АН анхаарлын төвд орсон долоо хоног өнгөрлөө

С.Шийлэгтөмөр


Өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлуудаас АН-ын зургадугаар Их хурал яах аргагүй олны анхаарлын төвд байлаа. Учир нь, АН хэрхэн шинэчлэгдэх бол гэсэн хүлээлт тус намын гишүүд, дэмжигчид төдийгүй манай улсын нийт иргэдэд байсан гэхэд болно. Харин энэ их хүлээлтийн хариу АН-ын Их хурлаас гарсангүй. 

Хоёр өдрийн турш 1000 гаруй төлөөлөгч хуралдахдаа намынхаа Үндсэн дүрмийг шинэчлэн батална гэж төлөвлөсөн ч боломжгүй гэдэгт санал нэгдсэнийг АН-ын дарга З.Энхболд онцолсон. АН-ынхан хурлынхаа хоёр дахь өдөр нь дүрмийн төслөө хэлэлцсэн юм. Гэвч, төлөөлөгчид нь “Дүрмийн төсөлтэйгөө ганцхан өдрийн дотор танилцаад батлах боломжгүй. Харъяа аймаг, сум, дүүрэгтээ буцаж очиж гишүүддээ төслөө танилцуулах хэрэгтэй байна” гэж үзсэн учраас ирэх хоёрдугаар сарын 12-нд долдугаар Их хурлаа хийж, дүрмээ эцэслэн батлахаар боллоо.

Үндсэн дүрмийг шинэчлэн батална гэж төлөвлөсөн ч боломжгүй гэдэгт санал нэгдсэнийг АН-ын дарга З.Энхболд онцолсон.

Энэ удаагийн Их хуралд сум, хороо тус бүрээс нэг төлөөлөгч оролцсон бол дараагийнхаа Их хуралд сум, хороо тус бүрээс хоёр төлөөлөгч оролцуулахаар болсон байна. Их хурлаасаа өмнө гишүүдээ цахимаар шинэчлэн бүртгэх, намын даргын марафоноо зохион байгуулах гэх мэт ажлаа хийхээр болсон юм. АН-ын даргын марафон тус намын бүх гишүүнд нээлттэй.

Учир нь, намын даргад өрсөлдөх сонирхолтой хүмүүст ямар ч шалгуур тавихгүй байхаар шийдсэн юм. Намын даргад өрсөлдөх хүсэлтэй хүмүүсийг энэ сарын 10-наас бүртгэж эхэлсэн бөгөөд 19-нөөс сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлнэ. Улмаар ирэх нэгдүгээр сарын 29-нд санал хураалт явуулж хамгийн их санал авсан нэр дэвшигчийг хоёрдугаар сарын 12-нд болох Их хурлаар батламжлах юм. Их хүлээлт үүсгээд байсан АН-ын Их хурал нэг иймэрхүү үр дүнтэй боллоо.

АН-ын шинэчлэгдэх процесстой холбоотойгоор хоёр ч намын дарга тус намд элсэхээ илэрхийлсэн юм. Нэг нь Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан. Тэрээр албан ёсоор санал тавиагүй ч “Байгуулалцаж явсан юм чинь ороод шинэчлэлцээд явж болох байлгүй дээ. Би АН-д ороод энэ намыг орох оронтой болгож болно ш дээ” гэв. АН-д элсэх хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн дараагийн хүн бол Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай. Гэвч АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр түүний хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж мэдэгдсэн.

Намын даргад өрсөлдөх хүсэлтэй хүмүүсийг энэ сарын 10-наас бүртгэж эхэлсэн бөгөөд 19-нөөс сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлнэ.

АН-ын шинэчлэлийг хүлээсэн хүмүүс болон Л.Гүндалайн хүсэлт ийнхүү өнгөрсөн долоо хоногт биелэлээ олсонгүй. Харин нийт монголчуудын эрх ашигт нийцсэн нэгэн үйл явдал өнгөрсөн долоо хоногт болlоо. Энэ бол  Монгол  Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулах Азийн авто замын сүлжээгээр авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал байв. Дээрхийн гэгээнтэн Далай ламын Монгол Улсад хийсэн айлчлалтай холбогдуулан БНХАУ манай улсыг сонсох “чихээ бөглөчихөөд” байсан гэхэд болно.

Нэлээд хэдэн айлчлалыг цуцалснаа гадна энэ сарын 5-9-нд Москва хотноо болсон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын бага хурлын үеэр дээрх хэлэлцээрт гарын үсэг зурахаасаа татгалзаад байсан юм. Гэвч эцсийн мөчид БНХАУ Монголын талаархи байр сууриа өөрчилж хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Дээрх хэлэлцээрт гарын үсэг зурснаар Монгол, Орос, Хятад гурван улсын бүс нутгийн хэмжээнд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой болов. Цаашлаад хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд гурван улсыг холбосон төмөр зам, авто замын дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжүүлэх юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
АН-ын даргад нэр дэвшигчдээс хэнийг дэмжих вэ?
Санал өгөх Үр дүн харах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)