Үндсэн чиглэлийн төсөл батлагдвал УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрх хязгаарлагдана

Шинэ парламент бүрэлдэж одоогоос сар орчмын өмнө ирэх оны төсвөө баталсан. Тэгвэл одоо УИХ-ын төвшинд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэж байна. Зарим Байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг нь хийж дууслаа.

УИХ-ын хувьд өмнө нь 2000, 2004, 2008, 2012 он гээд дөрвөн удаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл баталж, хэрэгжүүлж байлаа. Харин өнгөрсөн парламент Үндсэн чиглэлийн төсөл батлаагүй. Тэгвэл одоо хэлэлцэгдэж буй Үндсэн чиглэлийн төсөлд нийт 260 хуулийн төсөл, 16 УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, өргөн мэдүүлэхээр заасан байна. Үүнээс 2016 онд 31 хуулийн төсөл, дөрвөн УИХ-ын тогтоолын төсөл, 2017 онд 131 хуулийн төсөл, 11 УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэхээр тусгажээ. Харин үлдсэнийг нь 2018, 2019, 2020 онд хуваарилахаар боловсруулсан байна.

2016 онд 31 хуулийн төсөл, дөрвөн УИХ-ын тогтоолын төсөл, 2017 онд 131 хуулийн төсөл, 11 УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэхээр тусгажээ

Гэхдээ Үндсэн чиглэл нь УИХ-ын гишүүдэд маш их хамааралтай. Өөрөөр хэлбэл, Үндсэн чиглэлийг баталснаар аливаа хууль санаачлагч, УИХ-ын гишүүд Үндсэн чиглэлээс хол зөрсөн хуулийн төсөл дураараа санаачилж чадахгүйд хүрнэ. Үндсэн чиглэлд ч энэ тухай маш тодорхой заасан. Жишээлбэл, Засгийн газрын гишүүн ямар хуулийн төсөл санаачилахыг нэг бүрчлэн тодорхойлж өгснийг Үндсэн чиглэлээс уншиж болно. Мөн Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 260 хуулийн төслийг хууль санаачлагчаар нь авч үзвэл, Засгийн газар 239, УИХ-ын гишүүд 17, Ерөнхийлөгч 4 хуулийн төсөл тус тус санаачлахаар тусгасан байгаа юм. Харин УИХ-ын тогтоолын төслийн хувьд Засгийн газар 12, УИХ-ын гишүүд гурав, Ерөнхийлөгч нэгийг тус тус санаачлахаар тусгажээ.

Түүгээр барахгүй хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай 4.2-т “Үндсэн чиглэлийн төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох бусад байгууллагын саналыг авч нэгтгэн судалсны үндсэн дээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна” гэж заасныг тодоос тод иш татжээ. Энэ бүхнээс дүгнэхэд ялангуяа УИХ-ын аливаа гишүүний янз бүрийн хууль санаачлах эрх нь шуудхан хэлэхэд хаагдчихаж байгаа юм.

Үндсэн чиглэлийн төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох бусад байгууллагын саналыг авч нэгтгэн судалсны үндсэн дээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна

Ингэснээр Засгийн газрын хувьд дархлаагаа сайжруулчихаж байна гэж ойлгож болно. Засгийн газрын байр суурийг сонирхоход “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдснаар Засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг биелүүлэх, хууль санаачлагчдаас санаачлах хууль тогтоомжийн төслүүд давхардалгүй, тодорхой цаг хугацаанд төлөвлөгдөн, өөр хоорондоо уялдаа холбоотой боловсруулагдах боломжтой” гэх. Харин УИХ-ын зарим гишүүн Үндсэн чиглэлд тусгасан 260 хуулийн төслийн 75 нь анхдагч хуулийн төсөл, 85 нь шинэчилсэн найруулга, 99 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай байгаад шүүмжлэлтэй хандсан юм.

Жишээлбэл, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Парламентын нэг бүрэн эрхийн хугацаа дуусаад шинэ парламент бүрдэхээр хуулиудад дахин гар хүрдгээ болих хэрэгтэй. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн жил батлагдсан. Гэтэл Үндсэн чиглэлийн төсөлд дахиад ороод ирчихэж. Ингэж болохгүй” гэв. Мөн УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Манай улс 500 гаруй хуультай. Гэтэл Үндсэн чиглэлийн төслөөр бол 260-д нь гар хүрэх нь. Хуулиа байн байн өөрчлөөд, хувиргаад байхаар яах вэ. Бидний хамгийн их ярьдаг хөрөнгө оруулагчид ямар дүгнэлт хийх бол. Хуулийн орчин тогтворгүй гээд л үргэнэ шүү дээ”  гэсэн юм.

Гишүүдийн ийн байр сууриа илэрхийлж байгаагаас харахад Үндсэн чиглэлийн төсөлд нэлээд өөрчлөлт орох өндөр магадлалтай байна. Гэхдээ батлагдана. Харин УИХ-ын гишүүдийн хууль санаачлах орон зай хумигдмал хэвээр үлдэр болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