Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийг энэ сарын 16-ны орой АТГ-аас саатуулан, цагдан хорьсон. Тэгвэл түүнийг ямар ч үндэслэлгүй цагдан хорилоо хэмээн ар гэрийнхэн нь шүүхэд гомдол гаргажээ.
Эл гомдлыг өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. Ингээд шүүхээс Н.Наранцэцэгт авсан цагдан хорих, таслах сэргийлэх арга хэмжээ нь үндэслэлтэй байна гэж үзсэн юм. Тиймээс түүнийг энэ сарын 31-нийг хүртэл цагдан хорих шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үргэлжлэх юм байна.
-Шүүх ямар ч үндэслэлгүйгээр Н.Наранцэцэгийг цагдан хорьсон гэв-
Энэ талаар Н.Наранцэцэгийн өмгөөлөгч н.Чулуунцэцэг “АТГ, прокуророос Н.Наранцэцэгийг гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж магадгүй, хүнд гэмт хэрэгт сэжиглэгдсэн гэх үндэслэлүүд гаргаж ирсэн байдаг. Гэтэл манай үйлчлүүлэгчийн шалгагдаж байгаа гэмт хэрэг нь төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ хэтрүүлэх гэсэн хэрэг. Манай үйлчлүүлэгч төрийн албанд нэг ч удаа ажиллаж үзээгүй хүн. Тиймээс түүнд ямар ч эрх мэдэл байхгүй. Энэ нь илт үндэслэлгүйгээр сэжигтнээр тооцсоныг шүүх харгалзан үзэх ёстой гэдэг гомдлыг гаргасан. Мөн үйлчлүүлэгч маань оргон зайлах ямар нэгэн үйлдэл хийгээгүй” хэмээн цагдан хорьсон шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Мөн шүүх хурлын өмнө Н.Алтанхуягийн эгч Н.Оюунцэцэг “Миний дүүг ямар ч үндэслэлгүйгээр цагдан хорилоо. Цагдан хорих, таслах сэргийлэх арга хэмжээгээ цуцлах байх гэж шүүхэд найдаж байна” хэмээж байсан юм.
Н.Алтанхуягийн дүү Н.Наранцэцэгийн дансанд их хэмжээний мөнгө орсон нь түүнийг шалгах үндэслэл болсон
Эх сурвалжийн мэдээлснээр Н.Алтанхуягийн дүү Н.Наранцэцэгийн дансанд их хэмжээний мөнгө орсон нь түүнийг шалгах үндэслэл болсон гэх. Харин ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь АТГ-ын баривчилгааг үндэслэлгүй буюу улс төрийн зорилготой хэмээж буй.
Тэгвэл Н.Алтанхуягийн дүү ямар хэрэгт холбогдсон бэ.
Н.Наранцэцэгийг Эрүүгийн хуулийн 150.3 дугаар зүйл, 263.2 дугаар зүйл ангид заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцон, цагдан хорьсон байна.
-Н.Алтанхуягийн дүү гэм буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хорих ял эдэлнэ-
150 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх
150.3. Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх заалттай зүйл анги юм.
Харин Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл нь төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг юм.
263.2. Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх хуулийн заалттай.
Өөрөөр хэлбэл, энэ хэргийг давтан үйлдсэн буюу урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэлтэй зүйл ангиар шалгаж байгаа юм байна.
Энэ талаар түүний өмгөөлөгч н.Чулуунчимэг “Манай үйлчлүүлэгч холбогдсон хэргээ ойлгоогүй сууж байгаа. Наранцэцэг ямар албан тушаалд байж байгаад ямар хэрэг үйлдсэн нь тодорхойгүй байна. Мөн ямар эд хөрөнгийг хэн түүнд хариуцуулаад хэрхэн үрэгдүүлсэн юм. Энэ бүхэн тодорхойгүй, үндэслэлгүй байна. Шүүхээс бусдын батлан даалтад өгөх, эд хөрөнгийг нь барьцаалан шалгах зэрэг боломжийг ашиглалгүй шууд түүнийг цагдан хорьсон ” гэх тайлбарыг өглөө.
Н.Наранцэцэгийг сэжигтнээр тооцсон өдрөө АТГ, прокуророос таслан сэргийлэх арга хэмжээ авах саналаа шүүхэд хүргүүлж, тэр өдрөө цагдан хорьжээ.
Н.Наранцэцэгийг сэжигтнээр тооцсон өдрөө АТГ, прокуророос таслан сэргийлэх арга хэмжээ авах саналаа шүүхэд хүргүүлж, тэр өдрөө цагдан хорьжээ.
Тэрээр өдгөө ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй. Түүнээс гадна Н.Алтанхуягийг төрсөн эгчийнх нь охиныг ч цагдан хорьж, эхнэр Э.Сэлэнгийг нь хилээр гарах эрхийг хаагаад байгаа билээ.
Ийнхүү Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг тойрсон баривчилгаа арваннэгдүгээр сар гарснаас хойш эрчимжсэн юм.
-Би нам дамнасан бүлэглэлтэй үхэн үхтлээ тэмцэнэ-
Харин энэ тухай Н.Алтанхуяг “Гэр бүлийн маань олон хүнийг ар араас нь баривчилсаны дараа өнгөрсөн долоо хоногт үлдсэн дүү нартайгаа уулзах гээд очсон. Би тэднийхээ өмнө хэрэг хийсэн юм шиг гэмэрхэн орсон юм. Тэгтэл гэрийнхэн маань “Ах аа, биднийг баривчлах яах вэ, энэ байтугайг бид даваад гарна. Харин та л хэрхэвч бууж өгч болохгүй шүү гэсэн юм. Тиймээс би нам дамнасан бүлэглэлтэй үхэн үхтлээ тэмцэнэ” гэжээ.