З.Энхболд: Намын даргад өрсөлдөх эрх АН-ын бүх гишүүнд нээлттэй

С.Шийлэгтөмөр


АН-ын дарга З.Энхболд намынхаа Их хурлын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр энэ удаагийн Их хурлаа “АН-ын шинэтгэлийг эхлүүлсэн хурал боллоо” гэж дүгнэсэн юм.

Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг болон ҮЗХ намынхаа дүрмийг шинэчлэн батлана гэж төлөвлөж байсан боловч батлаагүй байна. Үндсэн дүрмийн төсөл нь намаа шинэчлэх бодлогын чухал баримт бичиг учраас 1000 гаруйхан хүн хоёр өдрийн дотор батлахад учир дутагдалтай гэдэг дээр санал нэгджээ. Мөн хурлын төлөөлөгчид дүрмийн төслөө харъяа аймаг, сум, дүүрэгтээ очиж танилцуулан хэлэлцүүлэх нь дээр гэсэн санал гаргасныг олонхи нь дэмжсэн байна. Тиймээс долдугаар Их хурлаа ирэх хоёрдугаар сарын 12-нд хуралдуулж дүрмээ батлахаар болжээ. Түүнээс наана намын даргын марафоноо зохион байгуулах бөгөөд 30 хүний бүрэлдэхүүнтэй сонгууль зохион байгуулах хороо байгуулжээ.

АН-ын даргад өрсөлдөх хүсэлтээ хүмүүсийг нөгөөдрөөс бүртгэж энэ  сарын 19-нөөс сурталчилгаагаа эхлэх юм байна. Марафонд оролцох хүмүүст ямар нэгэн шалгуур тавихгүй болсон учраас АН-ын бүх гишүүнд нээлттэй аж. Мөн намын даргын сонгуулиасаа өмнө гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болжээ. Намын даргын сонгууль нэг сарын турш үргэлжилж нэгдүгээр сарын 19-нд дуусах юм байна. Шинээр сонгогдсон намын даргаа долдугаар Их хурлаараа батламжилна гэдгийг АН-ын дарга З.Энхболд онцоллоо. Түүнчлэн Их хурлынхаа дараа аймаг, сум, дүүргийн намын хороодооо хуралдуулж удирдлагуудыг нь сонгоно гэв. Ингэхдээ орон нутгийн сонгуулиар ялалт байгуулсан намын хорооддоо сонгууль явуулахгүй юм байна. Тодруулбал, зөвхөн сонгуульд ялагдсан намын хорооны удирдлагуудаа солих ажээ.            

АН-ын дарга З.Энхболд дээрх мэдээллийг өгснийхөө дараа сэтгүүлчийн сонирхсон асуултад хариуллаа.

-Ажлын хэсэг, ҮЗХ-гоор хэлэлцсэн дүрмийн төсөл Их хуралд орж ирэхдээ өөрчлөгдсөн байна гэсэн шүүмжлэл гарсан. Яагаад ингэж өөрчлөгдсөн юм бол?

-Яагаад өөрчлөгдсөнийг мэдэхгүй байна. Янз бүрийн л шалтгаан байсан байх. Ер нь ийм их хэмжээний өөрчлөлтийг хоёрхон өдрийн дотор хийх боломжгүй гэдэгт бүгд санал нэгдсэн. Тиймээс дараагийнхаа Их хуралд оролцох төлөөлөгчдийнхөө тоог нэмж сум, хороо тус  бүрээс хоёр хүнийг оролцуулахаар шийдсэн.

-Намын даргад хичнээн хүн өрсөлдөх вэ. Тооны хязгаар тавьсан уу?

-Тооны хязгаар тавиагүй. Мөн марафоныг хоёр шаттай зохион байгуулахаар төлөвлөж байсныг больж ганцхан шаттай болгохоор болсон.

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас шалгаж байгаа. Намын Их хурал үүнд ач холбогдол өгсөн үү?

-Энэ бол Ерөнхий сайд байсан үетэй холбогдуулан шалгаж байгаа асуудал. Эрүү, Зөрчлийн хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бол асуудлыг хурдан шалгадаг болох байлаа. Энэ хуулиудыг хойшлуулснаас болоод иймэрхүү асуудлууд их гарч байна. Н.Алтанхуягийн хувьд хоёр жил үргэлжилж байгаа гэсэн үг. Ингэж удаж байгаа нь ямарч баримт нотолгоогүй асуудал болохыг нь илтгэж байгаа юм.

-Намын даргын сонгуулиасаа өмнө гишүүдээ шинэчлэн бүртгэхээр сонгуульд оролцож байгаа хүмүүс зохион байгуулалттайгаар гишүүн элсүүлэх юм биш үү?

-Ийм шүүмжлэл гарсан. Гэхдээ АН-ын шинэчлэлд оролцох хүсэлтэй хүн олон байгаа учраас ингэж шийдсэн юм.

-Намын даргаар сонгогдсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй юү?

-Намын дарга, Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж болохгүй гэсэн санал гараагүй. Тийм учраас дүрмийн төсөлд ийм заалт тусгагдаагүй байх. Яг яаж тусгагдсаныг хэлж мэдэхгүй байна.   

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. ard tumen z.enhboldiin haritsaa namaa yaj udirdsan altanhuyagiin zasgaa unagaasan zeregt sain dun tavij z.enhbold muu dun avsan, odoo bolbol dahiad AN-daa baga l gai tariarai daa

    0 0 Хариу бичих
  2. З.Энхболд өнгөрсөн 4 жил их хурал үнэнийг хэлсэн хүний микирфоныг хааж Элбэгдоржтой үгсэн хувилдаж хар ангалруу олон шудрага хүнийг зайлуулсан одоо АН та нарыг байхад хэзээч өөдлөхгүй хуучирсан хэдэн зөнөгүүд энэ намаас зайлаад өг

    0 0 Хариу бичих
  3. эрхэм нөхөр Энхболдод та зүгээр л сонгуульд ялагдуулсан буруугаа хүлээгээд л ямар нэгэн зүйлд,хэн нэгэнд буруу нялзаах хэрэггүй зүгээр гараад явчихаж чадахгүй байна вэ. битгий чухал царайл гэж хэлмээр байна

    0 0 Хариу бичих