Хөгжлийн банкны алдагдал Монгол Улсыг дефолт зарлах эрсдэл рүү чиржээ

С.Шийлэгтөмөр


Сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж эрх баригчдын бодлого үйл ажиллагаанд хяналт тавих ёстой АН-ын бүлгийн гишүүн хаалттай хэлэлцэх санал гаргасан нь гайхмаар. 

Эдийн засаг, Төвсийн байнгын хороо өчигдөр хамтарсан хуралдаан хийж Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Улсын нууцтай холбоотой асуудал багтсан тул хаалттай хуралдаж хэлэлцье” гэж санал гаргасныг Байнгын хорооны гишүүд дэмжлээ. Сүүлийн хоёр сар нээлттэй, ил тодоор хэлэлцэж бие биенээ буруутгах хэрэгсэл болгосон Хөгжлийн банкны тухай асуудлыг яагаад гэнэтхэн хаалттай хэлэлцэхээр болсон нь анхаарал татав. Ялангуяа, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж эрх баригчдын бодлого үйл ажиллагаанд хяналт тавих ёстой АН-ын бүлгийн гишүүн хаалттай хэлэлцэх санал гаргасан нь гайхмаар. Тиймээс Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөлд чухам ямар нууц асуудал багтсаныг сонирхлоо. 

 Хөгжлийн банк­ны гаргасан зээлийн хэмжээг өөрийн хөрөнгөтэй нь харьцуулахад зохист харь­цааны шалгуур үзүүлэлтийг хангахгүй хэмжээнд хүрчээ.

Засгийн газар энэ сарын 14-нд УИХ-д өргөн барьсан уг тогтоолын төсөлдөө Хөгж­­лийн банкинд ямар эрсдэл үүссэнийг танилцуулжээ. Тодруулбал, Хөгжлийн банк­ны гаргасан зээлийн хэмжээг өөрийн хөрөнгөтэй нь харьцуулахад зохист харь­цааны шалгуур үзүүлэлтийг хангахгүй хэмжээнд хүрчээ. Тус банк долоон их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй болж 2000 орчим төсөл хөтөлбөрүүдийг санхүү­жүүлснээс 5.9 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа аж. Үүний 70 орчим хувь нь чанаргүй зээл болсныг хаалттай хуралдааны дараа Эдийн засгийн байнгын хорооны гишүүд хэллээ. Хөгжлийн банк гадаадын санхүүгийн байгуулагуудаас зээл авахдаа “Өөрийн хөрөнгийн зохистой харьцаа болон чанаргүй зээлийн хэм хэмжээг баримталж ажиллана” хэмээн гэрээгээр үүрэг хүлээжээ. Одоогийн нөхцөл байдал нь энэхүү гэрээгээ зөрчихөд хүргэсэн байна. Зөрчсөн тохиолдолд гадаадаас авсан бүх зээлээ хугацаанаас нь өмнө төлөх үүрэгтэй ажээ. Ийм нөхцөл байдалд орохыг кросс-дефолт гэж нэрлэдэг бөгөөд зээлдүүлэгч нар нь Хөгжлийн банкийг кросс-дефолт болж байгааг анхааруулсан байна. Хөгжлийн банк хамгийн анх буюу таван жилийн өмнө авсан 580 сая ам.долларын зээлээ ирэх гуравдугаар сарын 21-нд төлөх ёстой. Гэвч кросс-дефолт болсон тохиолдолд үүнээс ч өмнө төлөхийг зээлдүүлэгч нар нь шаардах гэнэ. Зөвхөн 580 сая ам.доллар ч бус гадаадаас авсан бүх зээлээ хугацаанаас нь өмнө төлөх үүрэг хүлээдэг байна. Хөгжлийн банк дээрх 580 сая ам.доллароос гадна 2019 онд төлөхөөр ВТБ-наас 65.4 сая, 2023 онд төлөхөөр “Внешэконом” банкнаас 20 сая ам.доллар, 2022 онд төлөхөөр Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас 20 сая евро зээлжээ. Өөрөөр хэлбэл, кросс-дефолт бол­сон тохиолдолд энэ бүх зээлээ нэн даруй төлөх шаардлага гарна гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн Байнгын хорооны гишүүдэд учирлажээ. Шаардаад зогсохгүй олон улсын санхүүгийн зах зээлд мөрдөгддөг дүрэм журмын дагуу одоо байгаа бүх хөрөнгийг нь хураах нөхцөл байдал үүсэхийг ч үгүйсгэхгүй юм байна.

Хөгжлийн банк зээлдүүлэгч нартаа ингэж мад тавиулах нь хамгийн том эрсдэл биш. Хамгийн эмзэглүүштэй нь үүнээс ч том эрсдэл Монгол Улсыг отож байгааг тогтоолын төслийн танилцуулгад дурдсан байна. Тодруулбал, Хөгжлийн банк­ны дээрх бүх зээлийг Засгийн газрын баталгаагаар авсан учраас Засгийн газар ч гадаад зах зээлээс босгосон үнэт цаас, зээлээ хугацаанаасаа нь өмнө төлөх шаардлага үүсэх өндөр эрсдэлтэй юм байна. Өөрөөр хэлбэл, “Чингис”, “Самурай” тэргүүтэй бонд, зээлийн эргэн төлөлтийг нэг дор хийх үүргийг олон улсын өмнө хүлээх нь. Ингэ­сэн тохиолдолд юун гаднаас нэмж зээл авах, Монгол Улс шууд дефолт зарлахаас өөр аргагүй болно гэдгийг Байнгын хорооны гишүүд хэлсэн байна. 

