-"Орж ирсэн" 20 автомашин тутмын 2 нь эвдрэлтэй байдаг-
Манай улсад хүн амын тооноос давах шахсан тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог гэх. Тэр ч бүү хэл гаднын баячуудын хөлөглөж амжаагүй ганган тэргийг бэлтэй эрхмүүд хоёр, гурваар нь эгнүүлсэн байх нь ч бий.
Харин хаа сайгүй давхилдах тэрхүү автомашинууд хэр найдвартай байдаг бол. Жолоочийн болон зорчигчийн амь насыг эрсдэлд оруулалгүй, хүссэн газар нь эзнээ аюул, саадгүй хүргэж чаддаг болов уу. Энэ асуултын хүрээнд бид дараахь сурвалжлагыг бэлтгэлээ.
Өнгөрсөн наймдугаар сарын 19-ний өдөр Шаргаморьт чиглэлийн замд хоёр автомашин мөргөлдөж, жолооч нар нь газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хачирхалтай нь тухайн үед хурд хэтрүүлэн явж байгаад осол гаргасан гэх “Subaru” маркийн автомашин ослын улмаас гурван хэсэг болон хуваагдсан нь олныг сэртхийлгэсэн билээ. /Өмнөх мэдээллийг энд дарж үзнэ үү/
Албаныхны хэлж буйгаар осолдсон автомашины их бие хэдэн хэсэг салж байсан тохиолдол үүнээс өмнө гарч байгаагүй гэнэ. Тиймээс дээрх ослын талаар олон таамаг хөвөрч байсны нэг нь хуваагдсан автомашиныг гагнаж, нийлүүлсэн байж болзошгүй гэх мэдээлэл. Энэ талаар тухайн үед Замын цагдаагийн албаны эх сурвалжаас тодруулахад “Машин яагаад салсан бэ гэдэг нь анхаарал татаж байгаа. Техникийн дүгнэлт гарахаар бүх зүйл тодорхой болно” хэмээж байв.

Харин энэ удаад бид нэхэн тодруулахад “Осол хурд хэтрүүлсний улмаас гарсан тул энэ дагуу хэргийг шалгасан байна. Ингээд хариуцагчид амиа алдсан гэх үндэслэлээр хэргийг хаасан. Тиймээс техникийн үзлэг хийж, дүгнэлт гаргаагүй байна” гэх мэдээллийг өглөө.
Энэ хэрэг ингээд хаагджээ. Тухайн салсан автомашиныг талийгаач худалдаж аваад нэг сар ч хүрээгүй байсан гэдгийг эх сурвалж хэлж байв. Чухам хаанаас, хэнээс худалдаж авсныг энд нууцлахыг хүслээ.
Тиймээс бид одоогоос гурван сарын өмнө нийгмийн сүлжээнд цацагдсан няцарч, эд анги нь эвдэрсэн автомашин орж ирдэг гэх мэдээллийг нягталлаа. Учир нь, бидэнд эдгээр няцарч, эвдэрсэн автомашиныг ченжүүд засварлаж өнгөлөөд “шинэ машин” хэмээн зардаг гэдгийг хэд хэдэн эх сурвалж хэлсэн юм. Энэ тухай Автотээврийн үндэсний төвд бүртгэгдсэн байдаг гэх.

