Дээрхийн Гэгээнтний авшгийг 12 мянган сүсэгтэн хүртлээ

Eagle.mn


Буддын шашинтны тэргүүн Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багш манай улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Буянт-Ухаа спорт цогцолбор сүсэгтэн олонтойгоо уулзаж  ном хурлаа. Түүний олон түмэнд адис жаналав, номын авшиг  хүртээх  энэхүү ёслолд Монголын өнцөг булан бүрээс түүнд бараалхахаар ирсэн лам хуврага, иргэд гээд 12 мянга гаруй хүн хурлаа.  Хуран цугласан олон багшдаа барьдаг хэмээн бэлэгшээдэг шар өнгийн хадгийг хүзүүндээ тохсон байлаа.

Сүсэгтэн олонд зориулан хурсан түүний номын авшиг хүртээх ёслол зургаан цаг үргэлжилсэн бөгөөд язгуурын гурван бурхны нэгтгэсэн Богд ламын Жанан хурж, хурсан номын утгыг айлдах гэсэн хоёр  хэсгээс бүрдсэн юм.

Түүний ном айлтгалд суух гэсэн хөгшид буурайгаас эхлээд нялх хүүхдээ дагуулсан сүсэгтэн олон эх орны өнцөг булан бүрээс болон хилийн чанадаас ч ирсэн байв. Ном айлтгал өглөөний 09:00 цагаас эхэлсэн хэдий ч Далай ламаас номын авшиг хүртэх гэсэн иргэд “Буянт-Ухаа” спорт цогцолборын гадна өглөөний 05:00 цагаас эхлэн дугаарлан хүлээжээ. Айлтгалын хугацаанд иргэд нэмэгдэн ирсээр байв. Хурал эхлээд цаг хэртэй хугацаа өнгөрөхөд танхим сүсэгтэн олноор дүүрсэн бөгөөд цогцолборын гадна дотогш нэвтэрч чадахгүй 500 гаруй иргэд цагдаа нарын хамгаалалтыг эсэргүүцэн зогсож харагдав. Тэнд ихэвчлэн ач зээгээ дагуулсан өндөр настнууд байсан бөгөөд “Бидний нас өндөр гарсан, их багшдаа бараалхах боломж ахиж заяахгүй шүү дээ” хэмээцгээж байв. Зарим нэг нь дотогш орох гэж хашаа давж байгаад цагдаад баригдаж харагдав.

Айлтгалын эхэнд Дээрхийн Гэгээн XIV Далай лам “Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүний шашны хүмүүс, Монголын бурхны шашинт төв Гандантэгчилэн хийд Хамба лам тэргүүтэй сүсэгтэй олныхоо хүсэл зорилгоор ирж та бүхэнтэйгээ мэндчилж байна хэмээгээд” хүмүүний бие, хэл, сэтгэл гурвыг ариусгах авшиг хүртээж, тэдгээрийг тусад нь салгадаг түйтгэрийг арилгах язгуурын гурван бурхныг нэгтгэсэн Богдын Жанан хүртээж ном хурлаа.

Сүсэгтэн олонд айлдаж буй номын хурлын хоёрдугаар хэсэгт уншсан номын мөрийн гурван эрхэм номын утгыг айлдаж Яндагийн Цеван хүртээсэн юм.

Энэ үеэр уг айлдварт ирсэн албаны эх сурвалж болон зарим сүсэгтнээс тодруулга авлаа.

Монголын Бурхны шашинт төв Гандантэгчилэн хийдийн ХМОНХА-ны дарга Ж.Одгариг: Далай багшийн айлчлал болгон онцлогтой. Энэ удаагийн айлчлалын тэргүүн зорилго бол сүсэгтэн олонд ховор номын авшиг хүртээх байсан. Үүний дагуу өнөөдрийн үйл ажиллагаа явагдаж байна. Дараагийн зорилго бол шинжлэх ухаан эрдэмтэд шашны лам хуврагуудын дунд зохиогдох “Оюун ухаан ба амьдрал” олон улсын эрдэм шинжилгээний хурал юм. Дэлхий дахинаа 32 удаа зохиогдсон энэ хурал манай оронд анх удаагаа зохион байгуулагдаж буй гэдгээрээ онцлог. Мөн оюутан залуус зориулсан “Ёс суртахуун ба 21-р зууны буддизм” сэдэвт номын айлдвар болно. 

Сүсэгтэн Н.Энхболд: Би Хэнтий аймгаас ирсэн. Далай ламыг ирснийг телевизээс хараад адис хүртэхээр өнөө өглөө Нийслэлд ирээд номын хуралд суун буян хийж явна. Багшийн гэгээн дүрийг анх удаа харж байна. Их хувь заяа гэж бодож байна.

Сүсэгтэн: Би насаараа хийдэд шавилан суусан хүн. Далай багшдаа бараалхахаар Увс аймгаас зорин ирсэн. Өчигдөр лам хуврагуудтай хийсэн уулзалтад нь суусан. Өнөөдөр номын айлтгалд нь хүрэлцэн ирлээ. Сэтгэл маш өндөр, сайхан байна.

Сүсэгтэн н.Пүрэвдорж: Би Дархан-уул аймгаас ирсэн. Өнөөдөр Далай багш нийт хурсан олонд зориулж ван, авшиг хүртээж байна. Хурсан олны буян дэлгэрэх болтугай.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Xoldyy zayatai xyyrnyyd ve. Bayjlaa yu. Eryyljlee yu. Oortoo itgelgyi,ys ni dotogshoo xarsan malnuud boljee

    0 1 Хариу бичих