“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах энэ сарын 22-ны өдөр “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүнд оролцон мэндчилгээ дэвшүүлснийхээ дараагаар ОХУ-ын дипломат консулын төлөөлөгч Олег Кашинд зодуулж, хүнд гэмтсэн гэх мэдээлэл энэ долоо хоногийн дуулианы нэг байлаа. Хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдэгдээгүй эл явдал цахим орчинд аль хэдийнэ маргааны сэдэв болжээ. Дэлхийн хоёрдугаар дайнд олон сая хүнээ алдсан Хойд хөршийн иргэний өөдөөс тийм үйлдэл гаргасан нь С.Амармандахын буруу гэх хүмүүс цөөнгүй байхад, “үндсэрхэг” үзэлт дуучныг өмөөрөх эрхмүүд ч байна.
“Хөх Монгол бүлгэм” ТББ-ын тэргүүн Д.Гансүрэн ийм нэгэн зургаа олон нийтийн сүлжээнд тавьж “Би хас шүтдэг.Тэгээд?” гэсэн тайлбартай зураг оруулжээ.

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч Д.Энхболд: Дипломат ёс зүй гэж баймаар юмаа даа. Суугаа орныхоо иргэнийг барьж аваад зодчихдог дипломатыг анх удаагаа л харлаа. Ер нь Оросууд Монголчуудыг өөр болсон гээд их дургүй болсон. Шерметьев дээр Айрофлотын ТУ-гаар биш МИАТ-ын бойнгоор ирдэг, тэгээд Оросоор ярихгүй Англиар ярьдаг энэ тэр гээд лав л Шерметьевийнхэн их дургүй бололтой юм билээ.

Модернист яруу найрагч Б.Галсансүх, “Хас нь Хүннү гүрнээс улбаалан авч ирсэн эртний Монголын бэлгэдэл билээ. Манай эрдэмтэн судлаачид хас тэмдгийн талаар цөөнгүй бүтээл туурвиж хас тэмдгийн нэр, дүрслэл бэлгэдэл зүйн талаар бичихдээ хас нь эрч хүч, эд баялаг, мөнх хөх тэнгэрийн оньс, бат бэхийн бэлгэдэл, орчлон ертөнцийн үүслийн бэлгэдэл, арван цагаан буян, сүр жавхлан, аз хийморийн бэлгэдэл, мөнх орших, цэвэр ариун, урт удаан наслахын бэлгэдэл, гал ус шороо огторгуй таван мах бодийн үндэс гэж бэлгэдэн ирсэн. Хас бэлгэдлийг өөрийн шүтээн, дарцаг, тамган дээрээ Монголчууд 20 зууны 30-аад он (3-р рэйх Германд хүчирхэгжих хүртэл) хүртэл хэрэглэж ирсэн баримтууд гэвэл МАН-ы аймгуудын намын хороодын тамгууд, хамгийн сүүлд маршал Чойбалсаны МАХН-ын НБД Лувсаншаравт явуулсан бичгийн тамганд хас хадгалагдсан байдаг. Хэдэн үеийн хэрэглээ нь шууд зогссон шалтгаан нь өнөөх л Германд буй болсон 3-р рейх!”

Өмгөөлөгч Г.Батбаяр, “Уг хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 181.2.1-т зааснаар танхайн гэмт хэрэг гэсэн зүйл ангиар эхлэн шалгаж байгаа. Харин мөрдөн байцаалтын явцад нэмж ямар зүйл анги нэмэгдэх нь тодорхой болно. Тэр хүний дипломат бүрэн эрхтэй байх нь хамаагүй. Учир нь аль ч улсын бүрэн эрх бүхий төлөөлөгч болон элчин сайд нар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдсэн бол манай улсын хуулиар шийтгэл хүлээнэ гэсэн хуулийн заалт байдаг”
