“Сум”-тай хүмүүсийн сунгаа

А.Санчир


Улаан туг, залуучууд хоёр ихэр юм гэдэг шиг улс төр, сум хоёр ихэр юм. Сумтай улстөрчдийн жагсаалт гаргах аваас бас ч гэж хөөрхөн юм болохдог. Олон жилийн өмнө Дашзэвэг гэж нэгэн гишүүн “Миний өрөөний үүдэнд сум тавьсан байна” гэж мэдэгдэж олны анхаарлын төвд торойтол орж ирж билээ. Жилийн өмнөөс гишүүн асан Гүндалай сум тавьж, клипэнд тоглон олны хужирхайг тэнийлгэсэн.

Тэгвэл өнөөдөр сумтай улстөрчдийн тоо огцом өслөө. АН-ын дарга З.Энхболд өөрийнх нь оронд очихоор өрсөлдөх таван гишүүндээ багцалсан сум өгч Алунгоо эхийн сургаалыг айлджээ. Та таван хөвгүүн... гэж ирээд л. Ийнхүү Монголын улс төрд таван сумтай таван хүн нэмэгдэх нь тэр ээ. Уг нь зургаан сумтай хүн нэмэгдэх боломж байсан ч нэгийг нь АН-ын даргыг сонгох сонгуулийн хорооныхон хасчихсан.

Алунгоо эх таван хөвгүүнтэй байсан юм чинь АН-ын нэр дэвшигчид зургаа байх нь бэлгэдлийн хувьд болохгүй гэдгийг Фортуна Батбаяр хэлж зөвлөсөн байлгүй дээ. Тав, арван хүн гэж ярьдгаас зургаа, арван хүн гэж ярьдаггүй. Алунгоо эх таван хөвгүүнтэй, аливаа хүн таван хуруутай, айргийн тав  гэж байдгаас биш айргийн зургаа гэж байдаггүй, манай монголчууд таван хошуу малтай гээд л мань хүн урсгаж гарна л даа, угаасаа. Тэгэхээр Чимиддоржийн хувьд АН-ын даргад нэр дэвшин өрсөлдөх боломжгүй болсон нь Алунгоо эх таван хүүтэй байсантай л холбоотой болж таарав.

Юутай ч ганц Чимиддоржийгоо хасаад зогссон нь их юм. Хэрвээ Фортуна Батбаяр эвтэй дөрвөн амьтан байх нь зөв, энэ бол эв нэгдлийн бэлгэдэл. Хүлэг морь дөрвөн дугуйтай, сандал ширээ дөрвөн хөлтэй энэ тэр гээд зүтгэчихсэн бол дахиан нэг сумтай хүнээ хасах байлаа.

Тэр ч бүү хэл тулгын гурван чулуу, Монголын ёс гурав, чандмань эрдэнэ гэх мэтээр ярьсан бол бүр балрахгүй  юу. Азаар тийм юм болсонгүй. Гэхдээ ирэх оны нэгдүгээр сарын 10 хүртэл зай ч байна. Сумтай таван нэр дэвшигчдээс нэрээ татах хүн гарч мэднэ. Тэгсэн ч гэсэн Фортуна даргын бэлгэдэл бол бэлхэн л байна. Дөрвөн хүн өрсөлдөхөөр боллоо гэхэд бүгдэд нь тумбааш буюу эвтэй дөрвөн амьтны зургийг “Тумбааш”-ийн эзэн Батын Батбаатараар өгүүлээд л сунгаанд нь оруулах болов уу.

Хоёр сумтай хүн нэрээ татаад гурван сумтай хүн өрсөлдөх болж гэмээнэ Фортуна өөрөө гал бадраах ёслол хийгээд тулгын гурван чулууг боодогны чулуу шиг халуунаар нь гурвууланд нь атгуулаад сумтай гишүүдээ хөдөө сумдаар тойруулахаар явуулчихаж болох юм. Хоёр сумтай хүн тунаж үлдээд сунгаанд орох юм бол хос хоёр багана, эр хоёр загал гэх мэтээр нэрлээд сунгааг нь эхлүүлэх боломжтой. Тэгээд хүн хоёр нүд, хоёр гар, хоёр чихтэй гэх мэтээр хоёрын тооны бэлгэдэл мундахгүй. Ямар ч байсан АН-ын даргын сунгаанд сумтай хүмүүс өрсөлдөн сумдаар тойрохоор боллоо. Эхлэлээс нь харахад фэнг шүйг нэлээд чухалчилсан сунгаа болох төлөв тодорч байна. Нэгэнт ийнхүү фэнг шүйдэж эхэлсэн сунгаа юм чинь сумтай хүмүүстээ Алунгоо эхийн нэрийг оноох нь зүйтэй болов уу.

Нүүр ном, жиргээнийхэн л лав Эрдэнүүдэй, Эрдэнэбатуудай, Батзандансалжи, Гантөмөрхатаги, Алтан мунхаг гэх мэтээр оноон нэрлэсэн байна лээ. Тэгээд дээр нь Алунгоо эхийн таван хөвгүүд бүгд тус тусдаа таван овгийн эцэг болдог шиг мань таван сумтай нэр дэвшигчид АН-ын гол хүчирхэг фракцуудын төлөөлөл байгаа нь ч аанай л фэнг шүйгийн гайхамшиг болой.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Алунгоо дайны үед цаг үетэйгээ тохируулж сум өгч бсан одоо үед арай өөр юм өгч дэврүүлэх нь онууштай бишүү. МАН ыг монголын ард түмэнтэй нь намнанаа гсн үг гнлээ

    0 0 Хариу бичих
  2. Гүндалайг нэгтгээд 6уул ингээд гажигтвал илүү зохих байсын нэг юм дутаад бн. Энэ сумаар яах гэж бгаан тэгээд? Ккк

    0 0 Хариу бичих
  3. Мэдрэл гэдэг нь ичмээр юм. Яаж ч бсан АН ыхан эрүүл биш гэдгээ дахин батлав. Яана даа энэ намыхан яаж моггол улсыг авч явна даа хахаааа гацаа мэдрэлүүд

    1 0 Хариу бичих
  4. Танай мэдээллийг бусад болчимгүй, барьцгүй хэнд ч худалдагдаж мэдэх нөхдүүдийнхээс арай соёлтой, нуруутай гэж боддог байсан юмсан. Иймэрхүү улаан цайм захиалгаар доромж бичиж уншигчдаа хамт доромжилж байхыг харвал бас бусдынхаа өрөөсөн дугуй юм байна гэсэн сэтгэгдэл төрж байна. Урам хугарч, дур гутчихлаа

    4 0 Хариу бичих