Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Entreprenuer 2016” талаар болон ханшийн алдагдалтай холбогдуулан уриалга гаргаж буй талаараа мэдээлэл хийлээ. Хурлын үеэр валютын ханшийн өсөлттэй холбогдуулан арилжааны банкуудыг долларын зээлийн нөхцөлөө уян хатан болгохыг уриалав.

Энэ талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав “Валютын ханш өсч байна. Гэтэл ихэнх аж ахуйн нэгж арилжааны банкуудад ам.долларын зээл, зээлийн гэрээтэй байдаг. Тиймээс өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулж, гэрээ хэлцлээ уян зөөлөн болгохыг арилжааны банкуудад хандан уриалж байгаа. Гэхдээ бид энэ хурлаар гэрээ хэлцлийн чөлөөт байдалд хандах гэсэн оролдлого хийгээгүй гэдгийг тодотгомоор байна” гэлээ.

МҮХАҮТ валютын зээлтэй компаниудын зээлийг төгрөг рүү шилжүүлэх боломжтой гэж үзсэн үндэслэл нь “Иргэний хуулийн 218.1 дэх заалт аж. Тус заалтад “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан байдаг.

Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө.

Тиймээс МҮХАҮТ-аас Иргэний хуулийн эл заалтыг ойлгож хэрэглэхийг арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллагууд ба аж ахуйн нэгжүүдэд хандан уриалж буй аж.

Энэ талаар бизнесийн байгууллагуудыг төлөөлөн “Наран трейд” ХХК-ийн ТУЗ-ийн дарга С.Болдхэт хэлэхдээ “Арилжааны банкууд аж ахуйн нэгжид зээл олгохдоо доллараар ав гэдэг. Энэ нь аж ахуйн нэгжүүдийг ихээхэн хүнд байдалд оруулж байна. Баялаг бүтээдэг гол хэсэг нь зээл, татвараа төлөөд сөхөрч уналаа шүү дээ. Тиймээс зээл авсан тухайн үеийн ханшаар зээлээ эргэн төлүүлэх талаар УИХ-аас тусгай тогтоол гаргах хэрэгтэй гэж үзэж байна” гэв.

Мөн 20 дахь жилдээ уламжлалт болгон зохион байгуулагдах гэж буй “Entreprenuer 2016” арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Энэ жил шилдэг ААН-ийг шалгаруулахдаа "Гран при" нэг, 22 салбарын номинациар энтрепренерүүдийг тодруулж, шилдэг 10-ыг шалгаруулах юм байна.

Тус ёслолын ажиллагаа нь бизнес эрхлэгчдийнхээ тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтийн хүртээл болгон сурталчлах зорилготой ажээ.