Ж.Оюунбаатар: Нэр дэвшигчид нэгдүгээр сарын 10-ны дотор нэрээ татаж болно

С.Шийлэгтөмөр


АН-ын даргын сонгуулийг зохион байгуулах хорооны дарга Ж.Оюунбаатараас дараахь тодруулгыг авлаа.

-Сонгуулийн сурталчилгаа хэзээ, хаанаас эхлэх вэ?

-Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 22-ноос эхэлж ирэх нэгдүгээр сарын 28 хүртэл үргэлжилнэ. Аймгуудаа бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулна. Сурталчилгаагаа Хэнтий аймгаас эхлүүлээд зүүн бүсийн аймгуудаар хийнэ. Зүүн аймгуудаар явж ирээд Улаанбаатар хотын хоёр дүүрэгт ажиллачихаад буцаад хөдөө явна. Өөрөөр хэлбэл, хот, хөдөөд ээлжлэн ажиллана.  

-Нэр дэвшигчид хамт явж сурталчилгаагаа хийх хэвээрээ юу?

-Намын даргын сонгуулийн сурталчилгаа нэгдсэн нэг нэгдмэл зохион байгуулалттайгаар явна. Бүх нэр дэвшигч хамтдаа аймаг, дүүрэг орон нутгаар явж сурталчилгаагаа нэг дор хийнэ. Бусдаасаа ялгарч бие даасан байдлаар сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглосон.

-Зөвхөн саналыг эрхтэй гишүүд сонгуульд оролцож саналаа өгнө гэсэн. Саналын эрхтэй гишүүн гэдэг нь ямар хүнийг хэлж байгаа юм бэ?

-Сонгууийн санал хураалт явуулах өдрөөс өмнө АН-ын гишүүдийн шинэчилсэн цахим бүртгэл явагдана. Намын гишүүнийхээ татварыг төлж энэ бүртгэлд хамрагдсан хүмүүсийг саналын эрхтэй гишүүн гэж нэрлэж байгаа юм. Энэ хүмүүс саналаа өгөх эрхтэй. Манай намын бүх гишүүд сарын 100 төгрөг буюу жилийн 1200 төгрөгийн татвар төлдөг.

-Саналын эрхтэй гишүүдийг хайрцаглах боломжгүй гэх баталгаа бий юү?

-Хайрцаглахгүй байх нөхцөлийг бий болгох үүднээс нийт гишүүдээ шинэчилсэн бүртгэлд хамруулж байгаа юм.

-АН-д шинээр элсч 2016 оны татвараа төлсөн хүн намын даргын сонгуульд саналаа өгч болох уу, эсвэл заавал өмнө нь гишүүнчлэлтэй байсан хүнийг оролцуулах уу?

-Намд шинээр элсч байгаа хүмүүс сонгуульд оролцож саналаа өгч болно.

-Нэгдүгээр сарын 29-нд санал хураалт явуулахаас өмнө нэр дэвшигчид нэрээ татаж болох уу?

-Сонгууль зохион байгуулах журам дотор нэрээ татах тухай зохицуулалт бий. Нэр дэвшигч нэгдүгээр сарын 10-ны дотор нэрээ татаж болно.

-Намын даргад нэр дэвшсэн болон даргаар сонгогдсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ, дэвшихгүй гэх яриа гарч байна. Үүний аль нь үнэн юм бэ?

-Сая болсон АН-ын VI Их хурлаар намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж баталсан. Үүн дотор намын даргын сонгуульд оролцсон болон нэр дэвшсэн хүн Ерөнхийлөгийн сонгуульд нэр дэвшинэ, дэвшихгүй гэсэн заалт ороогүй. Тийм учраас нээлттэй байгаа гэж ойлгож болно.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
АН-ын даргад нэр дэвшигчдээс хэнийг дэмжих вэ?
Санал өгөх Үр дүн харах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Toon dotor useg tsohij yavna gedegdee A darga odoo bolichih!!!!!Batzandan bol zailchih!!!!!Gantumur buu yar!!!!

    0 0 Хариу бичих