Хөгжлийн банк кросс-дефолт болох нь ийм их эрсдэлтэй учраас Засгийн газар дотоод зах зээлд нэг их наяд төгрөгийн үнэт цаас арилжаалж Хөгжлийн банкийг санхүүжүүлэхээр тогтоолын төсөл боловс­руул­жээ. Ингэхдээ нэг их наяд төгрөгийг Хөгжлийн банкинд шууд зүгээр өгчихгүй юм байна. Тус банкнаас олгосон 5.9 их наяд төгрөгийн зээлийн 54.5 хувь буюу 3.2 их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлд олгожээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар, Хөгжлийн банк хооронд хүү, үндсэн төлбөр, ханшийн зөрүүний өр, авлагын тооцоо үүсчээ. Засгийн газар дотоод зах зээлд үнэт цаас гаргах замаар босгох нэг их наяд төгрөгөөрөө Хөгжлийн банкинд төлөх ёстой дээрх өр төлбөрөө оноос өмнө барагдуулна гэж тооцсон байна. Хаалттай хуралдсан Эдийн засаг, Төсвийн байнгын хорооны гишүүд Засгийн газрын уг саналыг нь дэмжиж Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Уг тогтоолын төслийг маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. Одоогийн байдлаар нээлттэй хэлэлцэхээр төлөвлөсөн ч тухайн үед Байнгын хорооны адил гишүүд горимын санал гаргаж хаалттай хэлэлцэхийг үгүйсгэхгүй. 

Хамтарсан Байнгын хорооны хуралдааны дараа Эдийн засгийн байнгын хороонд Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Засгийн газрын гадаад, дотоод өрийн удирдлагын байдал, Засгийн газрын гадаад бондыг эргүүлэн төлөх, дахин санхүүжүүлэх чиг­лэлээр авч байгаа арга хэмжээ” сэдвийн хүрээнд мэдээлэл хийх байсан юм. Гэвч хамтарсан Байнгын хорооны хуралдаанд оролцож дээрх тогтоолыг хэлэлцсэн гишүүд Сангийн сайдын мэдээллийг хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ. Учир нь, одоогийн байдлаар Засгийн газар хаанаас хөрөнгө босгож өр, зээлээ дарах тодорхой шийдвэр гаргаагүй учраас нийгэмд өр, зээлтэй холбоотой мэдээлэл түгээж олон нийтийг бухимдуулах шаардлагагүй гэж үзсэн бай­на. Тиймээс Засгийн газар тодорхой эх үүсвэртэй болсны дараа Сангийн сайд Байнгын хороонд мэдээлэл хийхээр болжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 33 , 4, 0 , 0

Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаанд төлөөгүй аж ахуй нэгжүүд
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Өнөөдөр буюу 2016 оны 12 сарын 31 өдрийн 10:25 минутанд АТГ-аас Онц Ноцтой шуурхай мэдэгдэл хийлээ. Тэд энэхүү мэдэгдлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдoрж тэргүүтэй улс төрийн 12 эрх мэдэлтэн, Сүүлийн 5 жилийн турш Монгол орны зүүн бүсийн аймгууд болох Архангай , Увс, Xовд гэсэн 3 аймгийн нийт 70% хувийг гадаадийн улс орнуудад худалдаж байсан баримтуудыг илчиллээ. Эдгээр баримтуудад тэдгээр 12 эрх мэдэлтнүүдийн нэрсийн чагсаалт болоод худалдаа хийсэн данс тооцооний баримт бичгийг харуулсан байна та илүү дэлгэрэнгүйгээр доорх xавсралтаас үзнэ үү : Линк : http://bit.ly/2izDjRC

    0 1 Хариу бичих
  2. Юун алалцах вэ, ЗГ бонд гаргана , эргээд бондоо төсвийн мөнгөөр төлнө, энэ хооронд ард түмний толгой эргэнэ, бас шинэ жил , цагаан сар гээд мартана, ингээд баячуудын хэрэглэсэн мөнгийг ард түмний татварын мөнгөөр төлнө. Биднийг тэнэгтээд сууж байтал цаадуул чинь амжуулна, Бид оройтсон байна, Монголчууд зориггүй , амиа бодсон улсууд тул ингэж амьдарч байна, даа

    0 0 Хариу бичих
  3. Тогтоолын төслийн үзэл баримтлал гэж юу байх вэ дээ?!! Хуулийн концепци буюу үзэл баримтлал л гэж байдаг болохоос!! Яана даа, яана! Ийм 2 амьтныг 2 гол яамны сайдаар тавьчихаад Монгол Улс хаачих гэж байгаа юм бол доо??!!

    0 0 Хариу бичих
  4. Алтанхуяг гэж лалар юу ч үгүй болтол нь цусалсан. Тэр Фортуна, Женко мэттэй нь хамт төлүүл!

    1 0 Хариу бичих
  5. авсан хүмүүсээр нь төлүүлнэ шүү.Бүгдээрээ төлнө гэж байхгүй ёстой алалцана гэж мэдээрэй

    2 0 Хариу бичих