“The Great pageant community” мэдээллийн хуудсанд “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцож буй А.Баярцэцэгийг онцолж, түүнийг энэ удаагийн тэмцээнд амжилт үзүүлэх өндөр магадлалтай тухай бичсэнийг орчуулан хүргэж байна.
"Цэнхэр титмийг хэн гэртээ авч харих нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Энэ үед зарим охид яалт ч үгүй бусдаасаа ялгарч байгаагийн нэг нь Монголын мисс Бела нэрээрээ танигдсан А.Баярцэцэг юм. Монгол Улс олон жилийн турш Дэлхий миссийн тэмцээнд оролцож байгаа ч энэ удаагийн оролцогч А.Баярцэцэг хамгийн хүчирхэг, ур чадвартай, чадварлаг нь хэмээн тодорхойлогдож байна.
Түүний өмнө энэ тодорхойлолтод 2010 оны оролцогч А.Сарнай нэрлэгдэж байсан билээ. Харин А.Баярцэцэгийн хувьд зөвхөн загвар өмсөгч бус жүжигчний уран чадвартайгаа олонд таниулсан бөгөөд алдарт “Марко Поло” кинонд дүр бүтээсэн авьяаслаг бүсгүй юм. Түүнчлэн Дэлхийн миссийн тэмцээнд оролцож байгаа нь ч түүний гоо бүсгүйн анхны тэмцээн биш ажээ. А.Баярцэцэг 2014, 2015 онд “Miss Earth” тэмцээнд оролцож топ-10 бүсгүйн нэгээр шалгарч байсан төдийгүй Фото миссийн төрөлд тэргүүн байр эзэлж, Коктэйл хувцаслалтын төрөлд гуравдугаар байр, “Eco Beauty” төрөлд шилдэг дөрөвт шалгарч байжээ.
Баярцэцэгийг яагаад онцлох болсон бэ?
А.Баярцэцэг фэйсбүүк хуудаснаа “Бид бүхэн хоорондоо холбоотой гэдэгт би итгэдэг. Би өөдрөг, сайхан энергийн биелэлд, залбирахад хүчид итгэдэг. Миний бодлоор амьдралын хамгийн агуу зүйл бол үүрд үргэлжлэх үнэн зүйлийг бусдад түгээх. Дэлхийн миссийн тэмцээнд оролцож буй миний зорилго бол зөвхөн өөрийнхөө бус, эрхийнхээ төлөө тэмцэж, дуу хоолойгоо бусдад хүргэж чадахгүй байгаа эгэл жирийн гоо бүсгүйчүүдийн төлөөлөл, дуу хоолой болох юм. Тэдний эрх, боловсрол, боломж эрх тэгш байх учиртай” гэж бичжээ.
Ийм гайхалтай, чадвартай бүсгүй энэ жилийн "Miss World 2016" тэмцээнд аваргын титмийг зүүхэд гайхах зүйл үгүй. Түүний албан ёсны фэйсбүүк хуудсыг дагаж, илүү их мэдээлэл авч, сонирхолтой аялалтай нь танилцахыг хүсвэл энд дараарай" хэмээн бичжээ.