"Хаалганы цаана" аян амжилттай хэрэгжиж байна

Монголын медиа корпораци нь “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, эрүүл, аюулгүй нийгмийн орчныг бий болгох зорилготой “Хаалганы цаана” аяныг дэмжин амжилттай хэрэгжүүллээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар баталсан нь бидний ажил үр дүнгээ өгсний илрэл гэж бид үзэж байна.

 

Хүчирхийлэл, хүний эрх гээд олон нийтийн өдөр тутмын амьдралд хамгийн их хамаатай асуудал бүхэн манай редакцийн мэдээлэх, асуудал хөндөх сэдэв хэзээд байсаар ирсэн. Энэ чиглэлээр бид цуврал мэдээ, сурвалжлага олныг бэлтгэснээс  “Ийгл Ньюс” телевизийн сэтгүүлч У.Болортуяа “Нууж болохгүй үнэн” нэвтрүүлгээрээ хүчирхийлэл нь нийгэмд өдөр тутамд олон гэр бүл, хүүхдийн ирээдүйг “харлуулж” байгаа хэрнээ тэр бүр ил яригддаггүй болохыг хөндсөнөөр маш олон хүнд хүрсэн юм. Цаашлаад манай редакцид гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэх олон хүн хандаж, тэр ч бүү хэл “Яг одоо нөхөр маань гадаа хаалга нүдэж байна. Би хаана хандах вэ?” гэж тусламж эрсэн дуудлага ч ирж байлаа. Тиймээс бид хүний эрх гэх гоёмсог үгийг урнаар бичээд орхих биш, иргэн бүрт аюулгүй орчныг бий болгох, гудамжинд, хаалганы цаана хүчтэй нь хүчгүйгээ дээрлэхэхэд нүдээ аниад өнгөрөх бус бие биедээ санаа тавьдаг орчныг бүрдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахын тулд “Хаалганы цаана” аянд нэгдсэн юм.

Энэ хугацаанд бидний санаачлага иргэний нийгмийн байгууллагуудын удаан хугацаанд зорьж ирсэн ажилтай хараа нэгдэж, олныг хамарч цаашлаад шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо хүргэснээр өнөөдөр хууль ийнхүү батлагдлаа. Үүнтэй зэрэгцээд нэг найз минь “Одоо би хүүхдээ загнаж болохгүй болсон уу?” гээд хошигнон асууж байна. Харин шинэчлэн батлагдаж байгаа энэ хууль нь аав, ээж, хүүхдийн өдөр тутмын харилцаанаас илүүтэйгээр хүүхдийн эрхэд ноцтой халдсан, байнгын дарамт учруулахаас сэргийлэх тухай гэдгийг хүн бүр санаж сэрээсэй гэж хүсч байна. Зөвхөн энэ жил л гэхэд дундажаар өдөр бүр 3-4 дуудлага гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор бүртгэгджээ. Энэ хүмүүс нөхөр нь гар хүрмэгц, ээж нь хатуухан үг хэлмэгц биш бие, сэтгэлийн үргэлжийн дарамтад амьдарч байгаа учраас утсаа шүүрсэн нь лавтай. Цаашлаад энэ онд 1000 гаруй хүн ийм орчинд байгаагаа ил гарган мэдэгдэж, 10 орчим эмэгтэй ийм л шалтгааны улмаас амиа алдаад байна. Бид жил бүр энэ мэт тоо гаргаж, өмнөхөөсөө өссөн, буурсныг тоолоод өнгөрөх биш хэн нэгэн хохирохоос өмнө, урьдчилан сэргийлэх зорилготойгоор хуулийн шинэ төслийг дэмжиж ажилсан юм.

Монголын медиа корпорацийн хувьд “Хаалганы цаана” медиа аян нь хууль батлагдлаа гээд зогсчихгүй. Эрх зүйн орчныг бий болгож, баталгаажуулсан хууль тогтоогчдод талархахын зэрэгцээ олон нийтэд хуулиа таниулах, сурталчлах ажилд ханцуй шамлан хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Түүнчлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хариуцлагынхаа хүрээнд “Хаалганы цаана” аяныг хамтдаа хэрэгжүүлсэн иргэний нийгмийн байгууллагуудтай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, соён гэгээрүүлэх үүргээ ч ухамсарлан биелүүлэх болно.

“Хаалганы цаана” аяныг хэрэгжүүлж мэдээ, сурвалжлага бэлтгэхэд санаа, бодлоо хуваалцаж хамт байсан “Ийгл Ньюс” телевизийн үзэгчид, “Үндэстний Тойм” сэтгүүл, “Ардын Эрх” сонины уншигчид, “Eagle.mn” сайтын хэрэглэгчид болон Eagle News Social олон нийтийн сүлжээ хуудсаар тасралтгүй хандаж байсан Та бүхэнд баярлалаа.

Хүндэтгэсэн,

Ерөнхий редактор Ж.Хулан


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)