Хэл сурах хамгийн амархан арга бол тухайн орчинд нь буюу улсад нь очиж сурах арга гэдгийг бүгд мэднэ. Гэтэл, дэлхийн хамгийн түгээмэл хэл болох англи хэлийг Англи, АНУ-д очиж суръя гэвэл визнээс өгсүүлээд багагүй бэрхшээл гардаг. Тэгвэл заавал дээрх хоёр улсад очихгүйгээр, хүн ам нь нийтээрээ англи хэлийг маш сайн эзэмшсэн улс руу очиж хэлээ сайжруулах боломж бас байдаг аж. Боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Education First” компани англи хэл суралцагчид, жуулчдад зориулж яг энэ зорилгоор ашиглаж болох жагсаалт гаргажээ. Тэд англи хэлээр хамгийн сайн болон хамгийн муу ярьдаг улсуудыг эрэмбэлсэн байна.
Сонирхолтой нь Англитай хил залгаа Франц дөнгөж 29 дүгээрт бичигдсэн бол жагсаалтын эхэнд голландчууд оржээ. Амьдралын тав тух, аюулгүй байдал гэх мэт ер нь л жагсаалт болгонд эерэг үзүүлэлтээр тэргүүлдэг Скандинавын хойгийнхон энэ жагсаалтад ч дээгүүр орж, Норвеги хоёрдугаарт, Финлянд гуравдугаарт эрэмбэлэгдсэн байна.
Азийн Малайз, Өмнөд Америкийн аргентинчууд ч англи хэлийг нийтээрээ эзэмшсэн байдлаараа шилдэг 20-д багтсан байна.
Харин англи хэлийг хамгийн муу эзэмшсэн 10 улсын тоонд манай улс орсон байна. Муу 10-ыг манайхтай хамт Эль-Сальвадор, Оман, Кувейт, Алжир, Саудын Араб, Камбож, Лаос, Ливи, Ирак бүрдүүлжээ.
Иргэд нь англи хэлийг хамгийн сайн эзэмшсэн 20 улс:
1. Голланд 2. Дани 3. Швед 4. Норвеги 5. Финлянд 6. Сингапур 7. Люксембург 8. Австри 9. Герман 10. Польш 11. Бельги 12. Малайз 13. Филиппин 14. Швейцарь 15. Португал 16. Чех 17. Серб 18. Унгар 19. Аргентина 20. Румыния
“Education First” мөн дэлхийн хаана ч 18-25 насныхан англи хэлийг илүүтэй эзэшмшсэн байдаг гэсэн байна. Мөн бүх л насны ангилалд эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүүтэй эзэмшсэн байдгийг тогтоожээ.