Арваннэгдүгээр сарын 27-ны зөөлөн бороотой өглөө Монголынхоо талын салхийг үнэрлэн сэрэв. Өвлийн эхэн сарын хуучдаар бороо шиврээд л. Далайн зөөлөн чийглэг уур амьсгал дунд талын салхиа амьсгалах хэчнээн таатай. Тал талаас монголчууд цугларан үндэсний дуу хуур, язгуур урлаг, ном, бүтээлээ дэлгэх нь нэн бахтай. Монгол Улсыг Японд сурталчлах “Талын салхи Монгол баяр 2016” өдөрлөг Осака хотын төв Үцүбо цэцэрлэгт хүрээлэнд эхэлж байгаа нь энэ. Өдөрлөгийг Осака хотын захиргаа, Ниши дүүрэг, Осака хотын олон улсын шинжлэх ухааны хүрээлэн, Тоёока хотын угсаатны зүйн музейн зэрэг байгууллагууд дэмжиж зохион байгуулсан юм. Өмнө нь Японд Монголоо сурталчлах ийм өдөрлөг гурав, дөрвөн удаа зохион байгуулж байсан ажээ. Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам уг өдөрлөгт нэгэнтээ уригдан ирж бүрэн хэмжээний тоглолтоо толилуулсныг эндэхийн монголчууд байтугай япончууд хүртэл дурсан ярих аж. Энэ жилийн хувьд Улс тунхагласны баярыг тохиолдуулан эх орноо сурталчлах зорилгын дор Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд “Талын салхи Монгол баяр-2016”-г зохион байгуулжээ. Осака дахь Ерөнхий консулын газраас зохион байгуулсан уг өдөрлөгт Кансай бүсэд сурч амьдарч буй монголчууд оролцсон гэсэн статистик гарсан байв. Өдөрлөгт Японы хоёр мянга гаруй хүн ирж, Монголын нүүдэлчний ахуй, аж амьдрал, соёл, зан заншилтай танилцжээ. Монголыг сонирхох, монгол ёс заншил, түүх соёлыг судлах япончуудын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа гэдгийг сонсоод баярлах сэтгэл төрснөө нууц юун.
Өдөрлөгийг нээж Ерөнхий консул Д.Дэлгэрцогт, Япон Гадаад хэргийн яамны Осака дахь салбарын дарга И.Асано, Осака хотын Эдийн засаг, гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга А.Вада, Ниши дүүргийн дарга К.Такано нар мэндчилгээ дэвшүүлэв. Үүний дараа Кансай бүс нутагт уран бүтээлээ туурвиж буй Монголын язгуур урлагийн “Торгоны зам” хамтлаг өөрсдийн уран бүтээлээ танилцуулж бүрэн хэмжээний тоглолт толилуулсан нь хуран цугласан олныг монгол урлагаар амьсгалуулав. Монгол багачуудын “Янзага” хамтлаг, Осака дахь ахлах сургуулиудын сурагчдаас бүрдсэн “Нишисэнба” бүжгийн хамтлагийн арслангийн бүжиг ч үзэгчдийг байлдан дагуулсан. Мөн самурайн сэлэмний тулаан сонирхолтой үзүүлбэр байлаа. Энэ үеэр Япон дахь монголч эрдэмтдийн цуглуулсан Монголын тухай ховор номын үзэсгэлэн худалдаа гарсан нь нэгэн өвөрмөц үйл ажиллагаа байлаа. Ном эрдмийг дээдэлдэг сайхан заншил монгол, япон ард түмэнд ижил гэдгийг эндээс харж болохоор байв. Монголоо сурталчлах зорилготой энэ өдөрлөгийн турш монгол гэр барих танилцуулга хийж, жижиг гэр барихад үзэгчид өөрсдөө оролцох боломж олгосон нь олон хүнд таалагдсан. Бас сонирхолтой байсан буй за. Түүнчлэн шагай тоглох, монгол дээл хувцас өмсөж зураг авахуулах, жижиг гэрт Монголын тухай нэвтрүүлэг үзэж, уйгаржин бичгээр бичиж сурах, монгол үндэсний наадгай тоглоомтой танилцах, хоол хүнсний бүтээгдэхүүн амтлах зэрэг шинэлэг содон үйлчилгээг япончууд таатай хүлээн авч сонирхож байсан юм.
Үцүбо талбай дахь гэрүүдэд монгол ахуйг танилцуулах булан ажиллуулж, их гэрт Ерөнхий консул хүрэлцэн ирсэн хүндэт зочид болон монгол иргэдээ хүлээн авч уулзсан нь сайхан санагдсан. Кансай бүсийн их, дээд сургуулиудад докторын зэрэг хамгаалж буй оюутнууд Монгол орны түүх, соёлыг сурталчилсан самбар, “Монгол мэдлэг” буланг байршуулж Монголын зан заншил, уламжлалт соёл, хөгжлийн талаар илтгэл тавьсан юм. Мөн монгол дээл, япон кимоно өмсөн зураг авахуулах үйлчилгээ очер дугаар ихтэй байсныг хэлэх хэрэгтэй. Дизайнер Р.Ариундарийн “Нисдэг хонь” брэндийн эсгийн хувцасны загварын шоуг тун олон хүн сонирхон үзсэн. Японд Монголын авьяаслаг дизайнер, загвар зохион бүтээгчид амжилттай бүтээлээ туурвиж, өөрийн зах зээлтэй болж байгааг эндээс харж болохоор байв. “Mongoru sei” ХХК “Монголын салхи-2016” өдөрлөгт зориулан “Explore, Dream, Discover Mongolia” фото зургийн сэтгүүлийг хэвлүүлжээ.
Манай Төв аймагтай найрамдалт харилцаатай Изүмисано хот, Хиого мужийн Тоёока хотын Монголын үндэсний угсаатны зүйн музей ч мөн өөрсдийн буланг ажиллуулж Монгол Улстай хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцуулсан. Японы өмгөөлөгч Х.Ока монгол иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгсөн нь хүндээ хүрсэн нэг ажил байв. Ийнхүү нэг өдрийн турш Осакагийн тэнгэр дор Монголын талын салхи сэвэлзэх шиг сайхан сэтгэгдэл хүн бүрт төрсөн буй за. Цаашид энэхүү “Талын салхи Монгол баяр” өдөрлөгийг жил бүр тогтмол өргөн дэлгэр зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа зохион байгуулагчид дуулгасан юм.
Гадаа 9 хэм дулаан. Өдөржин зөөлөн шиврээ бороотой. Энэ нь өдөрлөгийн үйл ажиллагаанд бага зэрэг хүндрэл учруулсан ч монгол хүний амны бэлгээр хувьтай хүн хур борооноор хэмээн өгүүлэх хүн олон байв.