Хөгжлийн банкны хугацаа хэтэрсэн зээл буюу 4.1 их наяд төгрөг

Г.Балжинням


Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авчихаад төлөөгүй компаниуд, дээрээс нь Хөгжлийн банк хариуцлагагүйгээр дур мэдэн 16 төсөл хөтөлбөрт олгосон гэх нэг их наяд гаруй төгрөгөөс болж тус банк дефолт зарлах дээрээ тулаад байна. Харин Засгийн газар үүнээс сэргийлэн дефолт зарлуулахгүйн тулд нэг их наяд төгрөгийн бондыг дотоодын зах зээлд гарган, Хөгжлийн банкийг санхүүжүүлэх тогтоолын төсөл боловсруулснаа УИХ-д өргөн бариад байгаа юм. Энэ асуудлыг ч УИХ-ын төвшинд хаалттай хэлэлцэж эхэлсэн. 

Хөгжлийн банкны хувьд ирэх оны гуравдугаар сарын 21-нд 2011 онд буюу таван жилийн өмнө авсан 580 сая долларын зээлээ төлөх ёстой. Гэхдээ энэ зээлийг төлөх эх үүсвэр яг одоогийн байдлаар Хөгжлийн банкинд алга. Тэгэхээр мэргэжлийн хэллэгээр Хөгжлийн банк кросс-дефолт зарлах өндөр магадлалтай болсон гэсэн үг юм. Хэрвээ  кросс-дефолт зарлавал 580 сая долларыг хугацаанаас нь өмнө төлөхийг хөрөнгө оруулагч нар шаардах болно. Ингэсэн тохиолдолд бидний төлөх өр 580 сая ам.доллараар зогсохгүй, 2019 онд төлөхөөр ВТБ-наас авсан 65.4 сая, 2023 онд төлөхөөр “Внешэконом” банкнаас зээлсэн 20 сая ам.доллар, 2022 онд төлөхөөр Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас авсан 20 сая еврогийн зээлийг нэн даруй төлөх шаардлага гарах юм. 

Зөвхөн Хөгжлийн банк дефолт зарлахгүй. Монгол Улс ч тун эвгүй нөхцөл байдалд орно. Өөрөөр хэлбэл, Засгийн газар олон улсад хүлээсэн үүргийн дагуу “Чингис”, “Самурай” бондын төлбөрийг хугацаанаас нь өмнө, нэг дор төлөх шаардлагатай болно гэсэн үг. Тэгэхээр юун түрүүнд Хөгжлийн банкийг аврах гарц олох нь эрх баригчид болон Засгийн газрын маш чухал “гэрийн даалгавар” болоод байна. Уг нь Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд авсан зээлээ хугацаанд нь эргэн төлөөд явсан бол, мөн Хөгжлийн банк өөрөө дур мэдэн хэдхэн төсөл хөтөлбөрт зориулан их хэмжээний мөнгө гаргаагүй бол ийм нөхцөл байдалд орохгүй байсан аж. Гэвч одоо нийт олгосон зээлийнх нь 70 хувь нь чанаргүй ангилалд орчихоод байгааг УИХ-ын зарим гишүүн мэдэгдээд байна. 

Дээрээс нь Хөгжлийн банк бол байгуулагдсан цагаасаа улс төрийн тоглоомын “мөнхийн” бай болсоор ирсэн. Засаг солигдож, Хөгжлийн банкинд шалгалт орсноор хуучин удирдагууд нь хоригдох дээрээ тулснаас үүнийг харж болно. 

Энэ баримтад Хөгжлийн банкны нийт зээлийн багцын чанарыг төсөл хөтөлбөрүүд болон зээл авчихаад төлөөгүй компаниудын нэрсийн жагсаалт багтаж байгаа юм. Жагсаалтад багтсан компаниудын нэрсийг харвал Хөгжлийн банкийг хамгийн их шүүмжилдэг байсан өмнөх парламентын сөрөг хүчин, энэ удаагийн парламентын эрх баригч МАН-д гишүүдийн эзэмшдэг гэх компаниуд багтжээ.

