Т.Аюурсайхан: Гэр бүлийн гишүүдийг оффшорт данстай байхыг зөвшөөрөхгүй

С.Бүжин


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар оффшор дансны тухай буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд асуулт тодруулга авсан.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Хуулийн төслийг Засгийн газар бүрэн боловсруулаагүй байна. Оффшор бүсэд 32 их наяд ам.доллар төвлөрч байна. Энэ мөнгө нь хөгжиж байгаа орнуудын өрнөөс хол давсан. Зөвхөн тэр мөнгөнөөс татварыг нь суутгавал зарим орны гадаад дахь өрийг бүрэн дарах боломжтой гэсэн судалгаа гарсан байна. Өнөөгийн нөхцөлд гадны улс орнууд Сангийн яам болон татварын байгууллагатайгаа хамтарч тэдгээр мөнгөний эх үүсвэрийг шалгах, зохих татварыг нь төвлөрүүлэх, улс орон руугаа татах ажиллагааг идэвхтэй зохион байгуулж, ажлын хэсэг хүртэл байгуулж байна. Тусгай хуулийн төсөл ч боловсруулж байгаа. Зарим улс орон оффшор бүсэд хүүхдийнхээ нэр дээр данс нээсэн гэх удирдлагаа хүртэл шүүхэд өгчээ. Гэтэл манай улс оффшор бүсэд данстай улстөрчдийг хамгаалсан хуулийн төсөл оруулж ирлээ. Нэгдүгээрт, "албан үүргээ гүйцэтгэж байхдаа” гэсэн заалтыг оруулж өгсөн нь амарч сувилуулж байхдаа данс нээлгэж болно гэсэн агуулгыг агуулж байна. Хоёрдугаарт, оффшор бүс гэдгийг нарийн тодорхойлолгүй, зөвхөн гадаад дахь данс хэмээн тусгасан нь сурах, сувилуулах нэрээр данс нээх бололцоог бүрдүүлж өгчээ. Түүнчлэн гэр бүлийн гишүүдийг хуулийн үйлчлэлд хамруулахгүй байхаар оруулж өгсөн нь учир дутагдалтай байна.

Гадаад дахь данс гэдэгт ямар бүс орох эсэхийг нарийвчлан заагаагүй. Гэр бүлийн гишүүдийг оффшорт данстай байхыг зөвшөөрсөн. Аж ахуй нэгжүүдийг мөн оффшор бүсэд данстай байх бололцоог олгосон гэх үндэслэлээр хуулийн төслийг буцаах саналтай байна.

 Оффшор гэдэг тодорхойлолтоо оруул. Түнээс бус гадаадад сурч байгаа хүүхэд дансанд мөнгөө байршуулахыг оффшор гэж үзэхгүй.

Хууль зүйн дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр: Энэ хуулийг тойрч гарч байгаа маш олон саналын гол цөм нь “гадаад улсад мөнгөн хөрөнгө байршуулах, данс нээх, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг тухайн төрийн албан хаагч, улстөрчийн гэр бүл, төрөл саданд нь хамаатуулж хэрэглэх үү” гэсэн асуудал. Хууль санаачлагч Засгийн газар энэ асуудлыг Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн. Энэ байр суурин дээр хэвээрээ байгаа. Яагаад гэвэл Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Гэм буруутны ял зэмлэлийг гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасан.  Ашиг сонирхлын зөрчлийн хуульд зааснаар төрийн албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг гишүүдийн  хөрөнгө орлого, дансан дахь мөнгийг ч мэдүүлдэг үүрэгтэй. Үүнтэй адилхан юм  биш үү гэж зарим хүмүүс үзэж байгаа. Тэр бол үүрэг хүлээдэг заалт. Энэ үүргээ зөрчсөн тохиолдолд тухайн  төрийн албан хаагч ажлаас халагдах захиргааны шийтгэл хүлээх заалт одоо үйлчилж байгаа. Харин энэ хуулийг дагаж Үндсэн хууль зөрчигдөж байгаа гэдэг шүүхийн шийдвэр ч гарч эхэлсэн. Тиймээс энэ Үндсэн хуулийн заалт руу орж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Хилийн чанадад сурдаг оюутнууд ихэнхдээ сурахын зэрэгцээ цагийн ажил эрхлэдэг. Тэр дансыг оффшор данс гэж үзэх үү гэх мэт бодолцмоор, амьдрал дээр байдаг асуудлыг ялгаж салгаж хуулинд тусгах шаардлагатай.

УИХ-ын гишүүн О.Батнасан: Хуулийн төсөл дээр судлаачдын үгийг сонсох хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Энэ хуулиар гэм буруугүй асуудал яриагүй. Үр хүүхдийн асуудлыг л хуулинд тусгах гээд байгаа юм.  Үндсэн хуулийн зөрчил та нарт падгүй. Гадаадад гэдэг нэр томъёо болохгүй байна. Оффшор бүсэд гэдэг заалт хийхийг Ц.Мөнх-Оргил тодорхойлж байсан. Тэр нэр томъёог нь оруулж ирж. Үндсэн асуудал дээрээ дахиад ажилла. Оффшор гэдэг тодорхойлолтоо оруул. Түнээс бус гадаадад сурч байгаа хүүхэд дансанд мөнгөө байршуулахыг оффшор гэж үзэхгүй. Ард түмэн хулгай луйвар таслаад өг гэж хүсээд байна. Зарим нь үр хүүхдийнхээ нэр дээр хулгай луйвар хийсэн нь ил болж байна. Тиймээс энэ хуулийн хэлэлцүүлгийг хойшлуул.

Гишүүд ийн асуулт тодруулга хэлсний дараа УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах саналаар санал хураалт явуулахад 80 хувь нь дэмжлээ. Ингэснээр оффшорын тухай хуулийг Засгийн газарт буцаав.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. үндсэн хууль зөрчинө гэсэн чинь юу гэсэн үг вэ тухайн хууль бусаар олсон хөрөнгийг гэм буруутны гэр бүл мэдсээр байж өөрийн нэр дээр байлгаж байгаа биз дээ. Давхар хариуцлага халдаан хэрэглэх нь зөв шүү дээ .

    0 0 Хариу бичих
  2. Бямбацогт мэтийн офшорчдоор хуулийн төсөл зохиолгохоор ямар нэмэр байхав дээ?!! Энд Үндсэн хууль огт падгүй: гэр бүлийн гишүүдэд ял халдаахгүй тухай ҮХ-ийн заалт нь төрийн албан тушаалтанд хамаагүй, жирийн иргэнийг тэднээс хамгаалсан заалт!!! Та нар бол жирийн иргэн биш, огт өөр тусгай статустай, илүү эрх ямбатай субъект гэдгээ бүү март!!! Тийм учраас нийгэм, иргэдээ хамгаалахын тулд тусгай субъектийн зарим эрхийг төрөөс зориуд хязгаарладаг юм!!! 2 өөр юмыг хольж мэдэн будлиад байх хэрэггүй!!! Нямдорж хуучирсан ч гэсэн хуульчийн үлдэгдэл юм гэсэндээ эрх биш энэ санааг цухайлгасан байна!!!!

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