Эрэгчин эмэгчнээ үзэхийн өмнө...

Х.Батсайхан


Жил бүрийн сүүлийн болон эхний 10 хоног хөлбөмбөг сонирхогчдын хувьд “уйтгар гунигийн далай” байдаг. Учир нь, Европын топ зургаан лигийн тав нь дээрх хугацаанд завсарлага авдаг юм. Гэхдээ хөлбөмбөгийн “бурхан тэнгэр” үнэнч сүсэгтнүүдээ ор хоосон хаячихсангүй, Английн Премьер лиг, “Боксинг дэй”-г үлдээжээ.

“Боксинг Дэй” гэж юу вэ, хэзээ болдог вэ

Улирлын явцад нэг тойргийн тоглолт бямба, ням гаригт, заримдаа баасан, даваа гариг гээд 2-3 өдөр үргэлжилдэг бол арванхоёрдугаар сарын 26-нд бүх тоглолтууд нэг зэрэг болдог. “Боксинг дэй” гэдэг нь чухам тэр өдөр юм.

Энэ нэршил нь Христийн шашинтнууд Зул сарын баярын нэг, нэгэндээ бэлэг өгдөг уламжлалаас гарсан үг юм. Баярын гацуур модныхоо доор бэлгээ хайрцагт хийгээд тавьсан байдаг, бэлэг авсан хүн бүр хайрцаг задлах нь ойлгомжтой учир утгын хувьд нэг их том зөрчил гардаггүй. Улирлын явцад нэг тойргийн тоглолт бямба, ням гаригт, заримдаа баасан, даваа гариг гээд 2-3 өдөр үргэлжилдэг бол арванхоёрдугаар сарын 26-нд бүх тоглолтууд нэг зэрэг болдог. “Боксинг дэй” гэдэг нь чухам тэр өдөр юм. Гэвч сүүлдээ жилийн сүүлийн арав хоногт болдог 3-4 тойргийн тоглолтыг бүхэлд нь “Боксинг дэй” гэх буюу арай өөрөөр “Супер 10 хоног” хэмээн нэрлэх болжээ. “Супер цохилтын 10 хоног”-ийн эхний тойрог арванхоёрдугаар сарын 21-23-нд (Энэ жил 17-нд товлогдсон), хоёрдугаар тойрог дээр дурдсанчлан зөвхөн 26-нд, гуравдугаар тойрог 30,31-нд, дөрөвдүгээр тойрог нэгдүгээр сарын 1-2-нд болдог байна.

“Боксинг Дэй”-гийн онцлог

Дерби буюу нэг хотын багууд хоорондоо тоглох нь элбэг байдаг явдал бол “Боксинг дэй”-гийн гол онцлог. Зул сарын баяр бол гэр бүлийн баяр. Энэ баярыг хэн ч гэртээ, хайртай дотны хүмүүстэйгээ хамт тэмдэглэхийг хүснэ. Хөлбөмбөгчид ч, хөгжөөн дэмжигчид ч адилхан хүн. Тиймээс баярын үеэр хол аялуулахгүйн тулд нэг юм уу ойролцоо орших хотын багуудыг хооронд нь тааруулдаг уламжлал тогтжээ. Өөрөөр хэлбэл, “Боксинг дэй”-гээр нэг хотын багууд хоорондоо тоглодог байж. Харин хөлбөмбөгийн танхайчууд ид гаарч байсан 80-аад оноос энэ жишгийг өөрчилж, нэг хотын баг биш, ойролцоо хотын багуудыг тааруулах болсон байна. Тэгэхгүй бол зодоон цохион их гараад болохгүй байжээ. Энэ жилийн “Боксинг дэй” ч энэ уламжлалаас гажаагүй. Уэльсийн “Суонси”-тай таарсан “Вест хэм”, “Арсенал”-тай таарсан “Вест Бромвич” гэсэн хоёр баг л 200 км-ээс холын аялал хийх хуваарь гарчээ.

