Тамсагаас 1.1 сая тонн газрын тос олборлоно

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал өчигдөр БНХАУ-ын “Дачин Ойлфийлд” компанийн дэд захирал, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Жан Веншенг тэргүүтэй төлөөлөгчдийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд тус компанийнхан 2016 онд хийж гүйцэтгэсэн ажил, тулгамдаад буй асуудлууд болон 2017 оны төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Тус компани Дорнод аймгийн нутаг дахь Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Ирэх 2017 онд тус компани 400 орчим сая ам долларын хөрөнгө оруулалт хийж, 1.1 сая тонн газрын тос олборлохоор төлөвлөөд байгаа ажээ. Энэ төлөвлөгөөгөө биелүүлэхэд дутагдаж буй эрчим хүчний асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлага тулгараад байгаа юм байна. Мөн 2017 оны хөтөлбөр, төсвийг батлах, ажиллах хүчний зөвшөөрөл болон холбогдох зөвшөөрлүүдийг хугацаа алдахгүй шийдвэрлэх, харилцан уялдаатай хамтран ажиллах, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргаас хүсчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