“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах энэ сарын 22-ны өдөр “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүнд ая дуугаа өргөх үеэрээ бусдад зодуулж, хүнд гэмтсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Нийслэлээс зохион байгуулсан гэх эл арга хэмжээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “One event hall”-д болсон бөгөөд энэ үеэр түүнийг ОХУ-ын дипломат консулын төлөөлөгч Олег Кашин зодсон гэх мэдээлэл бий.

Тэгвэл энэ асуудлаар С.Амармандахын ар гэрийнхэн яг одоо “Монгол Ньюс” мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.

Хэвлэлийн хуралд “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахын аав Төрийн соёрхолт, бүжиг дэглээч МУГЖ С.Сүхбаатар, өмгөөлөгч Г.Батбаяр, Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн захирал, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэнтэй  болон "Хар сарнай" хамтлагийн гишүүн Маадай нар ирлээ.

-Б.Лхагвасүрэн:  Уран бүтээлээ хүргэхдээ хас тэмдэгтэй урлагийн хувцсаа өмссөн байсан-

Хэвлэлийн хурлын эхэнд Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн захирал, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн “С.Амармандах хохирчихоод байхад түүний нэр хүндийг улам гутаан доромжлох зүйл яваад байгаа учраас бид энэ хурлыг хийж байна. Энэ сарын 22-ны өдрийн үдэш "Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах маш ноцтойгоор хүнд зодуулсан хэрэг гарсан. Энэ өдөр Нийслэлийн тодорхой удирдлагуудын санаачилсан "Аз жаргалтай Улаанбаатар" арга хэмжээ болсон Хан-Уул дүүргийн "ONE EVENT" концерт зааланд болсон.

Уран бүтээлээ хүргэхдээ хас тэмдэгтэй урлагийн хувцсаа өмссөн байсан.

Энэ үйл ажиллагаанд С.Амармандах маань дуучин, бүжигчдийнхээ хамт очиж уран бүтээлээ толилуулсан. Тэрээр зохион байгуулагчдын хүссэнээр “Би монгол хүн”, “Аз жаргал хүсье”, “Үзэсгэлэнт бүсгүй” гэх гурван дуу дуулсан. Уран бүтээлээ хүргэхдээ хас тэмдэгтэй урлагийн хувцсаа өмссөн байсан. Тоглолтын дараа арга хэмжээнд оролцож буй хүмүүст хүндэтгэл үзүүлсэн байдаг. Тэгэхдээ хас тэмдэгтэй дээлээ тайлж костьюм өмссөн.

Үүний дараагаар гэртээ харихаар гарах үед уг хэрэг болсон байгаа юм. Уг хэргийг харсан үзсэн олон хүн байгаа. Мөн бидэнд энэ камерын бичлэг байна.

С.Амармандахыг цахилгаан шат руу явах үед цагаан цамцтай нөхөр металь зүйл бариад араас нь цохиж унаган нүүр рүү нь маш хэрцгийгээр балбаж байгаа. Зодооныг баарны бармен ирж салгаснаар зодооныг зогсоосон. Амараа маань эхний цохилтод ухаан нь балартаж, газар унасан.

С.Амармандах н.Буянжаргал гэдэг дуучинтай “Би монгол хүн” гэдэг дуугаа дуулахдаа уухайлж “Монгол улс мандтугай” гэж орилсон байгаа юм.

С.Амармандах н.Буянжаргал гэдэг дуучинтай “Би монгол хүн” гэдэг дуугаа дуулахдаа уухайлж “Монгол Улс мандтугай” гэж орилсон байгаа юм. Тэр үед үзэгчдийн дунд цагаан цамцтай хүн “фашист фашист” гэж орилж байсан.

Өнөөдөр Амараагийн биеийн байдал маш хүнд байна. Ухаан орсон хэдий ч цочролд орсон хэвээр байгаа. Энэ хэргийг шалгаж байгаа. Монголчууд маань зөв зүйтэй хандаач гэж хүсмээр байна. Хэргийг холбогдох хүмүүс шалгаж байгаа болохоор  хүлээцтэй хандахыг хүсч байна" гэв.

Мөн энэ үеэр С.Амармандахын зодуулсан бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлсэн юм.

-С.Сүхбаатар: Би өөрийнхөө хүүхдийн царай зүсийг таниагүй-

Харин түүний аав С.Сүхбаатар "Надад маш хүнд байна. Та нар намайг таньж байна уу. Намайг Сэвжидийн Сүхбаатар гэдэг. Би энэ арваад хоногийн хугацаанд өөрийнхөө хүү, Монгол Улсын иргэн Амармандахыг таниагүй. Энэ бичлэгийг та нар үзвэл тэр хүнийг танихгүй. Тэр зодож байгаа, танхайрч байгаа тэр сахалтай хүнийг харлаа. Би энэ 10 хоногийн хугацаанд өөрийнхөө хүүхдийн царай зүсийг таниагүй. Одооноос харин эмч нарын гавьяагаар одоо хүүтэйгээ танилцаж байгаа.

Балбаж нүдэж хүүг минь зодсон. Надад хэлэхэд хэцүү байна. Аливаа улс орнуудыг эвтэй байлгахын тулд дипломат ёс гэж байдаг. Гэтэл тэр хүн Монгол, Оросын дипломат харилцааг эвдэж, ийм зүйл хийлээ.

Тэр танхай этгээд өөрийнхөө хувийн үзлээр хүүг минь хохироосон.

Мөн хас тэмдгийг маш буруугаар ойлгуулж байна. Өнөөдөр би Монголын хээ угалз гэсэн ном авчирлаа. Энэ газар шороог халуун амиараа хамгаалсан хүмүүс Монгол Улсыг хасбуу тамгаараа тамгалж байсан. Энэ гайхамшигт түмэн наст хээг монголчууд дээдлэн мөнхөлсөн. Зөвхөн нэг номон дээр л энэ тухай байгаа.

Өнөөдөр Монголын үнэмлэх дээрээ Монгол Улсын иргэн гэж бичүүлсэн. Энэ хүн өнөөдөр хохирогч. Дипломат ёсыг би мэднэ. Тэр танхай этгээд өөрийнхөө хувийн үзлээр хүүг минь хохироосон. Хүү маань оёдлоо авхуулж байгаа. Харин цаанаа тархиндаа нөж хурчихсан. Гэтэл монголчууд энэ тархиараа бид дэлхийд гайхуулж байгаа.

Гэтэл нэгэн Монгол Улсын иргэн ингээд хохирчихлоо. Надад хэлэх үг олдохгүй байна. Хосгүй авьяастныг Монголын газар шороон дээр гишгэх газаргүй болгочих вий л гэж хэлмээр байна" гэв.

Бид дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.