УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар оффшор дансны буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Уг нь өнгөрсөн мягмар гарагт тус хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэн “Засгийн газарт буцаах нь зүйтэй” хэмээн үзсэн. Байнгын хорооны түвшинд оффшор бүс гэдэг ухагдахууныг нарийвчлан тодорхойлох, оффшор дансгүй байх албан тушаалтны жагсаалтыг гаргах, хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг мөн оффшор дансгүй байхаар хуульчилж өгөх нь зүйтэй гэсэн асуудлыг хөндөж байсан билээ. Гэсэн ч УИХ-ын гишүүд хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд асуулт тодруулга авсан юм.
Т.Аюурсайхан: Оффшорын асуудлыг нэмэлт өөрчлөлтөөр зохицуулах нь учир дутагдалтай, бие даасан хууль боловсруулах нь зүйтэй.
С.Бямбацогт: 1990 оноос хойш өнөөг хүртэл манай улсад 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсний дийлэнх нь оффшор бүсээс орж ирсэн байдаг. Бид бизнесийн салбарыг хуулиар хөндөхгүй. Албан тушаалтны жагсаалтыг гаргах бололцоотой. Гэр бүлийн гишүүдэд давхар хариуцлага тооцож болно. Гэр бүлийн гишүүдийнхээ нэр дээр тухайн албан тушаалтан оффшорт хөрөнгөө нуусан бол одоогийн Эрүүгийн хуулиар хариуцлага тооцох бололцоотой. Үүний зэрэгцээ оффшорын тодорхойлолтын тухай асуудал байна. Дэлхийн нийтэд өнөөдөр оффшор бүсийг тодорхойлсон нийтлэг тодорхойлолт байхгүй байхад манай улс тодорхойлох нь зохимжгүй. Тиймээс гадаад улсад данстай байхыг хориглосон заалт оруулсан.
Ц.Нямдорж: Оффшорын асуудлаар Т.Аюурсайхан гишүүнтэй адил буюу бие даасан хууль гаргах нь зүйтэй хэмээн үзэж байна.
Х.Болорчулуун: Оффшорын хуулийг Засгийн газар дутуу боловсруулж оруулж ирсэн.
С.Бямбацогт: Хуулийн төслийг олон улсын туршлага судалж боловсруулсан. Гэхдээ гишүүдэд дутмаг ойлгуулсан байж болзошгүй. Хуулийн төслийг сайжруулаад явах нь эрх нь гишүүдэд бий. Мөн бие даасан хуулийн төслийг оруулж ирье. Энэ хуулийг хэлэлцээд явахгүй бол оффшорчдыг дэмжлээ гэсэн ойлголт нийгэмд өгч болзошгүй гэлээ.
Ш.Раднаасэд: Гэр бүлийн гишүүдийн асуудлыг их ярьж байгаа. Ял зэмийг үр хүүхэд, гэр бүлд халдаан хэрэглэж болохгүй. Энэ хуульд хэн нэгнийг гэмт буруутайг тогтоох тухай асуудал ерөөсөө яриагүй. Гэм буруутай болохоос сэргийлэхийн тулд хуулийг санаачилсан юм. Ер нь бол оффшортой холбоотой асуудал дээр зөв ойлголттой байх ёстой. Оффшор данс, оффшор үйлчилгээ хоёр чинь өөр зүйл. Энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай.
Гишүүд ийн үг хэлж, асуулт тодруулга авсны дараа хуулийн төслийг буцаах эсэх талаар санал хураалт явуулахад үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж олонх нь үзлээ.