Утааны эсрэг жагсах ээж, аавууд Засгийн газарт шаардлага хүргүүлнэ

П.Мөнхжаргал


Нийслэл хотын Төв талбайд агаарын бохирдол, хорт утааг эсэргүүцсэн ээж аавууд өнөөдөр 12.00 цагт жагсаал хийнэ. Жагсаалд гэр хорооллын иргэдээс гадна иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудын залуус дэмжиж оролцохоо мэдэгдээд байна. Ялангуяа өнөөдрийн жагсаалд агаарын бохирдол, утаанаас үүдэн хүүхэд нь өвчилж, хордсон эцэг эхчүүд идэвхтэй оролцоно.

Жагсаалд оролцох иргэд төр, засгийн тэргүүнүүдэд хандаж, агаарын бохирдлыг шийдвэрлэх, нөхцөл байдлыг илэрхийлсэн лоозон, самбар зэргийг барин жагсах юм байна.

Энэ талаар тус жагсаалыг санаачлагч, зохион байгуулагч иргэн О.Пүрэвхүү "Өнөөдрийг хүртэл утаатай тэмцсэн аргаа өөрчлөөч ээ. Амжилтгүй байхад яагаад энэ л аргаа хэрэглэсээр байгаа юм бэ. Өнгөрсөн 15 жилд яг л энэ аргаараа тэмцсэн. Бидний амьдралын 10-15 жилийг утаа гэдэг зүйл хулгайлчихлаа. Гэтэл дахиад 15 жил энэ аргаараа тэмцэх юм байна. Дахиад л бидний амьдралаас 30 жилийг хулгайлсных нь дараа утааг арилгаж эхлэх гээд байгаа юм уу.

Бид үнэхээр туйлдсан байна гэдгээ мэдрүүлэхийн тулд жагсаал хийж байгаа юм шүү. Энэ бол гудамжны улс төр биш

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан гэдэг хүн 2030 он гэхэд Улаанбаатар утаанаасаа сална гэж хэлсэн байна лээ. Бид дахиад энэ утаанд 15 жил тэсэхгүй ээ. Ийм байдалтайгаар бид 40, 50 наслаад үхдэг болох юм уу. Яагаад 15 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр нь амжилтгүй байхад үргэлжлүүлээд 15 жил тэсээд байж бай, 2030 онд л утаагүй болно гэж хэлж чадаж байна аа. Бид дүрвэх ёстой юу, яах ёстой вэ. Иргэд болон төрийн бус байгууллагуудаас агаарын бохирдлыг бууруулах тал дээр маш олон хүсэлт, санаачлагыг төр захиргааны байгууллагуудад хүргэж байсан. Боломжтой санаануудыг хэрэгжүүлсэн. Гэхдээ ерөөсөө үр дүнд хүрээгүй. Биднийг энэ янзаараа яваад л болоод байдаг юм байна гэсэн хандлагатай байгаа юм. Тийм болохоор бид үнэхээр туйлдсан байна гэдгээ мэдрүүлэхийн тулд жагсаал хийж байгаа юм шүү. Энэ бол гудамжны улс төр биш ээжүүдийн үр хүүхдийнхээ төлөө тэмцэж буй эхний алхам гэдгийг жагсаал" гэв.

Иргэд жагсаалын үеэр Засгийн газарт шаардах хүргүүлэх юм байна. Тус шаардах бичигт:

  • Эмнэлгийн орны хүрэлцээг нэмэхэд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай
  • Утаа гамшиг болсныг хүлээн зөвшөөрөх зөвлөмж мэдэгдэл гаргах
  • Утааны голомтод очиж нөхцөл байдал дээр Засгийн газар хуралдах
  • Утаа бууруулж чадаагүйгээ тайлбарлаж тайлангаа тавих
  • Яаралтай цогц арга хэмжээ авах ажлын хэсгийг яаралтай гаргаж мэдэгдэх
  • Агаарын бохирдлоос үүдэлтэй гэдэг нь батлагдсан хатгалгаа болон бусад өвчлөл эндэгдэл дээр нөхөн олговор олгох
  • Засгийн газар нэгдүгээр сарын 10 гэхэд агаарын бохирдлыг хэдэн хувиар бууруулахаа мэдэгдэх /Энэ өвөл гэхэд агаарын бохирдлыг 25 хувиар бууруулах боломж байгаа/
  • Засгийн газрын утааг бууруулах Үндэсний зөвлөлийн ажлыг хянах иргэний нийгмийн төлөөллийг оролцуулах зэргийг тусгажээ.

Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд утааг 80 хувь бууруулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тэгвэл жагсаалд оролцсон иргэд энэхүү хөтөлбөр, түүний гаргалгааг ирэх нэгдүгээр сарын 26-нд олон нийтэд танилцуулах шаардлагыг тавьж байгаа юм байна.

Улаанбаатар хотын хувьд хорт утаа аюултай хэмжээнээс 15 дахин их болсноор хүүхдүүд жилд 2-4 удаа уушигны хатгаа өвчнөөр өвчилж байгаа гэдэг статистик мэдээ бий. Мөн утааны шууд бус нөлөөнөөс үүдэн өвлийн улиралд зулбалт дөрөв дахин нэмэгдэж, төрөх дөхсөн хүүхдүүд хэвлийдээ амьгүй болж байгаа гэдгийг ээжүүд хэлж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Эрх баригчид энэхүү хүсэлтэнд хэрхэн хандахаас их зүйл хамаарна. Урьдынх шигээ үл тоомсорлох аваас тайван жагсаал дахин дахин болохгүй л байх. Улс төрийн тэмцэлд л шилжих болов уу гэж таамаглаж байна.

    0 0 Хариу бичих
  2. 1 сарын 26 гэхэд танилцуулахаар чинь ажил нь хэзээ эхлэх болж байнаа. 3, 4 сар хүргэх үү. Тэр үед чинь тэртэй тэрэнгүй утаа багасна шүү дээ. Тэгээд нөгөө хэд нь утаа арилгасан баатар болох юм байна. Үнэндээ ард иргэдээ хамгаалж чадахгүй ийм төртэй байхын хэрэг алга.

    0 0 Хариу бичих
  3. Утааны талаар шийдвэрээ өвөл гаргах юм айл өрх нүүрсээ авчихсан байх үед гаргаад үр дүнгүй Xарин хавар зун ирэх өвөл хэрэгжүүлзх шийдвэрээ гаргаж зарлах тэгвэл зун айл өрх гэрээ цахилгаанаар халаадаг болгох тээнээ авч тавих тоолуураа солих зэрэг ажлыг хийх хугцаа хэрэгтэй Шийдвэр тодорхой байвал иргэд хөрөнгө гаргаад бэлдэнэ Нэг тээнэ авна гэрээ цахилгаанаар халаах төхөөрөмж авдаг цахилгааныг хөнгөлөх эсэх нь тодорхойгүй хэдэн жил хүртэл хөнгөлнө гэж хэлэх хэрэгтэй хөрөнгө гаргаж болохгүй байна

    0 0 Хариу бичих
  4. Гал түлдэг айлууд өөрсдөө ямар ч санаачлагагүй. Зун нь тайвшраад мартчихна. Өвөл болохоор гэрийнхээ халаалтыг яах уу гэдгээ эртхэн бодох л хэрэгтэй шдээ. Гэрийн дулаан алдагдлаа бууруулах, халаалтаа цахилгаанаар шийдэх, нарны баттерэй ашиглах зэрэг боломжууд байж л бгаа даа. нүүрс тортог үнстэй зууралдах яасан дуртай юм.

    0 0 Хариу бичих
  5. Гаргах мэдэгдэл нь сулхан болжээ. Нөхөн олговор авахаас бусад нь ач холбогдол багатай үр дүн нь гарах гэсээр байтал хугацаа алдаж шаардлагын эрч сулрахаар л зүйлс орсон байх м. Жагсаж л байгаагаас хойш улс төржих л хэрэгтэй. Бас авч үзэж хэрэгжүүлэхээс аргагүй бодьтой цөөвтөр заалт тусгах хэрэгтэй байжв Хуралдах тайлагнах мэдээлэх тайлбарлах зэрэг бол огт хэрэггүй байж дээ. Бас эмнэлэгийн орыг нэмэгдүүлэх бол зөв шийдэл биш л дээ. Тэрний оронд хотын ойролцоо байгаа сувилал амралтын газруудыг тодорхой хугацаагаар хүүхдийн сувилал болгон өөрчлөхийг шаардсан бол арай бодьтой.

    1 0 Хариу бичих
  6. 2030 он хүртэл бид чинь бараг үхээд дуусна биз дээ. Энэ нөхөр УБ-"ийнхныг бүгдийг цааш харуулах алсын бодлого тээж байж мэдэх нөхөр байна шүү Чи ч өөрөө бас л үхнэ шүү дээ новшоо

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