АН-ын даргад нэр дэвшигчид юу хэлэв

Ч.Хүрлээ


Ардчилсан намын даргад нэр дэвших эрхтэй болсон таван хүний сунгаанд оролцох үнэмлэхийг өнөөдөр тус намын даргын сонгууль зохион байгуулах хорооны дарга Ж.Оюунбаатар гардуулж өглөө. Нэр дэвшигчдийн товч намтарыг танилцуулсны дараа үнэмлэхээ гардан авсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Лу.Гантөмөр нар АН-ын даргын сонгуульд шударга өрсөлдөх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм.

Мөн нэр дэвшигчид даргын сунгаанд бүртгүүлсэн дарааллын дагуу АН-ын нийт гишүүд, дэмжигчид, олон нийтэд хандан үг хэлэв.

С.Эрдэнэ: АН-ын даргын сонгуулийг АН-ын дотоод өрсөлдөөн гэж бүү хараасай

-Бид АН-ын шинэтгэлийн аянд гарч байна. Хамтын ажиллагааны гэрээн гарын үсэг зурсан журмын нөхөддөө амжилт хүсье. Даргын сонгуульд оролцож байгаа бусад нөхдөө өрсөлдөгч гэж харахгүй. Харин хамтрагч гэж харж байгаа. Бид АН-ын бүхий л жаргал, зовлон, ялалт ялагдалд хамт байж ирсэн. Энэ сонгуулийг АН-ын дотоод өрсөлдөөн гэж бүү хараасай гэж хүсч байна. Энэ сунгаан бол АН-ын шинэчлэлийн төлөө оруулж байгаа хувь нэмэр, хамтын зүтгэл юм. Тийм учраас манай намын мянга мянган гишүүд, нийт ард иргэд маань энэ сонгуулийг өрсөлдөөн бус хамтын зүтгэл гэж харах учиртай. Тэр утгаараа АН-ын бүх шатны байгууллага даргын сунгаанд шударгаар хандаж, ажиллаасай гэж хүсч байна. АН-ын даргын сонгуульд гар бие оролцох бүх хүнд амжилт хүсье. Хэн ч ялсан бай миний хувьд АН-ынхаа төлөө, шинэчлэлийн төлөө, амжилт ялалтын төлөө, эх орныхоо сайн сайхны төлөө зүтгэх болно гэдгээ илэрхийлье

Д.Эрдэнэбат: АН-ын амьдралын үе шат 26 жилийн дараа дахин шинээр эхлэх гэж байна

-Монголын ардчилсан үнэлэмж, ардчилсан төрийн төлөө надтай хамт өөр дөрвөн хүн нэр дэвшиж байгаад баяртай байна. Намын даргын сунгаанд оролцох уу, үгүй юү гэдэг дээр хувь хүнийхээ хувьд маш их эргэлзэж байсан. Гэхдээ манай намын гишүүд дэмжигчдийн зүгээс "Д.Эрдэнэбатаа чи энэ намын даргын сонгуульд оролцох нь АН-ын нэр хүндийн асуудал шүү" гэсэн шаардлага тавьсан. Тийм учраас намын даргын сонгуульд оролцохоор болсон. АН-ын шинэчлэлийн асуудлыг АН-ынхан төдийгүй Монголын ард түмэн харж байгаа. АН-ын амьдралын үе шат өнөөдөр 26 жилийн дараа дахин шинээр эхлэх гэж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараахь АН-ын уналт, сургалт, сургамж энэ намыг цааш хэрхэн авч явах гэсэн дохио өглөө. Сая болж өнгөрсөн манай намын Их хурал ардчилсан үзлийг дэмжигчдийн үзэл санаа хэвээрээ байгаа гэдгийг нотоллоо. АН-ын даргын сонгууль АН-ын төдийгүй, Монголын ард түмний дотоод эв нэгдэл юм гэдэгт итгэл үнэмшилтэй байгаа. Намынхаа гишүүдэд амжилт хүсье. Ам, ажил хоёр зөрөх зүйл битгий хийгээрэй гэж хүсье. Бүгдээрээ хөтлөлцөөд, шударга өрсөлдөөд энэ сонгуулийн ард гарна.

