Далай ламын айлчлалаас үүдэн Хятад улс манай улстай хийх хэд, хэдэн албаны уулзалтаа цуцлаад буй. Тэр ч бүү хэл хоёр орны төрийн харилцаанд сэв суулгасан тул даруй харилцаагаа эргэн хэвийн байдалд оруулахыг шаардсан мэдэгдлийг Хятадын Гадаад хэргийн сайд Гэн Шуан өчигдөр хийсэн.

Тэгвэл өнөөдөр энэ асуудлаар Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Монголын талын байр, суурийг илэрхийлсэн юм. Тэрээр "Далай ламын сая Монгол улсад хийсэн айлчлал улс төрийн агуулгагүй, зөвхөн Монголын сүсэгтэн олонд ном айлдсан гэдгийг бид тайлбарлаж, хойшилсон, цуцлагдсан айлчлал удахгүй зохих хугацааны дараа үргэлжилнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн. Мөн Далай багшийг урьж авчрахад ямар нэгэн төр, засгийн байгууллага албан тушаалтан оролцоогүй. Энэ бол Монголын бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц тэргүүтэй шашны байгууллагаас зохион байгуулсан айлчлал. Монгол Улсад төр, шашин тусдаа учраас энэ айлчлалыг зохион байгуулахад төр оролцоогүй" гэдгээ мэдэглээ.

Мөн Далай ламын айлчлалаас үүдэн Монгол улс Хятад улсаас зээл авах асуудлаар яриа хэлэлцээ, хойшилжээ. Уг нь арваннэгдүгээр сарын 28,29-нд үргэлжлэх ёстой байсан аж.

Түүнчлэн арванхоёрдугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын БНХАУ дахь айлчлал, арваннэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсын Их хурал, БНХАУ-ын парламнетын зөвлөлдөх уулзалтад Монголын тал оролцох боломжгүй болсон юм. Үүний зэрэгцээ арваннэгдүгээр сарын 28-29-ны өдөр Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэнтэй уулзаж, хөнгөлөлттэй зээл, Тавантолгойн төмөр зам, зэс хайлуулах үйлдвэр, нүүрснээс хий гаргах төслийн талаар ярилцахаар төлөвлөөд байжээ.

Гэвч энэ бүх уулзалтыг цуцалснаа Хятадын тал мэдэгдээд буй. Харин арванхоёрдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Москва хотноо Ази, номхон далайн улс орнуудын Зам тээврийн сайд нарын уулзалтыг цуцалсан эсэхээ мэдэгдээгүй байна.