Тэгвэл сүүлийн үед УИХ-ын төвшинд хаалттай хэлэлцэгдэж байгаа материалыг задалъя. Энэ баримтад Хөгжлийн банкны нийт зээлийн багцын чанарыг төсөл хөтөлбөрүүд болон зээл авчихаад төлөөгүй компаниудын нэрсийн жагсаалт багтаж байгаа юм. Жагсаалтад багтсан компаниудын нэрсийг харвал Хөгжлийн банкийг хамгийн их шүүмжилдэг байсан өмнөх парламентын сөрөг хүчин, энэ удаагийн парламентын эрх баригч МАН-д гишүүдийн эзэмшдэг гэх компаниуд багтжээ. Мөн эрх баригчаас сөрөг хүчинд шилжсэн АН-ын зарим гишүүний нэр ч компаниудын жагсаалттай холбогдоно. Мөн дур мэдэн санхүүжүүлсэн гэх 16 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн компаниудын нэрс ч энэхүү жагсаалтад байгаа юм.

Тус баримтад дурдсанаар, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын чанаргүй, хугацаа хэтэрсэн нийт зээлийн хэмжээ 4.1 их наяд төгрөгт хүрчээ. Дотор нь задалбал, Автозамын төсөлд олгосон, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 1.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Эдгээрээс хамгийн их мөнгийг төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК авсан бөгөөд зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 50 /2016.11.30-ны байдлаар/ хоног хэтэрсэн байгаа юм. “Эрдэнэс Монгол” ХХК нийт 170 гаруй тэрбум төгрөг авчээ. Ер нь зээл авсан ихэнхи компаниудын зээл төлөх хугацаа энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар 210-331 хоног хэтэрсэн байна. 

Авто замын төсөлд зээл авчихаад зээлээ төлөөгүй хугацаа хэтрүүлсэн компаниудын заримыг нь дурдвал, ЭСТО, “Тотал инж”, “Ялгуусан”, “Шинжийн шинфа”, “Мон Аз” зэрэг 300 орчим компанийн нэр байгаа юм. 
Харин инженерийн дэд бүтцийн чиглэлд олгосон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 493.3 тэрбум төгрөг байна. Мөн үйлдвэрлэлийн чиглэлийн олгосон хугацаа хэтэрсэн зээл 401.2 тэрбум, Орон сууц барилгын чиглэлийн зээл 333.8 тэрбум, төмөр замын чиглэлд олгосон хугацаа хэтэрсэн зээл 541.9 тэрбум, уул уурхайн чиглэлд олгосон зээл 259.08 тэрбум, цахилгаан дулааны чиглэлийн зээл 480.2 тэрбум төгрөгт хүрсэн бол бусад салбарт олгосон хугацаа хэтэрсэн зээл 32.5 тэрбум төгрөг байна. 

Тэгэхээр зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тус компаниуд зээлээ төлчихвөл ирэх оны гуравдугаар сард төлөх ёстой 580 сая долларыг торохгүй төлчих боломжтой байжээ. Түүнээс гадна сүүлийн үед 16 төсөл хөтөлбөрт зориулан Засгийн газар 111 тэрбум төгрөгийн зээлийн эрсдэлийн сан байгуулж, нэг их наяд төгрөгийн бонд босгох гэж байгаа асуудал нэлээд хүчтэй яригдаж байна. Эдгээр компаниудын заримынх нь нэрийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэлсэн. Түүний хэлснээр “Монполимет”, “Эрдэнэс Тавантолгой” компаниуд зээлээ төлөөгүй байгаа аж. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны дараа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Дулааны цахилгаан станц, Амгалан станц, МИАТ, “Эрдэнэс MGL”, “Эрдэнэс Тавантолгой”, ТОСК зэрэг компаниудыг нэрлэсэн байдаг юм. 
Үүн дээр нэмж дурдахад, “Шинэ төмөр зам”, “Монголын төмөр зам” ТӨХК зэрэг хэд хэдэн төрийн өмчит компаниудын нэр жагсаалтад багтжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 37 , 4, 0 , 0

Б.Гарамгайбаатарыг баривчилсан шалтгаан юу байв
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)