100% ховор амжилт

10 гаруйхан хоногийн дотор дөрвөн тойргийн тоглолт хийдэг гэдэг утгаараа энэ үе багуудын чанар чансааг жинхэнэ утгаар нь шалгадаг. Премьер лигийн сүүлийн 13 жилийн статистикийг ухаж үзэхэд “Супер арав хоног”-ийг 100 хувийн амжилттай туулсан тохиолдол найман удаа л гарчээ. “Манчестер Юнайтед” хамгийн олон буюу гурван удаа, “Челси”, “Арсенал” тус бүр хоёр удаа, “Манчестер сити” нэг удаа “Супер 10 хоног”-ийг ганц онооны гарзгүй гэтэлсэн байна. “Супер 10 хоног”-т өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаасан дээд үзүүлэлт нь 13 байх бөгөөд хоёр удаа гарсан нь хоёул “Тоттенхэм”-д хамаарч байгаа юм. Баяр ёслол тэмдэглэхийн хажуугаар 10 гаруйхан хоногийн дотор дөрвөн тоглолт хийх нь мэргэжлийн тамирчнаас ч асар их тэвчээр шаарддаг. Тэр ч утгаараа лигийг өнгөлөх багийн өнгө чухам эндээс тодордог гэж ярилцдаг. Гэхдээ хэчнээн сайн байлаа гээд ямар ч хохиролгүй давах нь маш хэцүү зүйл гэдгийг дээр өгүүлсэн статистикаас ойлгосон биз ээ.

Өнгөрсөн улиралд 10 оноогоор тасарч түрүүлсэн “Лейстер” 16 тойргийн дараа 10 хожил, таван тэнцээ, ганц хожигдолтойгоор “Боксинг дэй”-г эхлүүлээд нэг хожил, хоёр тэнцээ авч нэг хожигдон 50 хувийн амжилттай гарсан байдаг. Топ багуудаас хамгийн сайн амжилтыг ноднин “Тоттенхэм хотспур” үзүүлж, гурван хожил нэг тэнцээ авсан. 16 тойргийн дараа 26 оноотой тавдугаарт явж байсан тэд энэ үсрэлтийнхээ ачаар дэд байрт дэвшиж, улирлын төгсгөлд гуравдугаарт бичигдсэн юм. Харин дөрвөн хожил, гурван тэнцээ, есөн хожигдолтой 16 дугаарт байсан “Челси” хоёр хожил, хоёр тэнцээ авснаар цаашид сайн тоглож үлдсэн 18 тоглолтоос зургаан хожил, есөн тэнцээ аван, ердөө гурван удаа хожигдож 10 дугаар байрт орсон байх жишээтэй.

Улирлын “толь”

Зул сарын баярын өмнө хүснэгтийн сүүлийн гурван байрт бичигдсэн багууд улирлын төгсгөлд байраа ахиулж чадахгүй байсаар доош унадаг жишиг тогтжээ. Премьер лиг эхэлсэн 1992 оноос хойших 20 жилд 2004-2005 оны “Вест Бромвич” энэ заншлыг эвдэж байсан юм. Гэтэл энэ уламжлал 2013-2014 оны улиралд бүрэн эвдэгдэж, шинэ оныг хүснэгтийн ёроолд угтсан “Кристал палас”, “Вест хэм” “Сандерлэнд” бүрэн бүрэлдэхүүнээрээ Премьер лигт үлдсэн юм. Үүнээс хойш уламжлал байнга шахуу зөрчигдөх болж, 2014-2015 оны “Лейстер”, “Кристал Палас”, 2015-2016 оны “Сандерлэнд” сүүлийн хагаст улаан бүсээс гарч чаджээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. За юун сүртэй гарчигтай юм. Бүгд л эрчүүд биддэ. Манайхан хөлбөмөгөө ойлгохгүй байж л нээг их хөлб бмөгө мэддэг хүн болж .... манайхан бөмбөгөө хөөгөөд гүйцдэггүй гэсэн хахахах

    0 0 Хариу бичих
  2. Манчестер Юнайтед үргэлж илүү нь байдаг

    0 0 Хариу бичих