/2016.08.03-ны өдөр гааль дээр буусан няцарсан машинууд/
-Няцарсан машиныг зарах бус зөвхөн сэлбэгэнд ашиглах зориулалтаар оруулж ирдэг-
Тиймээс манай сурвалжлах групп энэ талаар тодруулахаар Авто тээврийн үндэсний төвийг зорилоо.
Авто тээврийн үндэсний төвийн Техникийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэмөнх “Гаалиар эвдрэлтэй машиныг зөвхөн сэлбэгийн зориулалтаар оруулж ирдэг. Манай байгууллагын хувьд тээврийн хэрэгслийг аукцион, импортлогч улсын техникийн паспорт, гаалийн албан татвар төлсөн бичгийг үндэслэж үзлэгт оруулдаг. Үзлэгт ороод стандартын шаардлага хангасны дараа тухайн тээврийн хэрэгсэлд гэрчилгээ, дугаар авна. Үзлэгт ороод тэнцээгүй байвал бид дугаар, гэрчилгээ олгодоггүй. Эвдрэлтэй автомашин бүртгүүлэхээр орж ирвэл гэмтлийг нь тодорхойлоод засуулаад ир гэх шаардлага тавьдаг. 1990-2000-аад оны үед л тасалсан автомашин оруулж ирдэг байсан. Харин сүүлийн үед импортоор орж ирж буй тээврийн хэрэгсэл харьцангуй он залуу болсон. Учир нь насжилт өндөртэй тээврийн хэрэгсэлд гааль дээр татвар илүү өндөр ногдуулдаг” гэх мэдээлэл өгсөн юм.
Мөн тус газрын албаны эх сурвалж “Няцарч, эвдэрсэн автомашиныг гагнадаг үе өнгөрсөн. Тийм боломж байхгүй. Ихэвчлэн шинэ тээврийн хэрэгсэл орж ирдэг болсон. Харин зарим ченж хуучин, эвдэрхий машиныг татвар бага төлөх зорилгоор оруулж ирдэг байж магадгүй. Эвдэрхий тээврийн хэрэгслийг бол сэлбэгийн зориулалтаар л оруулж ирдэг” хэмээн үгүйсгэж байв.
20 машин тутмын 2 нь эвдэрхий орж ирдэг. Ер нь бол эвдэрч, няцарсан машин гаднаас их орж ирнэ.
Үүний дараа бид бодит байдлыг сурвалжлахаар Импортын автомашины бүртгэл, хяналтыг хийдэг “Автима” буюу Гаалийн хяналтын бүст очсон юм. Биднийг очиход өдрийн 13.00 цагт өнгөрч байсан бөгөөд гаалийн хяналтын бүсэд хилээр оруулж буй бараа, бүтээгдэхүүнээ шалгуулж, татвараа төлөх гэсэн иргэдийн хөл хөдөлгөөн нэлээд байв.
Гааль дээр ажилладаг нэгэн эх сурвалж “20 машин тутмын 2 нь эвдэрхий орж ирдэг. Ер нь бол эвдэрч, няцарсан машин гаднаас их орж ирнэ. Заримдаа ч гайгүй машинууд бууж байгаа харагддаг” гэсэн юм. Харин өөр нэгэн иргэн “Эвдэрсэн автомашинуудыг ачигч машинаар зөөвөрлөдөг. Зарим үед ченжүүд өөрсдийнхөө машинаар чирээд явж буй харагддаг” гэлээ.

Энд өдөрт дунджаар дөрвөн чингэлэгээр нийт 20 орчим автомашин буудаг гэнэ. Нэг чингэлэгт дөрвөн автомашин багтдаг аж. Ченжүүд ирсэн автомашинаа хүлээж аваад гаалийн чингэлэгт буулгаж, дараа нь бүртгэл, хяналтаа хийлгэдэг байна.
Эвдэрсэн автомашинуудыг ачигч машинаар зөөвөрлөдөг. Зарим үед ченжүүд өөрсдийнхөө машинаар чирээд явдаг.
Энэ талаар Гаалийн Ерөнхий газрын албаны эх сурвалжаас тодруулах гэхэд хэвлэлийн төлөөлөгч нь “Гаалийн байгууллагад шинэчлэл хийгдэж байгаа тул хэвлэл мэдээлэлд ямар нэгэн яриа өгөх боломжгүй байна. Одоогоор манай ажил хариуцаж буй дарга нар бүгд түр орлон гүйцэтгэгчид байгаа” хэмээв.
-Эвдрэлтэй тээврийн хэрэгслийг татварыг нь төлөөд зарж болдог гэв үү-

