Соц нийгмээс бидэнд үлдсэн “юм”-нууд

Социализмын үеийн бүтээн байгуулалт, эдийн засгийн бааз суурийн бэхжилт гэх мэт олон сайн сайхан зүйлийг нь бид авч үлдэж чадаагүй.

Социалист нийгмийн үед жаахан хуучинсаг, эсвэл үндэсний үзэлтэй хүмүүсийг хуучин нийгмийн үлдэгдэл, феодализмыг дэмжигч гэж адалдаг байв. Тэгвэл эдүгээгийн бидний хувьд социализм өөрөө хуучин нийгэм болон түүх, дурсамжид л үлджээ. Гэхдээ монголчууд бидэнд соц нийгмээс авч үлдсэн заншил, дадал зуршил цөөнгүй бий. Бид тэр бүхнийг өөрсдөө ч анзаардаггүй байж мэднэ. Нөгөө талаар хэдийгээр таагүй, муу зуршил ч гэлээ бүр өөрийн болгоод авчихсан тул соц нийгмийн тэдгээр “юм”-нуудыг ардчилсан монголчууд нэг их гадуурхаад байдаггүй болов уу. Социализмын үеийн бүтээн байгуулалт, эдийн засгийн бааз суурийн бэхжилт гэх мэт олон сайн сайхан зүйлийг нь бид авч үлдэж чадаагүй. Харин таагүйхэн зарим зүйлийг нь тээсээр явааг доорхи хэдхэн жишээнээс харж болох юм. Эдгээрийг соц үеийн гоц үзэгдлүүдээс ардчилсан нийгэмд адлагдаагүй үлдсэн зүйлс гэж ч болно.

Арын хаалга

Социализмын үед бий болсон нэр томъёоны нэг нь арын хаалга. Энэ үгийг ямар ч хүн тайлбарлалтгүйгээр ойлгодог байсан. Одоо ч тийм хэвээр. Соц нийгмийн үед арын хаалгадаж байж ажилд ордог, албан тушаал дэвшдэг, гадаадын их дээд сургуульд хүүхдээ явуулдаг, орос дэлгүүрээс ховрын бараа авдаг гэх мэтээр амин хувийн бүхий л ажлаа ийм зарчмаар амжуулдаг байв. Эдүгээ ч арын хаалга хэвээрээ. Улам боловсронгуй болсоор.

Главлит

Главлит гэдэг нь хэвлэл утга зохиолыг хянах газар юм. Хуучин нийгэмд главлит хамгийн чухал бөгөөд эрх дархтай байгууллага байв. Бүх сонин, сэтгүүлийг хянаж, засч, мэдээ, нийтлэлийг нь хасч танана. Шүлэг, зохиол, кино, жүжгийг мөн тэгж үзэл суртлын хатуу шалгуураар оруулна. Тэгвэл өнөөдөр главлит амь бөхтэй оршсоор. Главлитын үүргийг төрийн яам, агентлагууд болон төр захиргааны байгууллагуудын хэвлэл мэдээллийн албад, хэвлэлийн төлөөлөгч нар гарамгай гүйцэтгэж байна. Тэд сонин, хэвлэлүүдэд агуулгын хяналтыг дээд зэргээр тогтоож, өөрсдийг нь шүүмжлэх юм бол “гал унтраах”-ын тулд төрийн эрх мэдэл, мөнгө хоёроор далайлгана. Үүнээс болоод манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хараат бус, бие даасан байдлаа алдаж, соц үеийнх шиг төрийн мэдэлд, хяналт цензур дор үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс ардчиллын загвар Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй улс орны тоонд албан ёсоор ороод байгаа.

Нутгархах үзэл

Энэ бол социалист нийгмээс бидэнд өвлөгдсөн нэг туйлшрал. Тухайн үед нутгархах жалга довны үзэл хүчтэй байсан гэдэг. Тэр нь өнөөгийн чөлөөт нийгэмд улам хавтгайрч нутгийн зөвлөл гэдэг төрийн бус байгууллагууд олноор ажиллаж, жалга довны үзлийг тултал нь дэвэргэх болсон.

Намч, ангич үзэл

Нутгархах үзэл хувь хүний шинжтэй бол намч, ангич үзлийг бол соц нийгмийн үед бие хүний нэг гол шинж гэж үзэж, заавал тийм үзэлтэй байхыг шаарддаг байлаа. Намаа дээдэлж шүтнэ, ангийн дайснууд буюу баян чинээлэг иргэд, тайж язгууртан гарал үүсэлтэй хүмүүсийг үзэн ядна. Энэ бол намын гишүүний гол чанар. Харин ардчилсан нийгмийн үед намч үзэл нь өөрийн намыг өөтэй байсан ч дээдлэн шүтэж, бусад намыг дайсан мэт үзэх гэх маягаар уламжлагдан иржээ. Ангич үзэл нь баян хоосны ялгаа зааг нэмэгдэхийн хэрээр шинэ агуулгаар баяжин цэцэглэх болсон. Хотынхон өөрсдийгөө элитүүд гэж нэрлэн, хөдөөгийнхнийг люмпэнгүүд гэж басамжлах хандлага ч ангич үзлээс үлдсэн үү ургацаг. Зайсангийн элит хорооллын тэрбумтны хүү Дэнжийн мянгын гэр хорооллын наймаачны охинтой гэрлэх нь байж болохгүй зүйл мэт санагдах энүүхэнд. Муусайн баячууд гэж ядуус нь шүд зуун хялайх, арчаагүй ядуус гэж баячууд нь тэднийг дорд үзэх. Иймэрхүү хөрөнгөт нийгмийн ангич үзэл, амьдралын чанарын өдөр шөнө шиг ялгаа улам л нэмэгдэж байна.

