Нэг сарын настай төсөв

Г.Балжинням


Өмнөх жилүүдийг авч үзвэл УИХ дараа оныхоо төсвийг хугацаанаас нь эрт буюу бүр тав хоногийн өмнө баталж байсан түүх тун ховор. Дийлэнхдээ хуульд заасан хугацаа буюу тухайн оны 11 дүгээр сарын 15-нд яг таг тулган, яаран сандран кнопддог байлаа. Харин энэ жил тэгсэнгүй. Шинэ бүрэлдсэн парламент цагийн зүүнд баригдалгүй 2017 оны төсвийг хэлэлцэж, арваннэгдүгээр сарын 10-ны үдээс хойш баталчихсан. Гэхдээ хугацаанаас нь ийн тав хоногийн өмнө нэг их маргаан үүсгэлгүй баталсан нь цаанаа ямар нэгэн учир шалтгаантай байж таарсан юм. Энэ тухай удахгүй дэлгэрүүлнэ. Харин түүнээс өмнө ирэх оны төсөв хэрхэн батлагдсаныг товч дурдъя. 

Гал унтраасан төсөв

Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлд хамгийн их анхаарал татаж, тэр хэрээрээ шүүмжлэлд өртөж байсан зүйл бол төсвийн алдагдал.

Анх өргөн барьснаар бол Засгийн газар төсвийн алдагдлыг ДНБ-ий 9.9 хувь хэмээн тооцоолсон байлаа. Гэхдээ төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусахад энэхүү алдагдлыг 9.1 хувь болгон бууруулсан нь өмнө нь гарсан шүүмжлэлийн галыг бага ч гэсэн намжаасан хэрэг болсон.

Анх өргөн барьснаар бол Засгийн газар төсвийн алдагдлыг ДНБ-ий 9.9 хувь хэмээн тооцоолсон байлаа. Гэхдээ төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусахад энэхүү алдагдлыг 9.1 хувь болгон бууруулсан нь өмнө нь гарсан шүүмжлэлийн галыг бага ч гэсэн намжаасан хэрэг болсон.

Нөгөөтэйгүүр энэ удаагийн парламент анх удаа Засгийн газраас оруулж ирсэн төсвийн зарлагын хэмжээг нэмэгдүүлэлгүйгээр баталсан нь онцлох зүйл болсныг тэмдэглэе. Гэхдээ үүнийг эдийн засгийн хүнд байдалтай холбон ойлгож болно. Тодруулвал, Сангийн сайд 2017 оны төсвийн орлогыг 5.9, зарлагыг 8.5 их наяд төгрөг байхаар тооцож өргөн барьсан бол УИХ орлогыг нь 6.1 болгон ихэсгэж, зарлагыг нь 8.5 их наяд төгрөг хэвээр нь үлдээж баталсан. Харин төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөг байсныг 2.4 их наяд буюу 200 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан. Мөн Сангийн сайдыг эс тооцвол түүний дараа Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд хамгийн их төсөв зарцуулахаар болсон. Н.Номтойбаяр сайдын багцыг 1.7 их наяд төгрөгөөр баталсан. Харин хамгийн бага төсвийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд зарцуулах бөгөөд түүний багцад 20.2 тэрбум төгрөг багтжээ.

УИХ процедурын алдаа гаргав

УИХ ирэх оны төсвийг баталлаа. Харин одоо “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Нэг их анзаарагдахгүй байж болох ч дарааллын хувьд яг энэ асуудал дээр парламент процедурын маш том алдаа гаргачихсан.

Өөрөөр хэлбэл, ямар ч тохиолдолд ирэх оныхоо төсвөөс өмнө үндсэн чиглэлээ баталж, тодорхойлсны дараа түүндээ тааруулж төсвөө батлах ёстой байдаг. Гэтэл энэ удаа төсвөө баталсны дараа төсөвт тааруулж үндсэн чиглэлээ тодорхойлохоор болов. 

Уг нь өнгөрсөн хавар буюу тавдугаар сард үндсэн чиглэлийн төсөл УИХ-д өргөн баригдсан байлаа. Гэвч сонгуульдаа санаа тавьсан уу, эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар үндсэн чиглэлийн төслийг тоохгүй өнгөрөөсөн. Харин одоо нэхэн хэлэлцэж байна. Энэ процедурын алдааг УИХ-ын гишүүд ч хүлээн зөвшөөрлөө. Жишээлбэл, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “Өмнөх УИХ үндсэн чиглэлийг батлах байсан юм. Үндсэн чиглэл бол нэг ёсондоо сан. Юу гэхээр, ирэх оны төсөвт хэдий хэмжээний олон, хэдэн төгрөг байх гээд олон зүйлийг үндсэн чиглэлээр тодорхойлдог. Үүнийг би маш олон удаа ярьж хэлж байсан. Харин тоогоогүй. Төсөв батлахаас өмнө үндсэн чиглэлээ батлах ёстой байлаа. Процедурын алдаа гэхээсээ илүү маш хариуцлагагүй, замбараагүй зүйл боллоо. Одоо нүдэн балай, чихэн дүлий явж батлахаас өөр аргагүй” гэсэн юм. Тэгвэл яагаад өмнөх УИХ-ын алдааг одоогийн парламент давтав. Хугацааны хувьд төсвөөс өмнө үндсэн чиглэлээ баталчих хангалттай боломжтой байсан шүү дээ. 