Тиймээс бид Гаалийн хяналтын бүсийн бүртгэл, мэдүүлэг хүлээн авах хэсгийн ажилтнаас гаалиар оруулж ирсэн автомашиныг хэрхэн бүртгэдэг талаар иргэний хувиар мэдээлэл авсан юм.
Ингээд Гаалийн бүртгэлийн ажилтан бидний хооронд ийм яриа өрнөлөө. Түүнээс шинээр автомашин оруулж ирэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх эсэхийг лавлахад үйлдвэрээс дагалдаж ирэх 4-5 бичиг баримтыг авч ирэхийг зөвлөж байв. Харин эвдрэлтэй машин оруулж ирээд худалдаалж болдог талаар асуухад “Ямар ч бичиг баримт өөрчлөх шаардлагагүйгээр татвараа төлөөд зарж болдог” гэсэн юм.
-Эвдрэлтэй машин оруулж ирээд засварлаад зарахад бичиг баримтаа өөрчлөх шаардлагатай юу. Авто тээврийн үндэсний төвөөс эвдрэлтэй автомашиныг сэлбэгийн зориулалтаар л оруулж ирж болно гэж хэллээ?
Г.А: -/Гаалийн ажилтан/ Чи бага зэргийн эвдрэлтэй машин оруулж ирж байгаа юм уу. Чи тэр машиныг яах юм. Хилээр оруулж ирээд засчихаад зарах юм уу.
-Тийм ээ.
Г.А: -Тэгвэл адилхан шүү дээ. Энд бүрдүүлэлтээ хийгээд татвараа төлчихөөд л аваад гарна. Харин засчихаад эргээд хилээр гаргах гэж байгаа бол горимоо өөрчлүүлнэ.
-Хилээр эргэж гаргахгүй. Засчихаад зарах гэж байгаа тохиолдолд энд татвараа төлчихвөл асуудалгүй юм уу?
Г.А: - Тийм ээ. Засчихаад зарах гэж байгаа бол горим өөрчлөх шаардлага байхгүй.
-Татвар нь зориулалтаасаа шалтгаалаад өөр өөр байх уу?
Г.А: - Үгүй ээ. Ерөөсөө тийм юм байхгүй. Хэдэн онд үйлдвэрлэгдсэн зэргээс шалтгаална. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгдсэн огноо, хөдөлгүүрийн багтаамж зэргээс шалтгаалаад татварын хувьд өөр өөр тооцогдоно. “Приус-20” шиг “hybrid” бол онцгой албан татвар төлөхгүй. Гаалийн албан татвар, НӨАТ-аа төлнө. Харин бензин хөдөлгүүртэй машин бол онцгой албан татвар дээр нь нэмж төлнө. Онцгой албан татвар үйлдвэрлэсэн он, хөдөлгүүрээс шалтгаалаад өөр өөр байна” гэлээ.
АТҮТ-ийнхөн няцарсан машиныг зөвхөн сэлбэгийн зориулалтаар оруулж ирдэг гэх мэдээллийг өгсөн бол гаалийн ажилтан эвдэрсэн машиныг засаад зарж болдог гэх.
Тэрээр засвараар оруулж ирнэ гэдэг нь “Хилээр эвдэрсэн машин оруулж ирээд түүнийгээ Монголд засварлаад эргүүлэн хилээр гаргахыг хэлнэ” гэсэн юм.
Уг нь Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтэн бидэнд гаалиар эвдэрч, няцарсан машиныг зөвхөн сэлбэгийн зориулалтаар оруулж ирдэг гэх мэдээллийг өгсөн. Харин гаалийн ажилтан эвдэрсэн машиныг засаад зарж болдог гэдгийг хэллээ. Түүний хэлснээс үзвэл эвдэрсэн машин оруулж ирэхэд ямар нэгэн хяналт, үзлэг хийдэггүй бололтой. Шууд татвараа төлөөд л засвар руу аваад явах боломжтой аж.
-Хуучин, эвдрэлтэй тээврийн хэрэгсэл эрсдэл ихтэй-

Харин автомашины худалдаа эрхлэгчид эвдэрхий автомашин гааль дээр олонтаа бууж байсныг харсан тухайгаа ийн ярьсан юм.
Автомашины худалдаа эрхлэгч иргэн Г “Би автомашины худалдаа эрхэлдэг. Автомашинаа хүлээж авахаар гааль дээр очих үед няцарсан, ямбий автомашинууд бууж харагддаг. Үүнийгээ ченжүүд засварлаад зардаг. Бодвол вьетнам засварт өгдөг байх. Манайхан тэрийг нь мэдэхгүй “орж ирсэн” машин гээд л авдаг. Нөгөөх нь тэгээд л нэг их удахгүй эвдэрнэ шүү дээ” гэв.
Ченжүүдээс гадна манай улсад автомашин үйлдвэрлэгч компаниудтай албан ёсны гэрээтэй ажиллаж, худалдан борлуулдаг аж ахуй нэгж компаниуд олон бий. Тэдний төлөөллөөс энэ талаар тодруулахад “Зөвхөн цоо шинэ автомашинууд оруулж ирдэг. Хуучин байтугай няцарсан машинуудыг Монголд оруулж ирдэггүй. Хуучин машин оруулж ирнэ гэдэг нь их хүнд асуудал. Хэдийгээр кузов засварын газрууд машины их биед гарсан эвдрэлийг засч өнгөлж байгаа боловч машины дотор эд анги, араамд орсон гажиг, эвдрэлийг маш сайн засна гэдэг хэцүү. Энэ бол маш аюултай. Хор хөнөөл, эрсдэл өндөртэй” гэсэн юм.
Гэрээт компаниудын хувьд зам тээврийн аюулгүй байдлыг сайжруулж, иргэдийн эрхийг хамгаалах зорилгоор хуучин машинуудын импортыг багасгах талаар Засгийн газарт лоббиддог байна.
Өөрөөр хэлбэл, зарим ченжүүдийн сэлбэгэнд ашиглах машиныг оруулж ирж, засч янзлаад “шинэ” болгон зардаг асуудлыг гэрээт компаниуд ч мэддэг ажээ. Тиймээс эл асуудалд Гааль, Авто тээврийн хяналтын байгууллагууд анхаарлаа хандуулж, хяналт шалгалтаа сайжруулах нь зүй ёсны хэрэг биз ээ.


