Ардчилсан хувьсгал ялсны 27 ойд зориулсан хүчит бөхийн барилдаан энэ цаг дор Монгол бөхийн өргөөнд болж байна. Заал танхимын бүхий л барилдааныг алгасалгүй үздэг бөхийн хорхойтнуудын хүлээлтэд Ардчилсан хувьсгалын ойн барилдаан хүрч чадсангүй. Учир нь эл барилдаанд Улсын аварга, арслан, гарьд, заануудаас хэн нь ч зодоглосонгүй. Бөхийн барилдааны зүүн жигүүрийг Монгол Улсын харцага Ш.Уламбаяр,  баруун жигүүрийг Улсын харцага А.Цацабшир магнайлан барилдаж байна.  “Ардчилсан нам төр барьж байхад аварга, арслангууд бүгд шахуу зодоглодог байлаа. Манай бөхчүүд ч аргагүй нам фракцийн хараат юм даа...” гэх шүүмжлэлийг 40 мянга гаруй гишүүнтэй “Монгол бөх” фэйсбүүк грүпт аль хэдийнэ өрнүүлээд амжжээ.