Лу.Гантөмөр: Намын даргын сунгаан зэрэг нь АН-ынхны итгэлийг сэргээсэн үйл ажиллагаа болоосой

-АН-ын даргын сонгууль зохион байгуулахад асар их зардал гарч байгаа. Энэ зардлыг хуваалцсан журмын олон нөхөддөө талархснаа илэрхийлье. Их ялагдлын дараа АН-ын гишүүн бүр нэгийг эргэцүүлж, хоёрыг тунгаасан. АН-ыг яавал олон түмний итгэлийг хүлээсэн нам болгох вэ гэдэг дээр олон хүн бодсон байх. АН-ын гишүүн бүр биднийг хэвлэлээр буруу зүйл хэлбэл шаналж хонодог, зөв зүйл хэлбэл баярлаж унтдаг хүмүүс. Энэ хүмүүс хэлэлцээд АН заавал шинэчлэгдэх хэрэгтэй гэдэг зүйл рүү явсан. АН-ын зургадугаар Их хурлаар хоёр том шийдэлд хүрсэн. Нэгдүгээрт, АН-ын дарга намынхаа нийт гишүүдээр сонгогддог байх, хоёрдугаарт, АН-ын шинэтгэлийн хөтөлбөр шат дараалсан төлөвлөгөөтэйгөөр батлагдсан байгаа. Тиймээс Их хурлаар батлагдсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх намын даргыг сонгож байгаагаарай энэ удаагийн сунгаа онцлогтой байгаа юм. Монголын улс төр, улстөрчид ард түмнээсээ үнэхээр холдсон. Энэ шүүмжлэлийг шат болгондоо хэлж байна. АН-ын Их хурал дээр жирийн гишүүд дэмжигчдийн хэлж байгаа үгнээс харахад тэд маань намдаа итгэх итгэл нь үнэхээр буурсан байгаа нь анзаарагдсан. Бүх шатандаа итгэл алдарсан. Тийм учраас шинэтгэлийн хэлэлцүүлэг, намын даргын сунгаан зэрэг нь АН-ынхны итгэлийг сэргээсэн үйл ажиллагаа болоосой гэж найдаж байна. АН гишүүдийнхээ нам болоосой гэж хүсч байна. Хамт нэр дэвшиж байгаа АН-ын удирдлагууд та бүхэнд амжилт хүсье.  

Ж.Батзандан: Бүлэглэлд биш бүх гишүүддээ үйлчилдэг нам байх ёстой

-АН-ын шинэчлэл эхэлж байна. АН яагаад шинэчлэгдэх ёстой вэ гэж олон хүн асууж байгаа. Монголыг шинэчлэх шаардлагатай байгаа учраас АН шинэчлэгдэх ёстой юм. Тийм учраас АН-ын 180 мянган гишүүн өнөөдрөөс эхэлж шинэчлэлийг хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэллээ. АН-ын шинэчлэл юу руу чиглэх вэ гэж олон хүн анхааралтай харж байгаа. АН хаалттай нам байх уу, нээлттэй нам байх уу гэдгийг энэ шинэчлэлээр бид шийднэ. Өнөөдрийг хүртэл сүүлийн найман жил АН үнэндээ хаалттай нам байж ирсэн. Бүх дотоод сунгаагаа бид найман жил зогсоосон байсан. Одоо үүнийг эцэс болгоё. АН шинэчлэгдэе гэж байгаа бол бүх цонх, үүд хаалгаа ард иргэдийнхээ өмнө нээх ёстой. Цаашлаад АН-ын шинэчлэл үзэл санааны шинэчлэл байх болно. АН эрх чөлөө, хүний эрх, шударга ёсны төлөөх нам байх ёстой. Үндэсний эрх ашгийг дээдэлдэг улс төрийн хүчин болж шинэчлэгдэх ёстой. Дараагийн сорил. АН бүлэглэл, фракцын гарт орсон нам байх юм уу, ард түмний, олон нийтийн нам байх юм уу гэдгийг энэ шинэчлэлээр бид шийднэ. Таван тийш харсан таван фракцид хуваагдсан явцуу эрх ашгийн нам байж болохгүй. Бүлэглэлд биш бүх гишүүддээ үйлчилдэг нам байх ёстой. Намын даргын сунгаанд оролцож байгаа нөхөддөө амжилт хүсье.

Н.Алтанхуяг: Монголчууд бидэнд талцал, хуваагдал гэсэн ганцхан дайсан байгаа

-АН-ын шинэчлэлийн төлөө нэр дэвшиж байгаа, нэрээ дэвшүүлсэн гарын таван хуруундаа баяр хүргэе. Бид тав өнгөрсөн УИХ-ын нэг ангийн хамт олон байсан. С.Эрдэнэ, Лу.Гантөмөр бид гурав Шинэчлэлийн Засгийн газрын гурав. Бүгдэд нь баяр хүргэе. Миний хувьд АН-ын сунгаанд нэр дэвших шийдвэрийг их тулгуу гаргалаа. АН-ыг зургаан жил удирдсан хүний хувьд энэ удаагийн намын даргын сунгаанд оролцохгүй байя гэсэн байр суурьтай байсан. Гэсэн ч хойшлуулж боломгүй хариуцлагатай энэ цаг үед нэр дэвших шийдвэрийг журмын нөхдийн санал хүсэлтээр гаргасан. Одоо намаа гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүс асуудлаас зугтааж, юмны араар орж суух биш ахмад, дунд, залуу үе гар гараасаа бариад намынхаа төлөө, Монгол Улсынхаа төлөө хамтдаа зүтгэх цаг болсон.

Энэ бүхэн бол Шинэчлэлийн Засгийн газрыг зохион байгуулалттайгаар огцруулж, МАНАН-гийн Засгийн газар байгуулагдсанаас болсон юм

Орон нутгийн гишүүд Их хурлын үеэр олон асуулт надаас асуусан. 2012 оны АН-ын үнэт зүйл, бодлого, зорилт хайччихсан юм бэ, хуулийн шинэчлэл юу болов, "Монгол хүн-2020" хаана байна, баялгийн хуваарилалт яасан бэ, орон сууцжуулах хөтөлбөр яав гэх мэт. Гэтэл надад хариулт олдсонгүй. Ямар сайхан байж гэлтэй биш, муухай байна гэлтэй биш. Яамаар байна л гэлээ. Яахав хамтраад үргэлжлүүлье л гэж байна лээ. Тэгвэл энэ бүхэн яагаад алга болсон юм бэ. Энэ бүхэн бол Шинэчлэлийн Засгийн газрыг зохион байгуулалттайгаар огцруулж, МАНАН-гийн Засгийн газар байгуулагдсанаас болсон юм. Улмаар МАН-ын Засгийн газар бий болсон. Тэд нар 65 суудал авсан гэх мөртлөө Монголыг хөгжүүлэх ямар ч бодлого, ямар ч төлөвлөгөө, ямар ч зүрх сэтгэл алга. 65-уулаа гэх атлаа ирцээ бүрдүүлж чадахгүй байна гэдэг онигоог өчнөөн удаа сонсож байна. Тийм учраас АН-ын олон мянган хүнийхээ саналыг авч, дутуу үлдээсэн бүхнээ дуусгая, хамтраад ардчиллаа хамгаалъя, Монголдоо иргэн бүр сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дахин зүтгэе гэж шийдэж нэрээ дэвшүүлсэн юм. АН-ын сунгаан зөвхөн АН-ых биш. Нийт монголчуудын асуудал. МАН, АН аль алинд нь хэлье. Одоо бидэнд хоосон магтаал хэрэггүй. Хорссон үзэл ядалт ч хэрэггүй. Урд байгаа ажлаа л хиймээр байна. Ард түмэнд амласан, сайн сайхны төлөөх ажилаа хиймээр байна. АН-ынхан бид зам харгуй, үйлдвэрлэл гээд өмнө нь байгаагүй бүтээн байгуулалтыг хийж чадсан. Хууль эрх зүй, боловсролын салбарт ч шинэчлэлийг эхлүүлж чадсан. АН засаглаж чаддаг гэдгээ ч харуулсан. Өнгөрсөн хугацаанд АН-ыг хагалж, бутаргах үйлдлүүд явагдсаныг бүгд мэддэг болжээ. Энэ үйлдэл улам даамжирч байна. Хөрөнгө мөнгөтэй хэдхэн хүнд энэ намыг хувьчлахаар улайрч байна. АН ялагдсанд манай намын орон нутгийн мянга мянган жирийн гишүүд ямар ч буруугүй. Бид ингээд зогсох учиргүй. Бид дүгнэлт хийгээд зүтгэх учиртай. АН-д эв нэгдэл юу юунаас илүү чухал байна. Монголчууд бидэнд талцал, хуваагдал гэсэн ганцхан дайсан байгаа. Тэрнээс МАН бол бидний дайсан биш. АН ч МАН-ын дайсан биш. Нэгнээсээ давах гэсэн аминч үзлээ үлдээ, орхи. Монголчууд бид их зорилготой ард түмэн. Их зорилготой ард түмэнд олон жижиг саад учирдаг юм. Эвтэй ард түмэн давахгүй зорилго, хүрэхгүй зүйл гэж үгүй.      

АН-ын даргын сонгуульд оролцох нэр дэвшигчид ийн үг хэлсний дараа эв нэгдэлтэй байхыг билэгдэж, АН-ын дарга З.Энхболд тав таваар нь багцалсан сумыг гардуулж өглөө. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)