“Жинхэнэ”төсөв биш

Дээр хэлсэнчлэн ирэх оны төсвийг хугацаанаас нь өмнө нэг их асуудал үүсгэлгүй баталсан шалтгааныг энд тодруулъя. Эдийн засаг маань хямралын намагт суучихсан байгааг хүн бүр ярьж, баталж байна. Харин гүн шигдэхээс нь өмнө татаж гаргах арга чаргыг дээд доодгүй эрэлхийлсээр. Хамгийн эхэнд Засгийн газар татвар нэмэх асуудлыг оруулж ирсэн. Харин тэр нь олон нийтийн эсэргүүцлийг давж чадаагүй. Харин түүний дараа Хятадаас зээл авах болон ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах гэсэн дараагийн хувилбаруудыг гаргаж ирсэн. Гэвч Далай ламын айлчлалыг зөвшөөрсөн гэдэг шалтгаанаар урд хөршөөс бойкот хийж, зээл өгөхгүй хэмээн мэдэгдлээ. Үүнийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэвлэлд өгсөн ярилцлагаараа баталсан. Хэрэв Хятадын зээл бүтэхгүй бол манай улсад “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас өөр сонголт үлдээгүй гэж хэлж болно. Мэдээж зөвхөн Хятадын зээл бус бусад орноос хөнгөлөлттэй зээл авах асуудал яригдах л байх. Гэхдээ бидний шаардлагад нийцсэн хөнгөлөлттэй зээл олдоно гэдэг юу л бол гэж эдийн засагчид, судлаачид ингэж ярьж байна. 

Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдана гэдэгтээ бүрэн итгэлтэй байгааг улс төрийн өндөр албан тушаалтнуудын үг, үйлдлээс хялбархан харж болохоор байна. 

Одоо “Стэнд бай”. Товчхондоо Ерөнхий сайд, Сангийн сайд, УИХ-ын Байнгын хорооны дарга нар, Монголбанкны ерөнхийлөгч, УИХ-ын зарим гишүүд ч “Стэнд бай” хөтөлбөрт санал нэгдэн, ОУВС-гийнхантай хэлэлцээрээ үргэлжлүүлсээр. Сангийн сайд л гэхэд ирэх оны эхний улиралд багтаан тохиролцоно гэдгээ хэлсэн. 

Тэгвэл “Стэнд бай”-д хамрагдвал юу болох вэ. Хамгийн түрүүнд сая баталсан 2017 оны төсвийг дахин тодотгоно. Хамтран хэрэгжүүлэгч ОУВС-гаас ч төсвийн хатуу дэглэм барих шаардлагаа тулгаж эхэлнэ. Төсөвт тодотгол хийнэ гэдгийг бүгд хүлээн зөвшөөрчихлөө. Жишээлбэл, 65 хүний бүрэлдэхүүнтэй УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа төсвийнхөө бүтэц, зарлага, орлогыг дахин эргэж харах шаардлагатай гэсэн бол Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар нар “Стэнд бай”-д хамрагдвал ирэх оны төсөвт тодотгол хийхийг үгүйсгээгүй. Төсөвт өөрчлөлт орохыг дотоодын албан тушаалтнуудаас гадна гадаадын нэр хүнд бүхий байгууллагууд ч мэдэж байна. Хамгийн сүүлд л гэхэд санхүүгийн “Moody’s” агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан нь үүнийг баталлаа. Хэдийгээр Монголбанк, Засгийн газар түүнийг нь үгүйсгэн хамтарсан мэдэгдэл гаргасан ч одоогийн баталсан эдийн засгийн өсөлтийг гурван хувь гэхчилэнгээр тооцоолсон өөдрөг төсөөллүүд нь тодотголоор дахин хөдлөх нь тодорхой. Тэр утгаараа “Moody’s”-т зээлжих зэрэглэлийг бууруулах хангалттай шалтгаан байсан байж болох юм. 

Энэ бүгдээс дүгнэхэд энэ удаагийн УИХ ирэх оны төсөвт тийм ч хариуцлагатай хандаагүй гэж дүгнэж болохоор байна. Нэг ёсондоо угаас “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсаны дараа тодотгол хийх нь ойлгомжтой гэдэг өнцгөөс асуудалд ханджээ. Үндсэн чиглэлийг төсөв баталсны дараа хэлэлцэж байгаа нь ч үүнтэй холбоотой байж мэдэх. “Стэнд бай”-д яаралтай хамрагдах аминд тулсан шаардлага байгаа учир төсвөө үндсэн чиглэлийн өмнүүр очер дайруулж хэлэлцсэн мэт.

Ингээд зогсохгүй уг нь батлагдсан төсвийг дагаж эдийн засгийн суурь үзүүлэлтүүд хөдөлдөг. Тэр утгаараа ямар ч тохиолдолд төсвийг тодотгоно гэж баталдаггүй юм. Харин энэ удаад хамрагдаагүй байгаа “Стэнд бай” хөтөлбөртөөл захирагдаж УИХ төсвөө баталлаа. 2017 оны баталсан төсөв ердөө нэг сарын настай байж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)