Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёл, хяналтын хэлтсээс нийслэлд эмнэлгийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд энэ сарын 17-ны өдөр шалгалт хийжээ. Энэ үеэр шарх угааж, гадуур хэрэглэх зориулалттай уусмалыг өвчтний судсаар хийж байсан ноцтой зөрчлийг илрүүлсэн байна.
Шарх угаах, гадуур хэрэглэх зориулалтай уусмалыг хордлого тайлах, шингэн сэлбэх зориулалттай уусмалтай хольж, найруулан өвчтнүүдийн судсаар тарьж байжээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн гуравдугаар хороо, “Грейс” төвийн хоёр давхарт эмнэлгийн үйл ажиллагаа явуулж буй эмнэлэгийн эмч нар шарх угаах, гадуур хэрэглэх зориулалтай 3 хувийн 1 мл уусмалыг /перкис/ хордлого тайлах, шингэн сэлбэх зориулалттай 0.9 хувийн 250 мл натрийн хлоридын уусмалтай хольж, найруулан өвчтнүүдийн биед венийн судсаар хийж байжээ.
Энэхүү перкис нь эмийн санд бэлтгэн найруулдаг, батлагдсан стандаргүй уусмал бөгөөд ус төрөгчийн хэт исэл ихтэй аж. Тиймээс хүний бие, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүлээ.
Түүнчлэн тус газарт бага эмч мэргэжилтэй П.Ц эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулах, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, бариа засал, соронзон резонанс аппаратын оношилгоо хийж байсныг илрүүлжээ.
Шалгалтын хүрээнд дээрх эмнэлгийг улсын ахлах байцаагчийн актаар үйлчилгээг нь зогсоож, зөрчил гаргасан бага эмч П.Ц-д “Эрүүл мэндийн тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу захиргааны арга хэмжээ авсан байна.