Дээд шүүх Н.Энхбаярын нэр дэвших эрхийг сэргээгээгүй

УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшигчдээс Орхон аймагт нэр дэвшсэн О.Баасанхүү ялалт байгуулснаар тус нам ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй болсон юм. Энэ нь олон нийтийн дунд МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой боллоо гэх ойлголтыг бий болгосон. Энэхүү ойлголтыг саяхан гарсан Дээд шүүхийн шийдвэр улам лавшруулах шиг боллоо. Учир нь, сүүлийн өдрүүдэд “МАХН-ын дарга Н.Энхбаярын сонгогдох эрхийг Дээд шүүх сэргээлээ”, “Дээд шүүхээс ийм шийдвэр гарч, Ерөнхийлөгчийн сонгууль халуухан болох нь дээ” гэх тайлбар цахим орчинд хөвөрлөө. Үнэн хэрэгтээ Дээд шүүх зөвхөн “Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төв өөрт байхгүй эрхийг ашиглаж “Ялтай байх хугацаа дуусаагүй байна” гэсэн тодорхойлолт гаргах ёсгүй. Хууль бусаар гаргасан уг тогтоолыг нь үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй нь хууль зөрчсөн үйлдэл” гэж үзсэн юм.

Дээд шүүх нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах процесс нь хууль бус гэж үзсэн болохоос биш “Ялтай байдлын хугацаа нь дууссан байтал нэр дэвшүүлээгүй байна” гэж дүгнээгүй.

Өөрөөр хэлбэл, Дээд шүүх нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах процесс нь хууль бус гэж үзсэн болохоос биш “Ялтай байдлын хугацаа нь дууссан байтал нэр дэвшүүлээгүй байна” гэж дүгнээгүй. Үүнээс гадна нэр бүхий хуульчид болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр “Н.Энхбаярын ялтай байдал 2017 оны наймдугаар сард дуусна” гэж тайлбарладаг. Тиймээс “Дээд шүүхийн шийдвэрээр МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо” гэдэг ойлголт нь бодит үнэнээс хол зөрүүтэй юм. Харин шинээр байгуулагдсан УИХ Эрүү, Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг хойшлуулахгүйгээр өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлсэн бол түүний нэр дэвших эрх сэргэх байв. Учир нь, дээрх хуулиуд хэрэгжиж эхэлсэн тохиолдолд ялтай байдал гэдэг ойлголт байхгүй болох байсан юм. Тийм ч учраас МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд Эрүү, өрчлийн хуулийн хэрэгжилтийг хойшлуулаа гэх хардлага үүссэн. Эдгээр хуулийн хэрэгжилтийг хойшлуулах үед МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяангийн илэрхийлсэн байр суурийг хүргэе.

-Зарим хүн "МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүйн тулд Эрүү, Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг хойшлуулах шийдвэр гаргалаа" гэж тайлбарлаж байна. Танай нам үүнийг юу гэж харж байгаа вэ?

-Шинэ Эрүүгийн хууль хэрэгжээд эхлэх юм бол Монголд ялтай байдал гэдэг ойлголт байхгүй болно. Ганц Н.Энхбаяр гэлтгүй олон хүний эрүүгийн нөхцөл байдал сайжирна. Бид "Н.Энхбаяр гэдэг хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй учраас энэ хуулийн хэрэгжилтийг хойшлуулъя" гэж хоорондоо ярилцсан гэдэг мэдээлэл авсан. Хамгийн анх хэрэгжүүлэх хугацааг нь хойшлуулах тухай яриа гарах үед "Яагаад ингэхээр болов" гээд сураглахад тодорхой хүрээний хүмүүс "Танай намын даргад зориулж ингэж шийдэж байгаа юм. Ингэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж үзэж байгаа юм билээ" гэсэн. Уг  нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Өршөөлийн хууль, уучлал хоёрт хамрагдсан хүнд ялтай хугацааг тооцдоггүй юм. Үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэрнээ "Ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй" гэсэн худлаа тайлбар хийгээд байгаа юм. Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн бол ингэж тайлбарлах аргагүй болох байсан учраас их сандрах шиг боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