“Болор цом” наадам Дорнод аймагт болно

Оны шилдэг шүлэг шалгаруулах "Болорцом" наадам ирэх жилийн нэгдүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотод зохион байгуулагдахаар болжээ. Ийнхүү “Болор цом” наадам 2005 онд анх хөдөө орон нутагт зохион байгуулагдах болсноос хойш зургаа дахь аймагтаа хөшгөө нээх гэж буй нь энэ юм.

Тодруулбал, Эрдэнэт, Дархан хотууд болон Архангай, Өвөрхангай, Төв аймгуудад “Болор цом” наадам тайзаа засч байсан билээ. Харин энэ жилийн “Болор цом” наадмыг Завхан аймагт болно гэсэн яриа утга зохиолын хүрээнд гарсан ч ийнхүү Дорнод аймагт зохион байгуулагдах нь тодорхой болжээ. Энэ талаар МЗЭ-ийн гүйцэтгэх захирал М.Саруулдалай албан ёсоор мэдээлсэн байна.

Ирэх 2017 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн мэндэлсний 70 насны ой тохиож буй. Тиймээс “Болор цом” наадмыг "Эрээн цавын эвдрээгүй найрагч" хэмээн олноо хүндлэгдсэн аглагхан талын их найрагчдаа зориулж, түүний нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)