадна ураг  эхийн хэвлийдээ эндэх, өсөлтгүй болох тохиолдол арван жилийн өмнөхтэй харьцуулахад хэд дахин нэмэгджээ. Гурван жирэмсний нэг нь өсөлтгүй болсон гэсэн тоо бий.

Жилд 260 мянган тонн хорт бодис агаарт цацагддаг

Нийслэл хот далайн төвшнөөс 600-700 метр өндөрт, дөрвөн уулын дунд оршдог. Салхины чиглэлийн дээд хэсэгт байрлах цахилгаан станц, үйлдвэр, гэр хорооллын айл өрхийн галлагаанаас гарах утаа хотын төвд тогтоно. Улаанбаатар хотын агаарын бохирдол дэлхийн дунджаас 5-6 дахин их байгаа гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргаад буй.

Агаарт 260 мянган тонн хорт бодис цацдаг нь хотын нэг иргэнд жилд 317.8 кг хорт бодис ногддог 

Агаарын бохирдлын 70-80 орчим хувийг 198 мянган гэр хорооллын айл өрх, бусдыг нь цахилгаан станц, тээврийн хэрэгсэл, 1.4 мянган нам даралтын зуух эзэлдэг байна. Эдгээрт жилд 5.9 орчим сая тонн нүүрс, 237195.8 метр. куб мод шатааж, агаарт 260 мянган тонн хорт бодис цацдаг нь хотын нэг иргэнд жилд 317.8 кг хорт бодис ногддог гэсэн үг юм.

Гарц байна уу

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд улс, нийслэлийн төсөв болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын буцалтгүй тусламж, зээлээр 2011-2015 он хүртэл нийтдээ 132.5 тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээллийг нийслэлийн удирдлагууд өгч буй. Ирэх онд л гэхэд  утааны эсрэг улсын төсөвт таван тэрбум төгрөг төсөвлөснийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн. Өнгөрсөн жилүүдийн туршлагаас харахад утааны эсрэг их хэмжээний мөнгө зарцуулж, бодлого боловсруулан утаагүй зуух, шахмал түлш зэрэг янз бүрийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан ч дорвитой үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс бид утаанаас салахын тулд арай өөр төвшинд ажиллаж, шинэ бодлого хэрэгжүүлэх ёстойг хүн бүр хэлж байна. Лондон 1950-аад оны үед хамгийн их агаарын бохирдолтой хот байсан гэдэг. Тухайн үед төр засгийнхан нь бодлогоор түүхий нүүрс түлэхийг хориглож, хогоо ил задгай шатаахаа больсноор утаанаас салжээ. Харин өнөөдөр Лондон хот хамгийн цэвэр хотуудын нэгд зүй ёсоор орж буй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Улаанбаатар далайн түвшнээс 1380м-н өндөрт байдаг. Утаа бол ядуурал. Ядуурал бол АВИЛГАЛ

    0 0 Хариу бичих
  2. Бид айл өрхөд зүгээр л нүүрс хэрэглүүлэхийг болиулчих хэрэгтэй, урд нь болдог л байсан, бидний хойд хөршийн айл өрхүүд одоо ч нүүрсгүйгээр болсоор л байна, тэд ч бас гэр хороололтой шүү дээ, гэтэл манайхыг хар, урд хөршийн нийслэл бээжин шиг гамшигийн байдалд орцон, гутамшигтай

    1 0 Хариу бичих
  3. Ue ueiin zasgiin gazar urt bogino hugatsaanii hotolboruud bolovsruulj bsan ch toriin zalgamj chanar bhguigees bolj tosluud orhigdog bilee. Ene asuudald toriin hariutslagatai bdal dutaj bn. Horoon darga naraas ehleed hiih ajil bnaa

    0 0 Хариу бичих
  4. Хулгай хийж, худлаа шаахаа л больчооч ээ монголчууд аа. Тэгвэл бүх зүйл аяндаа сайхан болно шүү дээ.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