Урлагийн үзлэг

Эрүүл мэндийн үзлэг, эмчийн үзлэг, ариун цэврийн үзлэг гэдэг шиг нэрнээсээ л хуучинсаг үзэл ханхлуулсан нэг ийм арга хэмжээ энэ цаг үед ач холбогдлоо алдахгүй байсаар байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудын жил бүр урлагийн үзлэг гэж дор хаяж нэг сарын турш хичээл сургуулиа умартан давтана. Урлагийн үзлэг гээчийнх нь хэлбэр, агуулга соц нийгмийнхээс ялгарах юмгүй. Залуусыг хамтач, нийтэч өөрөөр  хэлбэл коллективтэй болгоход тустай болохоос биш урлагийн одод төрүүлэх нь юу л бол. Гэтэл урлагийн үзлэгийг цэрэг, цагдаагийнхнаас эхлээд төрийн байгууллагууд ч хийсээр байгаа ажээ. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа, иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх ёстой төсөвт байгууллагынхан хамаг ажлаа хаячихаад урлагийн үзлэгт бэлддэг. Юутай их зав цаг, юутай их хөрөнгө мөнгө.    

“Дүүриймаадах” арга

“Шинэ халадаа өмсөөрөэй ширээний бүтээлгээ солиорой” хэмээн төвийн төлөөлөгчийн бараанаар шуугилдаж байдаг сум, нэгдлийнхний хэв шинжит дүр соц нийгмийн сүүл үеийн “Ховор хүмүүс” кинонд бий. Уг кинонд Дүүриймаа гэж сайхан хүүхнээ торгон дээл өмсгөөд хадаг, сүү бариулан яралзтал инээмсэглүүлэн алхуулж төлөөлөгчийг барьц алдуулдаг даа. Соц нийгмийн үед ийм л байж. Төвөөс яваа дарга, төлөөлөгчдийг ийнхүү “дүүриймаадаж”, архи дарсаар нохой гурав харагдтал дайлснаар тухайн байгууллагын ажлын үзүүлэлт онц гарч, социалист уралдаанд дээгүүр давхина. Өнөөдөр ч гэсэн  яам, тамгын газраас яваа дарга нарыг, шалгалтаар ирсэн мэргэжлийн хяналтын байцаагчид, газрын албаныхныг “дүүриймаадаж” угтаад, үдийн хоол, оройн зоогт урьж, дараа нь микрофон гурав харагдтал караокедуулдаг жишиг тогтжээ. Энэ бол соц нийгмийн үлдэгдэл мөнөөс мөн.

Лекц, сонсгол

Өнөөгийн төрийн байгууллагуудын нэг хуучинсаг ажил. Ажилчдаа долоо хоногт эсвэл сард нэг удаа лекц, сонсголд хамруулж суугаагаар нь унтуулдаг ийм арга хэмжээг социализмын үед ажлын гол үзүүлэлт болгон дүгнэдэг байсан юм. Гэтэл өнөөгийн албан байгууллагууд яг тэр үеийн загвараар лекц, сонсгол хийдэг, түүнд суугаагүй бол цалинг нь хасахаас эхлээд янз бүрийн шийтгэл ногдуулдаг явдал цөөнгүй байдаг. Мэдээллийн технологи өндөр хөгжиж, цахим орчноос хүн ямар л бол ямар мэдээллийг авдаг, тэндээс өөрийн боловсрол мэдлэгээ өргөжүүлэх бүрэн боломжтой болсон өнөө үед олныг хамарсан, хоморголон албадсан лекц, сонсгол бол залхаан цээрлүүлэлтээс өөр юу ч биш.

Архины хэрэглээ

Оросуудтай нөхөрлөж, найрамдаж явсан 70 гаруй жилд монголчууд бидний сурсан эрдмийн нэг бол архины хэрэглээ. Хатуу хар архи, цэнхэр спиртийг оросуудыг дууриан стакандаж сурсан нь соц нийгмийн үеийн дурсамж яах аргагүй мөн. Өнөөдөр монголчууд бидний архины хэрэглээ ямар байгааг бүгд мэднэ.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. зарим нэг зүйл нь зайлшгүй байх ёстой /жишээ нь главлит,урлагийн үзлэг,лекц сонсгол/ ямар нэгэн зүйлийн талаар нэгдсэн ойлголтгүйгээс болж хүн болгон өөрийнхөөрөө тайлбарлан /хууль болон бусад асуудлыг/ үүнийгээ эрх чөлөө ардчилал гэж донгосох болсон шүү дээ

    1 0 Хариу бичих
  2. Sots niigemd sain muu avah geeh ali ali n baisan. Sain zuilsee geej baigaagaa dursaagui baij, muu zuiliig n ontsloh yum daa

    2 0 Хариу бичих
  3. haha neeren sots niigmiin uldegdluud bn aa bn. Onii etses bolchood tailan tootsoo geed ajil ih bhad zahirgaa sanhuugiin heden darga nar urlagiin uzleg gj yum sanaachlchaad ajliin tsagaar zaaland beltgel hii geed novshirjiinoooooooo teed undsen ajlaa oroi shoin suuj hiihiin daa

    0 0 Хариу бичих
  4. Одоонгийн энэ нийгэмд ч гэсэн нөгөө муулаад үзэж чадхаа байсан социалист нийгмийн бүх л үзэгдлүүд зүсээ хувиргаад байж байна. Ихэдсэнүү гэхээс багадаагүй харинч түүндээ сэтгэл хангалуун байгаа юм биш үү.

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